
Монголын кино урлагт бас нэгэн шинэ кино мэндэллээ. “Tv Cocktail” хамтлагийнхан таван жилийнхээ ойгоор “Намрын синдром” гэх инээдмийн уран сайхны киног үзэгчдэдээ хүргэлээ. Энэ киноны нээлт өчигдөр “Өргөө” кино театрт боллоо. Оройн 19.00 цаг гэхэд “Өргөө” кино театрт зочид хүрэлцэн ирэв. Тэдний дунд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Б.Наранбаатар, жүжигчин Т.Бархүү, “A-Capella” хамтлаг, “Fire” хамтлаг болон “TV Cocktail” хамтлагийн залуусын гэр бүл найз нөхөд, багш, уран бүтээлийн хамтрагчид ирсэн байв. Мөн кинонд тоглосон Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяр, жүжигчин Г.Алтаншагай зэрэг уран бүтээлчид киноны нээлтэд оролцов. Харин нээлтийн ёслолын ажиллагааг жүжигчин Э.Ууганбаяр хөтөлсөн бөгөөд жүжигчин Э.Цолмонбаяр рефлексээрээ өөрөө хөтлөгчийн үүргийг гүйцэтгэв. Ямар сайндаа Э.Ууганбаяр “Цоомоо одоо би хөтлөх үү, өнөөдөр та бол хүндэт зочин шүү дээ” хэмээн хошигнов. Харин киноны дууг дуулсан “Татар” хамтлагийнхан энэ үдэш харагдсангүй. Тэд “TV Cocktail” хамтлагтай хамт урлагтаа эргэн ирж байгаа хэмээх хэвлэлээр мэдээлж байсан ч тэд өөрсдөө ирсэнгүй. Харин уран бүтээл нь хэдийнэ сонсогчдод хүрээд байгаа аж. Магадгүй гэнэт шинэ дүр төрхтэй гарч ирэхээр бэлтгэж байгаа байх.

“Намрын синдром” киноны нээлтийн үеэрх нэгэн гэнэтийн бэлгийг “Fire” хамтлагийнхан барьсан. Тус хамтлагийн дуучин Д.Даваадалай “Би “Tv Cocktail”-ийнхоо найзуудтайгаа бараг арван жил найзалж байна. Найзууддаа баяр хүргэе, таван нас хүрч байгаад нь. Ингээд найз нартаа зориулан нэгэн гэнэтийн бэлгийг барих гэсэн юм. Яг одоо хит болж байгаа нэгэн дууг энд бүгдээрээ хамт дуулья, Цоомоо, Өөскө та хоёр наашаа гараад ир” хэмээн тайзнаа Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нарыг дуудан хамтдаа амьд хөгжимтэй “Алингээр нь явах вэ, та минь ээ” дууг дуулсан нь үнэхээр гэнэтийн зүйл болж өнгөрсөн. Анх “Сайн уу амьдрал минь” кинон дээр “Хайрын хордлого” гэх дууг дуулж олонд таашаагдсан “Tv Cocktail”-ийн хоёр залуу тайзнаа амьд хөгжимтэй анх удаа дуулж байгаа учир нэлээдгүй сандрав.
Нээлтийн ёслолын арга хэмжээ цаг гаруй хугацаанд үргэлжилсний эцэст ямар кино болсон бол гэж тэсч ядан сонирхож байсан зочид “Намрын синдром”-ыг алга ташин “угтлаа”.
Кино бүхэлдээ хөгжилтэй явдлаар дүүрэн. Батхүү, Сэргэлэн гэх хоёр оюутан залуу мөнгө олох санаатай оюутны байрандаа LCD зурагт тавин, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзүүлнэ. Гэвч тэмцээний төгсгөлд хоёр багийн фанатууд маргалдан улмаар зодоон хийж эцэст өнөөх зурагтаа унагаж хагалан, юун мөнгө олохтой мантай, бүр оюутны байрнаасаа хөөгдөнө. Батхүү, Сэргэлэн хоёр угийн бүтэл муутай. Тэдэнд өөр найз гэж байхгүй. Тиймээс айлын хажуу өрөө хөлслөхөөр шийднэ. Гэвч бүтсэнгүй. Ингээд эцсийн найдвар баячуудын хорьдугаар хороололд нэгэн айлыг товлоно. Тэдний сүүлчийн найдвар учир ижил хүйстэн гэж өөрсдийгөө танилцуулж, гэр бүл болсон гэж худлаа ярьснаар бүх зүйл эхэлдэг. Тэдний эхлүүлсэн энэхүү жүжиг киноны төгсгөлд хэрхэн төгсөхийг “Өргөө”, “Соёмбо” кино театрын дэлгэцнээ гарч буй “Намрын синдром” инээдмийн уран сайхны киноноос үзээрэй.
"Намрын синдром" киноны зургаас энд дарж үзнэ үү.
М.Дөлгөөн