АНУ дахь Хятадын элчин сайдын яам эзгүй удлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

АНУ дахь Хятадын элчин сайдын яам эзгүй удлаа

АНУ дахь Хятадын элчин сайдын яам эзгүй удлаа

Хятад улс нь Вашингтонд элчин сайдгүй гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол 1979 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хамгийн урт хугацаанд Бээжингийн засгийн газар АНУ-д элчин сайдгүй байгаа үе. Мөн энэ нь хоёр улсын харилцааны таагүй байдлыг илэрхийлж, АНУ-тай хэрхэн харилцах талаар Хятадын эрх баригчид нухацтай эргэн харж буйн дохио гэж үзэж байна. 

Хамгийн сүүлд 1995 оны зургадугаар сард Бээжин нь АНУ-аас элчин сайд Ли Даоюйг хоёр сарын турш эгүүлэн татаж байв.

Тухайн үед Тайванийн ерөнхийлөгч Ли Тэн Хуйг сонгуулийн өмнө АНУ-д айлчлахыг Вашингтон зөвшөөрснөөс Хятад улс эсэргүүцлээ дээрх байдлаар илэрхийлсэн. 

АНУ-д суух элчин сайдаар Хятадын гадаад харилцааны дэд сайд Ши Фэнийг болно гэж таамаглаж байгаа ч түүний томилгоог Бээжин хараахан зарлаагүй. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Бээжин хотноо АНУ-ын удирдах албан тушаалтнуудыг хүлээн авч уулзсанаас нь түүнийг дараагийн элчин сайд гэж таамаглажээ. АНУ-ын асуудлыг хариуцсан дэд сайд Ши Фэн нь туршлагатай, нэр хүндтэй дипломатч.

Энэ хооронд АНУ дахь Хятадын элчин сайдын яамыг хэргийг түр хамаарагч Сюй Шюэюань удирдаж байна.

АНУ-д сүүлийн үед ажиглагдсан  батламжийг баталгаажуулах маргаантай үйл явцаас ялгаатай нь Бээжинд дотоод шалгалтын бэрхшээл тулгардаггүй. "Бээжинд Сенат, Конгрессын сонсгол гэх мэт зүйл байдаггүй. Тэд шууд шийдвэр гаргадаг" гэж Бакнелл их сургуулийн профессор Жицүн Жу тайлбарлажээ. Харин АНУ-д элчин сайд нарыг батлахыг хэдэн сар хүлээдэг.

АНУ-д суух  элчин сайд Цин Ган өнгөрсөн арванхоёрдугаар сард тушаал дэвшиж, Хятадын гадаад хэргийн сайд болсон. Гэвч түүнийг Вашингтонд байх хугацаанд Цагаан ордныхны гаргасан хандлагад хятадууд итгэж чадахгүй байгаа. Хэргийг тодруулбал, АНУ-ын мужуудын удирдлагуудтай хийх уулзалтын өмнө Цин Ганыг Цагаан ордны албаныхан саатуулж, тууз хайчлуулж цаг алдуулсан аж. Энэ нь хоёр талын харилцааны таагүй байдлын тусгал гэж харагджээ. Үүний хариуд АНУ-аас Бээжинд суух элчин сайд Николас Бюрнсыг Хятадын албаныхантай уулзахад нь саад учруулсан гэж өнгөрсөн аравдугаар сард тэрбээр ярьсан байна. 

Харин "Шинэ элчин сайд Ши Фэний тухайд Вашингтонд ажиллах нь минажуулсан талбайд орохтой ижил байх болно. Мөн Хятадын удирдлага одоо АНУ-ын талаар баримтлах бодлогыг боловсруулж байгаа" гэж Азийн нийгмийн бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Рорри Даниэлс ярьжээ.

Шинэ элчин сайдын томилгоо  гурван сар хойшилсон нь тодорхойгүй байдал, тактик, стратегийн шинэчилсэн үнэлгээний илрэл гэж тэрбээр тайлбарлаж байна.

Мөн АНУ, Хятадын хооронд Тайванийн асуудлаас гадна эдийн засаг, батлан хамгаалах, технологи, сансар судлал зэрэг олон салбарт өрсөлдөөнөөс үүдэлтэй зөрчил хурцадмал байгаагийн илрэл юм. Гэхдээ өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын дарга Ши Жиньпин "Их-20" бүлгийн чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа зөрчлийг зөөлрүүлэхээр ярилцсан. Үүний араас хоёр талын сайд нарын түвшинд дараалсан уулзалтууд болсон бөгөөд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн хоёрдугаар сард Бээжинд айлчлахаар төлөвлөж байв. Гэвч түүний айлчлал Хятадын "тагнуулын" бөмбөлгүүд АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн хэргээс болж цуцлагдсан.

Нөгөө талаар элчин сайдын томилгоо нь цаг хугацааны тохироо нь бүрдээгүйтэй холбоотой байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Сүүлийн хэдэн сарын турш Хятадын Коммунист нам болон засгийн газрын албаныхан тушаал дэвшиж, шинэ засаг захиргаа бүрдсэн. Ши Жиньпиний шинэ баг дөнгөж ажлаа хүлээн аваад байгаатай холбоотой. Түүнчлэн Хятадын гадаад хэргийн яам өнгөрсөн сард Ши Жиньпиний Москвад хийсэн төрийн айлчлалыг зохион байгуулах гээд завгүй байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж