Турк, Сирийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 6-ны өдөр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 56 мянга орчим хүн нас барсан билээ. Газар хөдлөлтөөс тав хоногийн дараа Хатай мужийн нэгэн барилгын нуранги доороос нялх хүүхдийг аварсан. Хүүхдийн эрүүл мэнд ямар ч асуудалгүй байгааг тухайн үед холбогдох яамнаас мэдээлж байв.
Тэгвэл газар хөдлөлтөөс хоёр сарын дараа ДНК-ийн шинжилгээний тусламжтайгаар тус хүүхдийг ээжтэй нь уулзуулж чаджээ. Охиныг Ветин гэдэг бөгөөд одоо гурван сар хагастай.
Хүүхдийн ээж Яасэмин Бегдас гэх эмэгтэй Адана хотын эмнэлэгт эмчлүүлж байна. Туркийн Гэр бүл, нийгмийн үйлчилгээний яам хүүхдийг эмнэлэгт байгаа ээж дээр нь аваачиж, эх үр хоёр эсэн мэнд уулзжээ. "Эх, хүүхэд хоёрыг уулзуулах нь дэлхийн хамгийн нандин ажлуудын нэг" гэж яамны сайд Деря Яник хэлэв.
Хүүхдийг нурангиас аварсны дараа эхлээд Адана хотын эмнэлэгт авчирсан. Дараа нь Анкара руу ерөнхийлөгчийн онгоцоор авч явсан байна. ДНК-ийн шинжилгээний хариу гарсны дараа хүүхдийг Аданад буцаан авчирч, ээжтэй нь уулзуулжээ. Хүүхдийн аав, ах хоёр нь газар хөдлөлтөөр амиа алдсан.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ