Э.Амарбат: Цаг нь болохоор мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Э.Амарбат: Цаг нь болохоор мэдээлнэ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат өнгөрсөн гурвандугаар сард хүчингийн хэрэг үйлдсэн гэх мэдээлэл олныг гайхшруулсан. Тухайн үед эл мэдээллийг өмгөөлөгч С.Ганчимэг  өгч нэг хэсэгтээ хэвлэлийн “баатар”-аар тодорч байв. Тэрбээр  сэтгүүлчийн асуултад “ Э.Амарбат намайг хэд хэдэн удаа хүчирхийлсэн. Би  хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байгаа. Мөрдөн байцаагчид шаардлагатай бүх зүйлээ хэлсэн. Энэ хэргийн талаар манай ангийнхан үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Э.Амарбат болон түүний найз прокурор н.Эрдэнэбат нар үйлдсэн хэргээ нууж дарахын тулд мөрдөн байцаагч болон гэрчүүдэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Харсан хүмүүс үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Би хүн гүтгээгүй. Би сэтгэл санаа, биеэрээ маш их хохирсон. Нэр төрд халдаж гүтгэсэн гэх мэдээлэл худлаа. Би хохирогч байж яагаад эрүүгийн хэрэгт татагдах ёстой гэж. Тийм зүйл байхгүй гэж бодож байна. Би үнэн зүйл хэлсэн. Хэлсэн үгнийнхээ хариулагыг хаана ч хүлээнэ” гэсэн хариултыг өгч байжээ. Харин түүнийг Э.Амарбат  хүчирхийлсэн гэдгийг нь Прокурорын дэргэдэн мөрдөн байцаах алба шалгаж үзээд нотлож чадаагүй.  Дараа нь түүнийг худал мэдээлэл цацсан, нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд Э.Амарбат хандсан юм.Эл  нэр төр сэргээх шүүх хурал өмнө нь хоёр ч удаа тов нь гараад болоогүй, өнөөдөр ч  мөн хойшиллоо. Уг  шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцохоор ирсэн Э.Амарбатаас дараахи асуултад хариулт авлаа.

-Шүүх хурал хойшлох болсон шалтгаан?

-Хариуцагч С.Ганчимэг  ирээгүй  гэсэн шалтгаанаар шүүх хурал  хойшиллоо.

-Өмгөөлөгч С.Ганчимэг  шүүх хуралд хоёр удаа ирсэнгүй, мөн таныг хүчирхийлсэн гэх нотлох баримт дэлгэнэ гэсэн байгаа?

-Сүхбаатар дүүргийн шүүгч энэ талаар та бүхэнд хариулт өгөх байх. Нотлох баримтны тухайд би мэдэхгүй байна.

-Таны албан тушаалтай холбоотой дээрх гүтгэлэгт өртсөн гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тодруулаач?

– Цаг нь болохоор олон нийтэд мэдээлэл өгнө. Одоо энэ талаар мэдээлэх боломжгүй.

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд хүчирхийлэл явагдсан гэх мэдээллийг өмгөөлөгч С.Ганчимэг хэвлэл мэдээллээр цацсан шүү дээ, мөн тэр байрыг “Голомт” банкнаас таньд өгсөн гэх мэдээлэл ч бий?

– Худал мэдээлэл. Тийм зүйл огт байхгүй.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж