Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Пүрэв гаригт Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзана. Урсула фон дер Лейен өнгөрсөн долоо хоногт Европын холбоо болон Хятад хоорондын эдийн засаг, дипломат харилцааг сэргээнэ гэж мэдэгдсэн учир энэхүү гурван талт уулзалт олон улсын анхаарлыг татаж байна.
Хятадын бодлогыг шүүмжилсэн жижиг орнуудыг шантаажлахын тулд дээрэлхэх тактик ашигладаг гэж Европын холбоо Бээжинг буруутгадаг. Гэхдээ Хятад улс 2022 онд Европын холбооны экспортын гурав дахь том түнш, бүсийн импортын хамгийн том түнш байсан. Энэ нь Европын холбоо болон Хятадын харилцаа хаана байгааг илтгэх чухал үзүүлэлт юм.
Ши Жиньпин энэ айлчлалаар далимдуулан Европын зарим удирдагчийг өөртөө эргүүлнэ гэж үзэж байна. Тодруулбал, Европын Гадаад харилцааны зөвлөлийн бодлогын зөвлөх Аличья Бачульская хэлэхдээ "Герман, Франц гээд хамгийн том тоглогчид бидэнд байна. Эдгээр улсын дунд ердийнхөөрөө ажил хэргийг үргэлжлүүлэх асар том ашиг сонирхол бий. Энэ айлчлал нь Францын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа маш чухал хэвээр байгаа гэдгийг Бээжинд ойлгуулах дохио юм. Европын холбооны хувьд ч ялгаагүй" гэжээ.
Цаашилбал, Урсула фон дер Лейен, Эммануэль Макрон нарын зорилго нь ОХУ-д цэргийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд гарах болзошгүй үр дагаврыг Хятадад анхааруулах явдал юм. Эммануэль Макрон Хятадыг ОХУ-тай хэт ойртуулахгүй байхыг хүсч буй ч Путин, Ши Жиньпин нарын харилцаа стратегийн шинж чанартай учир маневр хийх орон зай тийм ч их байхгүй гэдгийг шинжээчид анхааруулж байна.
Түүнчлэн ОХУ цөмийн зэвсгээ Беларусьд байрлуулж буй талаар мэдээлэл гарсан. Макрон хоёр шалтгааны улмаас энэ асуудлыг хөндөх эрхтэй гэж "Sciences Po" судалгааны их сургуулийн ахлах багш Антуан Бондаз хэллээ. "Нэгдүгээрт, Франц бол цөмийн зэвсэгтэй улс. Хоёрдугаарт, Франц нь АНУ, Их Британи шиг Оростой цөмийн зэвсгийн гэрээ байгуулаагүй. Франц улс өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ч гэлээ Хятадын дэргэд хөнгөн жингийн тоглогч юм. Хоёр улсын харилцаа тэгш хэмгүй бөгөөд Ши Жиньпинийг Макрон ятгана гэдэг юу л бол. Хичээх нь сайн хэрэг. Гэхдээ бид хүлээлт үүсгэлгүй бодитойгоор хандах хэрэгтэй" гэж тэр хэлэв.
Эх сурвалж: EURONEWS