Барууны ертөнцөд хувцаслалтын тухай нэгэн бичигдээгүй дүрэм бий. Энэ бол нэг хувцсаа байнга өмсөхгүй байх. Нэг хувцсаа өдөр бүр өмслөө гээд буруу зүйл байхгүй ч гэм хийсэн юм шиг мэдрэмж зарим хүнд төрдөг байх. Өдөр бүр биш юм аа гэхэд хоёр, гурав хоноод нэг удаа хувцсаа өөрчлөх хэрэгтэй аж. Хөлсөө урсган өдөр бүр үйлдвэрт ажилладаг эсэх, цэвэрхэн албан тасалгаанд суудаг эсэх үүнтэй огт хамаагүй. Бүр танайд угаалгын машин байдаг эсэх ч үүнтэй хамааралгүй. Бид хувцасны шүүгээгээ ойр ойр шинэчилж байх хэрэгтэй гэнэ.
Гэвч бид шүүгээн дэх хувцасныхаа ердөө 20 хувийг л өмсдөг гэх харамсалтай тоо бий. Үүний зэрэгцээ хувцас үйлдвэрлэл нь дэлхийн дулааралд асар их нөлөөлж байна.
Тэгэхээр чанартай, час хийсэн хэдэн хувцас танд хэрэгтэй гэсэн үг. Тоонд бус чанарт анхаараарай. Марк Зукерберг, Стив Жобс зэрэг алдартан олон янзын хувцас өмсдөггүй гэдгийг дэлхий дахин мэднэ. Хувцасны шүүгээ шинэчлэх ногоон санаачлагуудыг сүүлийн үед мэргэжлийн хүмүүс түлхүү гаргах болсон. Юмханаар юм хийх, холио солио хийх, жижиг деталуудыг хувцаслалтдаа нэмэх зэрэг янз бүрийн арга бий.
Женнифер Логан нэртэй эмэгтэй хоёр хүүхдийн хамт Калифорнид амьдардаг. Тэр өдөр бүр юу өмсөх вэ гэж толгойгоо гашилгасаар, дүрэмт хувцас өмсдөг ажилд орох талаар хүртэл бодож үзжээ. Эцэст нь тэр өвдөг хүрсэн урттай, ханцуйгүй хар даашинз худалдаж авсан нь нүдээ олсон сонголт болсон байна. Гурван жил өнгөрсөн хойно ч тэр уг хар даашинзаа өмссөөр байжээ. Тэрбээр албан уулзалт, болзоо гээд бүх зүйлд хар даашинзаа янз бүрээр өөрчлөн өмсдөг бөгөөд ганц хувцас дээр тулгуурлан хувцасны шүүгээгээ шинээр бүтээсэн гэхэд болно.
Бидний өдөр тутамдаа өмсөж буй хувцас хэн болохыг маань илтгэдэг. 17, 18-р зууны үед хувцас нь гэр бүлийн хамгийн үнэтэй зүйлсийн нэг байв. Энэ нь тухайн үед даавуу үнэтэй байсантай холбоотой. Тэр бүү хэл хулгайн гэмт хэргийн дөрөвний нэг хувь нь нэхмэл эдлэл, хувцастай холбоотой байжээ. Аж үйлдвэрийн хувьсгал гарснаар хувцсыг үйлдвэрт үйлдвэрлэх болж, стандарт хэмжээтэй болсон. Ази, Америкийн хөвөнг үйлдвэрлэлд ашиглах болж, хямд ажиллах хүчин бүрдүүлснээр үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ ч буурсан байна.
Загварын ертөнцийн хамгийн том өөрчлөлт 1960-аад онд гарчээ. Эмэгтэй хүн зөвхөн банзал, даашинз өмсөнө, эрэгтэй хүн костюм, пальто л өмсөнө гэх хэвшмэл ойлголт эндээс эвдэгдэж эхэлсэн. Залуус ч загварын чөлөөт чиг хандлагад дурлах болжээ. Үүнийг дагаад хурдан загвар буюу хямд үнэтэй, загварлаг хувцаснууд гарч эхэлсэн гэхэд болно.
Тогтвортой байдлыг хадгалахын тулд жилд таван шинэ хувцас худалдаж авахад л хангалттай гэж "The Hot & Cool Institute" судалгааны төв тайлагнажээ. Үүн дээр үндэслэн тогтвортой байдлын стратегич Тиффани Дарк “Тавын дүрэм” кампанит ажлыг эхлүүлсэн байна. Хүн бүр энэ дүрмийг хэрэгжүүлээд эхэлбэл тун хөгжилтэй аж. Тиффани Дарк шинэ он эхлэх бүрт тухайн жил худалдаж авах таван хувцсаа бодож, тооцоолдог гэнэ.
“Net-a-Porter”, “Ralph Lauren”, “Mulberry” зэрэг томоохон компани сүүлийн үед хувцас засвар, дахин боловсруулалтын үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Мөн загварын мөчлөгийг удаашруулах хандлага ажиглагдаж эхлэв. Тодруулбал, тансаг брэндүүд ямар нэг трэнд хөөгөөгүй энгийн загварын тухай илүү ярьдаг болжээ. Дээрхийг дүгнээд хэлбэл, аж үйлдвэржилтийн өмнөх үе шиг чанартай, Женнифер Логаных шиг минималист шүүгээ бидэнд хэрэгтэй байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ