Пакистанд талибан хөдөлгөөний хамгийн нэр нөлөө бүхий удирдагчдын нэг Абдулла Гани Барадарыг баривчилсан нь Афганистаны Засгийн газрын талибуудтай хийж байсан нууц хэлэлцээрийг таслан Кабулын дургүйцлийг төрүүлсэн гэнэ. Афганистаны Ерөнхийлөгчийн нэрээ нууцалсан зөвлөх энэ тухай АР агентлагт ярьжээ. Америк, Пакистаны нууц албадын хамтарсан ажиллагааны явцад Барадарыг өнгөрсөн хоёрдугаар сард баривчилсан юм. Түүнийг талибан хөдөлгөөний хоёр дахь том тушаалтан гэдэг юм. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн явуулж байгаа талибын төвийг сахигчдыг татах гэсэн нууц хэлэлцээрийн хүрээнд Барадартай яриа хэлцэл хийж байжээ. Эх сурвалжийн ярьснаар Барадарыг баривчилсан, үүнд америкчууд оролцсон нь Карзайн дургүйцлийг хөдөлгөсөн байна. Карзай өмнө нь Барадарыг Лойя жирга гэх бүх Афганы ахмадуудын зөвлөлд урьсан байлаа. Уг зөвлөл ирэх сард цугларч Афганы сөргөлдөөнийг зогсоох талаар ярилцах ёстой. Карзай Исламабадад айлчлахдаа “манай холбоотнууд нэг хэлээр ярих нь ховор” гэж мэдэгдсэн нь олон улсын эвсэлд талибуудтай хийх хэлцлийн талаар сөрөлдөөнтэй байгааг хэлсэн хэрэг болов. Саяхан Афганистанд АНУ-ын Батлан хамгаалахын сайд айлчлахдаа талибууд цэргийн ялалт хийж чадахгүйгээ мэдэрсэн нөхцөлд л хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон талибаны лидерүүд хүчирхийллээс татгалзана гэдэгт эргэлзэж буйгаа өмнө нь бас хэлж байлаа.