Финландын НАТО-д элсэх хүсэлтийг Унгар болон Турк улсууд хүлээн зөвшөөрөхгүй олон сар хүлээлгэсний эцэст өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн. Тэгвэл өнөөдөр /2023.04.04/ Финланд улс албан ёсоор хамгийн том цэргийн эвслийн 31 дэх гишүүн болов. Финландын хүсэлтийг хамгийн сүүлд зөвшөөрсөн Турк улс өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд албан бичгээ гардуулж байна.
"Энэ бол түүхэн долоо хоног. Маргаашаас эхлээд Финланд НАТО-ийн гишүүн болж байна. Финландтай зэрэг хүсэлтээ өгсөн Швед улс ч бас удахгүй НАТО-д нэгдэнэ гэдэг найдаж байна" гэж эвслийн дарга Йенс Столтенберг өчигдөр /2023.04.03/ мэдээлжээ.
"Бид Финландын тугийг НАТО-ийн төв байрнаа анх удаа мандууллаа. Финландын, Нордикийн орнуудын, НАТО-ийн аюулгүй байдалд ач холбогдолтой сайхан өдөр болж байна" гэж Норвегийн ерөнхий сайд асан хэлэв.
Ёслолын ажиллагаанд Финландын ерөнхийлөгч Саули Нийнисто, Батлан хамгаалахын сайд Антти Кайкконен, Гадаад хэргийн сайд Пекка Хаависто нар оролцоно. "Энэ бол бидний хувьд түүхэн мөч. Финландын хамгийн гол зорилго бол Украинд үзүүлэх НАТО-ийн дэмжлэгийг онцлох явдал юм. Бид Евро-Атлантын бүс нутагт тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахыг эрмэлздэг" гэж Пекка Хаависто хэлэв.
НАТО ийнхүү Финландаар бүл нэмсэний хариуд Кремль хамгаалалтаа бэхжүүлэх арга хэмжээ авна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко хэлжээ. "Бид баруун болон баруун хойд нутагт цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Хэрвээ Финландын нутаг дэвсгэрт НАТО-ийн бусад орон цэргээ байршуулбал бид аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авна" гэв.
НАТО-ийн дээд хэмжээний уулзалт энэ оны долдугаар сарын 11, 12-нд Литва улсад болно. Уг уулзалтаас өмнө Швед улсыг НАТО-д элсүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ