Долларын ноёрхол багасч, юанийн худалдаа өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Долларын ноёрхол багасч, юанийн худалдаа өссөөр байна

Долларын ноёрхол багасч, юанийн худалдаа өссөөр байна

Дэлхийн II дайнаас хойш олон улсын худалдаа, наймааны төлбөрийн гол мөнгөн тэмдэгт нь АНУ-ын доллар байсаар ирсэн бөгөөд хамгийн хүчирхэг валют. Гэхдээ дэлхийн улс төр өөрчлөгдөхийн хэрээр ам.доллар суларч магадгүй гэдгийг эдийн засагчид анхааруулсныг энэ удаагийн ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа онцолж байна. 


"Fox & Friends Weekend" нэвтрүүлэгт оролцохдоо Брейтбартын эдийн засгийн редактор Жон Карни ам.долларын ханш сул байгаа нь дэлхийн тавцан дахь АНУ-ын нөлөөлөлд "ноцтой заналхийлэл" болж болзошгүйг анхааруулав. "Энэ бол ноцтой аюул заналхийлэл боловч зайлшгүй гэж бодож байна. Дэлхийн II дайнаас хойш бид гурван үе шатыг туулсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ бол дэлхийн хамгийн том эдийн засаг байсан. 1970-аад оноос олон улсын банкны систем үндсэндээ ам.долларт төвлөрсөн. Дараа нь Зөвлөлт холбоот улс нуран унаж, задарснаар дэлхий даяараа их бага хэмжээгээр ам.долларын ноёрхолд орсон. Харин одоо олон улс ам.доллараас шилжиж байна. Хятад, Орос улсууд хамтран ам.долларыг орлох валютыг бий болгохоор ажиллаж эхэлсэн" гэж тэрбээр тайлбарлав. 

АНУ-тай эдийн засаг, технологи, сансар, батлан хамгаалах гээд олон салбарт өрсөлдөж, дэлхийн тэргүүлэгч гүрэн болохоор тэмцэж буй Хятад улс нь ам.долларын ноёрхлыг халахаар ажиллаж байна. Тэд Орос улсаас Украины Крым хойгийг "булаан авсан" 2014 оноос эхлэн хоорондын бизнесээ ам.долларгүй болгох стратегийн үйл явцыг эхлүүлсэн. Хятадын юань аль хэдийнэ Оросын бодит нөөцийн валют болсон. Энэ оны эхээр Украинд түрэмгийлсний улмаас барууны орнуудын хориг арга хэмжээнд орсон Оросын удирдлага Хятад руу хандах болсон. Одоо Оросын гадаад нөөцийн 17 хувийг юань эзэлж байна. Мөн юань нь Москвагийн бирж дээр хамгийн их эрэлттэй гурав дахь валют юм.

Үр дүнд нь өдгөө нөөцийн валютын багцын бараг 3 хувийг Хятадын юань эзлэх болсон байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ-ын мөнгөн тэмдэгт зах зээлд эзлэх хувь нь 12 хувиар буурч, 71-ээс 59 хувь болсныг Олон улсын валютын сан мэдээлжээ. 

2008 оноос хойш дэлхийн хэмжээнд хийгдсэн гүйлгээний 75 гаруй хувь нь ам.доллараар хийсэн байна. Мөн гадаад өрийн 60 гаруй хувийг доллар, дэлхийн төв банкны нөөцийн 59 хувийг бүрдүүлдэг. Хэдийгээр эдгээр бүх зах зээл, хэрэгслүүдэд эзлэх долларын хэмжээ сүүлийн жилүүдэд аажмаар буурч байгаа ч өөр ямар ч валют эдгээр түвшинд ойртоогүй байна.

АМ.ДОЛЛАРЫН НОЁРХЛЫГ ЮАНЬ ОРЛОХ УУ? 

Хятадын коммунист систем хангалттай нээлттэй биш учраас юань дэлхийн ноёлох валют болоход учир дутагдалтай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Тиймээс урт хугацаандаа юанийг заналхийлэл гэж харахгүй байгаа аж. АНУ-ын гол давуу тал бол бүрэн нээлттэй эдийн засагт нь оршдог бөгөөд бусад орнуудын ам.долларт итгэх итгэлд суурилдаг. Хэдийгээр ам.долларын нөлөө хумигдсан ч АНУ-ын гол холбоотон Европ болон Япон зэрэг Азийн орнууд ам.доллараас татгалзахгүй гэж харж байна. Мөн Саудын Араб болон бусад газрын тосны худалдаа эрхлэгч орнуудын олонх нь ам.доллартай илүү ойр харилцаатай. Тиймээс ам.доллар тийм ч хурдан дэлхийн ноёрхлоо алдахгүй гэж дүгнэжээ. Гэхдээ Хятад бол газрын тос, байгалийн хийн томоохон хэрэглэгч орон гэдгийг энд мартаж болохгүй. АНУ, Европын холбооны дараа ордог дэлхийн гурав дахь том худалдааны улс юм. Тиймдээ ч Хятад улсын анхаарал сүүлийн жилүүдэд Арабын орнуудад төвлөрч, харилцан айлчлал, харилцаа, хамтын ажиллагаа нэмэгдэх болсон.

АНУ-ын засгийн газраас Хятадтай хийх худалдааны алдагдлаа идэвхтэй бууруулах  нь эдийн засгийн үр өгөөжөө өгч, ам.долларын ханшийг бэхжүүлнэ гэж шинжээчид харж байна. Өдгөө дэлхий өөр өөр мөнгөн тэмдэгтээр худалдаа хийдэг эдийн засгийн өөр өөр блокуудтай байсан хүйтэн дайны үеийн суурь руу буцаж байна гэж эдийн засагчид дүгнэжээ. Энэ үед АНУ нь аль болох Хятадтай бага худалдаа хийхийг зорьж байгаа бөгөөд энэ нь яг одоо Нэгдсэн улсын бодлогын тодорхой зорилтуудын нэг аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж