АХБ: Монголын эдийн засаг ирэх онд хурдсах хүлээлттэй байна

АХБ: Монголын эдийн засаг ирэх онд хурдсах хүлээлттэй байна

АХБ: Монголын эдийн засаг ирэх онд хурдсах хүлээлттэй байна

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4 хувьд хүрч, 2024 онд хурдсах хүлээлттэй байгаа талаар Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр (2023.04.04) танилцууллаа.

БНХАУ-ын эдийн засаг дахин нээлттэй болж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэн, дотоодын эрэлт сэргэснээр Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараах өсөлтийн мөчлөгт шилжиж байна. Энэ нь гадаад, дотоодын санхүүжилтийн нөхцөлүүд эрс чангарснаас үл хамааран өмнөх сөрөг хүлээлтүүдийг өөрчилж байна гэж тус банк үзжээ.

АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг Азийн хөгжлийн төлөв эдийн засгийн тайлангийн энэ оны дөрөвдүгээр сарын шинэ дугаарт өгүүлснээр, Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8 хувийн өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4 хувь, 2024 онд 6.1 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран "КОВИД-19 цар тахал, БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд, Украин дахь Оросын Холбооны Улсын халдлага зэрэг гадаад орчны сөрөг нөлөө, цочролын улмаас Монгол Улсын эдийн засагт өнгөрсөн гурван жилийн турш хүндрэл бий болсон.

Гэвч экспортын эрэлт сэргэсэн болон хямралын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын хариу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засаг сэргэх замдаа ороод байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшинг хадгалахын зэрэгцээ өндөр инфляцийг бууруулах зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгдлээ. Мөн "Монгол Улсын ойрын хугацааны бодлогын зорилтууд нь экспортыг нэмэгдүүлэх, инфляцийг бууруулах, төсөв, мөнгө, макро зохистой бодлогоор макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэх юм. Түүнчлэн нийт хуримтлалыг нэмэгдүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилгоор улсын секторын удирдлага болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх нь чухал байна.

Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих эерэг орчныг бүрдүүлэн, өсөлтийг дунд хугацаанд хадгалахын тулд Монгол Улс хөрөнгө оруулалтын орчны цогц шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлэх боломжтой" гэв.

Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдан жилийн дундаж инфляцийн түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8,7 хувь болж буурахаар байна. Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болон дотоод эрэлт нэмэгдэх нөлөөгөөр инфляци төв банкны зорилтот түвшин болох 6 хувиас өндөр хэвээр байх төсөөлөлтэй байгаа юм.

Цаашид төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгана. Гадаад худалдаа тасалдах эрсдэл багасч, тээврийн зардал буурахтай уялдан үйлчилгээний дансны алдагдал буурахын зэрэгцээ барааны экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор төлбөрийн урсгал дансны алдагдал буурахаар байна.

Эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Үүнд Украин дахь Оросын Холбооны Улсын халдлагын улмаас эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллүүд улам даамжрах, КОВИД-19 цар тахлын вирусийн шинэ хувилбар үүсч, халдварын шинэ давлагаа бий болох, ашигт бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурах, дотоодод улс төрийн нөхцөл байдал муудах болон нүүрсний оффтэйк гэрээнүүдийн төлбөрийн тэнцэл дэх сөрөг нөлөө нэмэгдэх нь.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж