ДБЭТ-т "гологдсон" дуучин олон улсын уралдаанд байр эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

ДБЭТ-т "гологдсон" дуучин олон улсын уралдаанд байр эзэлжээ

ДБЭТ-т "гологдсон" дуучин олон улсын уралдаанд байр эзэлжээ

Дуучин Э.Очирсайхан Дуурь, бүжгийн эрдмийн театрт дуурийн дуучнаар ажиллахаар таван удаа шалгалт өгсөн ч тэнцээгүй байна.  Гэсэн ч бууж өгөлгүй олон улсын дуурийн уралдаанд оролцож, амжилт гаргажээ. Тэрбээр Литва улсын Вильниус хотод зохион байгуулсан "Virgilius Noreika" нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Тэрбээр "Литва улсын алдартай дуурийн дуучны нэрэмжит гуравдугаар олон улсын дуурийн уралдаанд гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд оролцоод ирлээ. Энэ алдартай дуучин дэлхийн сонгодог урлагт 242 жилийн түүхтэй Миланы алдарт "Ла Скала" театрын тайзнаа дуулж байсан. Олон улсын уралдаанд дэлхийн 43 орны 550 дуучин оролцож, авьяас чадвараараа өрсөлдсөн. Шүүгчид хэлэлцээд 23 орны 80 дуурийн дуучныг шалгаруулж, эх орондоо урьсан.

Төгсгөлийн шатанд БНСУ, Монгол, Хорват, Украин, Армени, Испани зэрэг орны шилдэг долоон дуучин үлдсэн. Шилдэг дуучнаар Армени улсын дуурийн дуучин шалгарсан. Миний хувьд дөрөвдүгээр байр эзэллээ.

Энэ уралдаанд өмнө нь Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ч.Бадрал оролцож, гуравдугаар байр эзэлж байсан. Би цар тахлын үеэр хоёрдугаар уралдаанд нь оролцсон ч тухайн улсад очиж чадаагүй" тухай ярилаа.  Дуучин Э.Очирсайхан нь одоо 29 настай. Монгол Улсын Консерваторийн төгсөгч бөгөөд Соёл урлагийн их сургуулийн урлаг судлалын магистрын зэргийг Б.Эрдэнэтуяа багшийн удирдлага дор хамгаалжээ.

Тэрбээр өмнө нь Испанийн алдарт дуурийн дуучин Пласидо Домингогийн нэрэмжит А зэрэглэлийн олон улсын уралдаанд өндөр рейтингтэй оролцсон боловч Москва хотноо Covid-19-ийн халдвар авч дуулж чадаагүй байна. Энэ жилийн уралдаанд оролцох урилгыг аваад байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж