Наймаачид үнээ суга өсгөжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Наймаачид үнээ суга өсгөжээ

Тав хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Зуны гурван сарын турш хөл хөдөлгөөн багатай байсан хот энэ л өдөр  “амь” ордог гэж болно. Амралтынхаа хугацаанд уулзаагүй хүүхдүүд нэгнийхээ сонинг сонсох гэж, ангийнхандаа сонингоо дуулгах гэж , багшдаа цэцэг барин гүйлдэх хүүхдүүдээр хот минь дүүрэх.

Эл хуль байсан сургууль хүүхдүүдийн дуугаар цуурайтаж, будаж шунхадсан байшин амь орно. Зунжин хүүхдүүдтэйгээ уулзаагүй багш нар ч хүүхдүүд рүүгээ яарч сургуулиа зорино. Энэ утгаараа 9 дүгээр сарын нэгэн гэдэг ээж, аав, хүүхэд багачууд, багш нар, ерөөс хүн бүхний баяр.

Есдүгээр сарын нэгэн хүн бүхний баяр хэдий ч биднээс илүү баярлах хүмүүс бас бий. Тэд  бол наймаачид. Наймаачид энэ өдрийн сайхныг бараг сар гарангийн өмнөөс мэдэрдэг гэхэд болно. Хөдөөнөөс хотод орж ирээд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэх хүмүүсээр дүүрдэг болохоор тэр. Наймдугаар сарын эхнээс есөн сарын эхэн хүртэлх энэ өдрүүдийг наймаачид “сезон” гэж нэрлэдэг. Чухамдаа энэ хэсэг хугацаанд хичээлийн хэрэгсэлийнхээ үнийг хоёроос гурав нугалж  “цөм” хийдэг заншилтай.

Хотын хүн амын ихэнх хэсэг үйлчлүүлдэг “Нарантуул” худалдааны төв. 2010 оны Долдугаар сарын 22. Польш, Орос дэвтэр хуудаснаасаа шалтгаалан 400-1000 төгрөг, зургийн дэвтэр 200-650, өнгийн харандаа 1500-3000, фломастер 2000-3000 үзгэн бал 250-600, цүнх 7500-20000 төгрөгийн ханштай байв. Сарын дараа “Нарантуул”-аар ороход үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байлаа. Польш, Орос дэвтэр нь 450-1200, өнгийн харандаа 2000-3500, зургийн дэвтэр 300-800, цүнх 8000-25000 төгрөг болон нэмэгджээ. Үнэндээ хамгийн гайгүй нэмсэн нь “Нарантуул”. 

Хорооллоор байх дэлгүүрүүд бүгд барааныхаа үнийг нэмсэн байв. Сарын өмнө 15000 төгрөгөөр зарж байсан цамц өнөөдөр 20000 төгрөг болсон байх жишээтэй. Цүнх бол ярих юм биш. Зах дээр зарж байгаатай яг адилхан цүнх 70000-80000 мянгад хүрнэ. Сарын өмнө л тэнд 30000-40000 төгрөг байсан юм. Дэвтэр, харандаа, бал, үзэг, шугам захаас нэг их хол зөрөхгүй ч, хорооллын дэлгүүрүүдийн үнэ нь их талдаа. Хамгийн хачирхалтай нь тэд үнээ нэмсэн хэрнээ 20-30 хувийн хямдрал гээд тод бичээд хадчихсан байгаа.

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан зарлаж байгаа үзэсгэлэн худалдаан дээрх үнэ харьцангуй хямд байв. Дэвтэрнүүд нь 450-820, фломастер 990 төгрөг байсан бол цүнхнүүд 10000-70000 төгрөгийн хооронд хэлбэлзэх ажээ. Үнийн хувьд үзэсгэлэн худалдаа болгон адилгүй. Зарим нь тэнгэрт тулсан үнэтэй байхад, зарим нь боломжийн үнэтэй байх жишээтэй. Харьцангуй үнэтэй хороолол ч тэр, зах дээр ч тэр, үзэсгэлэн худалдаан дээр ч ялгаагүй хүмүүс “шаваастай” л байв. Зарим нэг хүмүүсээс “сезон”-ны тухай асуулаа.

Баянзүрх дүүргийн иргэн Д. Хишигжаргал “Юмны үнэ өмнөхөөсөө үл ялиг нэмэгдсэн байна. Би л гэхэд хоёр хүүхэдтэй. Нөхөр бид хоёр өөрсдийнхөө цалинг нийлүүлээд л яг хүргэдэг. Барааны үнийг жаахан бага байлгаж болдоггүй юм байх даа. Бид чинь төсвийн цалингаар л амьдарч байгаа шүү дээ”

Сүхбаатар дүүргийн иргэн н. Ганбат “Барааны үнэ зарим газраа гайгүй, зарим газраа үнэтэй байх юм. Гэхдээ үнэтэй газар, хямдхан газар гэлтгүй бүгд л тодорхой хэмжээгээр нэмсэн байна. Яах вэ, тэгээд болгодог байхдаа”

Чингэлтэй дүүргийн иргэн н. Дугарсүрэн “Манай энд л лав боломжийн байна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс үнэтэй байх болов уу гэж бодож байтал миний бодсоноос хамаагүй дээр байна. Юмны үнэ дагаад өсчихгүй бол цалингаа жаахан нэммээр л байна” гэх мэтчилэн хүмүүс янз бүрийн хариултыг өгч байсан юм. Санаа зовох зүйлгүйгээр хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэх. Үүний тулд боломжийн цалинтай болох л надтай уулзсан хүмүүсийн хүсэл нь.

Гадныхан бидэн шиг баярын өмнө хэд нугалж нэмээд байдаг нь үгүй. Америкд л гэхэд хичээл эхлэхээс долоо хоногын өмнө огцом хямдрал зарладаг бол Оросд нээлттэй худалдаа гэгчийг зохиодог уламжлалтай. Германд бол бүр нэгэн компаний нэрэмжит өдөрлөг болж 30 жилийн өмнөх үнэлгээгээр бүх бараагаа зардаг юм байна. Францад буяны байгууллага хандивын аян өрнүүлж бага насны хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэлийг бэлддэг байна. Гэхдээ энэ ажил зөвхөн Марсель хотод л өрнөдөг. Баруун европын ихэнх орнууд энэ мэтчилэн хямдралыг зарладаг. Манайхтай адил юмны үнэ нь өндөрсдөг орнууд бий. Энэ нь зүүн европын болоод азийн зарим орнууд. Тэнд яг манайх шиг “цөм ашиг олох” систем үйлчилдэг.

Есөн сарын нэгэн хэдийгээр гэгээлэг баяр боловч хэдэн хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг санаа зоволгүйгээр бэлдэх ээж, аав нарын хувьд тодорхой хэмжээний дарамт үүсгэсээр олон ч намрыг үдлээ. Энэ бүх стрессийг даван хүүхдээ хувцаслаж байгаа тэднээр бахархмаар. Гадныхан тэндээ “цөм хямдарч” байхад бид эндээ “цөм ашиг олж” байна.

Наймаачдад ашиг өгдөг намрын сезон мандтугай!

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж