Л.Мөнх-Эрдэнийг хараат бус шинжээчээр томилов

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Л.Мөнх-Эрдэнийг хараат бус шинжээчээр томилов

Л.Мөнх-Эрдэнийг хараат бус шинжээчээр томилов

НЭМЭЛТ: 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.04.04/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулахаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас шийдвэрлэсэн байсан юм. Сонсгол зохион байгуулахтай холбогдуулан, Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар томилов.

Мэргэжлийн, хараат бус шинжээчээр ажиллахаар АШУҮИС-ийн доктор Л.Мөнх-Эрдэнэ нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр, хөрөнгө оруулалтын эдийн засаг, эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээний чанар, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх бодлогын болон орчны эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач хүн юм. Эрүүл мэндийн асуудлуудыг эдийн засагтай холбож судалдгаараа онцлог болохыг олзуурхаж буйгаа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн илэрхийлж, Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдэд ёс зүйн талаар хэрхэн дүгнэлт өгөх тухай, мөнхүү Эрүүл мэндийн даатгалын салбарт явуулж буй шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрхэн үнэлж буйг нь түүнээс асууж, хариулт авлаа. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмыг гол болгож ажиллахыг шинжээчид зөвлөв.

Доктор Л.Мөнх-Эрдэнийг хараат бус шинжээчээр томилох тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь дэмжиж баталлаа.

Барилгын материалыг шинжлэх лаборатори байхгүй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.04.04/ хуралдаанаар Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд /2022.06.27-ны өдөр/ зохион байгуулсан хяналтын сонсголын тайланг сонсч байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас 2020 онд нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймгийн нийт 44 цэцэрлэгийн барилгад үнэлгээ хийхэд “барилгууд насжилт өндөртэй, дулаан алдалт ихтэй, агаар сэлгэлтийн систем нь стандарт бус, дотоод орчны агаарын бохирдол, дэгдэмхий органик нэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс их” гэсэн дүгнэлт гарсан байна. Тодруулж хэлбэл, сургууль, цэцэрлэгүүдийг барихад чанарын шаардлага хангахгүй барилгын материал ашигладгаас хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн юм.

Дээрх тайлантай холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд “Эрүүл мэндийн яам сургууль, цэцэрлэгүүдийн барилгад судалгаа хийж үзсэн үү. Гаалийн ерөнхий газарт барилгын материалыг шинжлэх лаборатори байна уу. Чанарын шаардлага хангахгүй будгийг хязгаарлах талд ямар арга хэмжээ авч байна вэ” гэдэг асуудлыг хөндлөө.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: Эрүүл мэндийн яам 48 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт агаар бохирдуулагчийн байдалд судалгаа хийсэн. Шинэ барилгад PM 2.5 тоосонцор 24 цагийн дунджаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс  3.3 дахин их, PM 10-ын  агууламж  ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.4 дахин.

Хуучин барилгад PM2.5 тоосонцорын агууламж 24 цагийн дунджаар ДЭМБ-ын дунджаас 5.6  дахин их, Монгол Улсад мөрдөж байгаа стандартаас 1.7 дахин их, PM 10-ын агууламж 24 цагийн дундаж нь  ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин их гарсан.

Энэ нь сургууль, цэцэрлэг дэх агаарын чанарын стандарт ДЭМБ, Монгол Улсад мөрдөж байгаа эрүүл ахуйн стандартын чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс агааржуулалтын системд хөрөнгө оруулалт хийж сайжруулах шаардлага байна гэж судалгаагаар үзсэн.

Гаалийн ерөнхий газар: Гаалийн байгууллага бичиг баримтын хүрээнд хяналт шалгалт хийдэг. Барилгын материалыг шинжлэх лабораторийг Замын үүд дэх хилийн боомт дээр барьж байгаа. Тус лабораторийг энэ онд ашиглалтад оруулахад шинжилгээ хийх боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Салбар хоорондын уялдаа холбоо чухал байна.  Эрүүл мэндийн яам ийм шинэ бодисууд хүүхдийн эрүүл мэндэд ууршилтаараа муу бодис үүсгэдэг гэдгийг тогтмол мэдээлж, Барилга хот байгуулалтын яам стандартандаа жил бүр аптет хийж, Гаалийн ерөнхий газартаа мэдээлэл өгөөд импортоор оруулахыг хориглох бодисын жагсаалтыг гаргаад  мэдээлчихвэл будагтай холбоотой асуудлыг дор нь шийдэх боломжтой.

УИХ-ын гишүүн Д.Батлут: Дотоод агаарын бохирдол юунаас болж үүсч байна вэ. Хэдэн хувь нь агаараас, хэдэн хувь нь барилгын материалаас болж байна вэ гэдгийг тогтоосон уу. Дэгдэмхий бодис нь хэдий хугацаанд хурдтай дэгддэг вэ, хэдий хугацааны дараа аюулгүй болж байна вэ гэдгийг нарийвчилсан судалгаа гаргасан байгаа юу. 14 аж ахуй нэгж будаг импортолдог гэлээ. Шаардлага хангахгүй будаг хилээр оруулж ирээд, шаардлага тавихад зөрчлөө арилгахгүй байгаа импортлогч байна уу?

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: Нэгдүгээрт гадаад орчны бохирдол нь дотоод орчинд бохирдол үүсэхэд нөлөөлдөг. Тамхи татах, засвар үйлчилгээ хийх, хоол хийхэд дотоод орчны тоос тоосонцор үүсэхэд нөлөөлдөг.

Зөвхөн барилгын материал гэхгүй гэр ахуйн тавилгууд ч дэгдэмхий бодис ялгаруулдаг.  Эрүүл мэндийн яам 48 сургууль, цэцэрлэгт дотоод орчны бохирдлын чиглэлээр судалгаа хийгээд зөвлөмжөө Боловсролын яам, сургууль цэцэрлэгүүдэд хүргүүлсэн. Агааржуулалтаа нэмэх, агааржуулалтын хоолойг ажиллуулах зэрэг зөвлөмж өгч ажилласан. Стандарт ч боловсруулсан.

“Ногоон титэм” лаборатрийн захирал н.Алтангэрэл: Яг одоо энэ судалгааг хийж байна. Өмнө нь дотор орчинд судалгаа хийхлээр шал уу, тааз уу, тавилга уу гэдэг нь нэгдсэн байдлаар харагддаг байсан.  Одоо тус, тусад нь шалгаж судалгаа хийж байна. Олон улсын аргачлалаар судалгааны ажил хийгээд явж байгаа. Сарын дараа гэхэд яг ямар бодисын дэгдэмхий чанар нь алга болж байна вэ гэдэг нарийвчилсан дүн гарна.

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: Барилга дотор агаарын чанар муу байна гэдэг мэдээллийг баталгаажуулах нь чухал байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээний дүн нь будгаа будаад үнэр нь арилаагүй байхад хийсэн байдаг. Ийм учраас бензол зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн зуу дахин их гэдэг судалгаа гарсан. Харин одоо хийж байгаа судалгаа нь энэ будгуудыг будсанаас хэд хоногийн дараа хор, аюул нь арилж байна вэ гэдэг судалгааг хийж байна.

Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтсийн дарга н.Батмөнх: Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам судалгаа хийгээд ийм үзүүлэлтээрээ эдгээр будаг нь чанарын шаардлага хангахгүй байна гээд шаардлага тавибал Гаалийн ерөнхий газар ажиллах боломжтой. Стандарт байхгүй, хил дээр шинжлэх лабораторийн чадамж хүрэхгүй байгаа нөхцөлд салбарын яамд тодруулаад өгвөл тухайн бүтээгдэхүүнийг хориглох боломжтой.

Эцэст нь, сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж