АМНАТ-ийн жишиг үнийн балаг

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

АМНАТ-ийн жишиг үнийн балаг

АМНАТ-ийн жишиг үнийн балаг

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, инфляцийн хурд нэмэгдэж, гадаад өрийн хэмжээ маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулав. Дээрх хүндрэлээс экспортын чиглэлийн хүнд үйлдвэрүүдээ дэмжиж байж гарахыг салбарын мэргэжилтнүүд онцолж буй юм. Экспортоо үр ашигтай нэмэгдүүлэхийн тулд нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалаа үе шаттайгаар, нэмүү өртөг шингээж, баяжмал, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь улс орны эдийн засагт илүү өндөр ач холбогдолтой төдийгүй нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Татварын хууль, Засгийн газрын тогтоол, татварын хувь хэмжээ байнга өөрчлөгддөг. Энэ нь үндэсний, ялангуяа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулагчдад ихээхэн сөргөөр нөлөөлсөөр ирэв.

Уул уурхайн салбарт өнөөдөр тулгамдаж буй нэг асуудал нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ). Өдгөө дэлхийн ямар ч улс энэхүү АМНАТ-ийн зарчмыг баримтлахаа больсон ч манайд л амь бөхтэй оршсоор байна. Эдийн засаг хүнд үед АМНАТ тооцно гэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд томоохон зардал бий болгож, буцаад үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулсаар байгаа юм. Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоох үнийн эх сурвалжийг баталсан. Энэ хүрээнд Сангийн яам сар тутам зарладаг нүүрсний зах зээлийн жишиг үнийг үндэслэлгүйгээр хэт өндрөөр тогтоосон. Энэ нь нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаагаа зогсооход ч хүргэсэн тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл,

Нэгд, АМНАТ-ийг тооцоолох жишиг үнээс болж олоогүй орлогод үндэслэсэн татварын хүндрэл хувийн хэвшилд дарамт болж, улмаар төр, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсгэсээр буй юм.

Хоёрт, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас судалгаа хийж, Монгол Улсын ашигт малтмалын салбарын эрх зүйн орчин тогтворгүй, АМНАТ-ийг давхардуулж ногдуулахгүй байх, хувь хэмжээ нь өндөр байгаа талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Хүдэр, баяжмалаас салгаж үл болох дагалдах металлд АМНАТ ногдуулах нь татварын алба, татвар төлөгчийн хооронд маргаан дагуулсан хэвээр байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу 2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон. Үүний улмаас компаниуд үндэслэлгүй татвар төлөхөд хүрч, Татварын ерөнхий хуульд заасан шударга, үр ашигтай байх зарчим алдагдсан талаар нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд мэдээлсээр ирсэн ч өөрчлөлт орсонгүй өнөөдөртэй золгож буй.

Гэрээний биш жишиг үнээр татвар тооцох болсон нь олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байгаа юм. Ганц нүүрсний салбарт бус бусад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ч энэхүү жишиг үнэ том сорилт болж буй.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд АМНАТ шингэсэн НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс хүдэр худалдан авч баяжуулж, боловсруулаад экспортлоход олоогүй орлогоос нь олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзэн, борлуулалтын орлогоос нь өндөр хувь хэмжээгээр дахин АМНАТ ногдуулдаг болгосон. Хасалт хийдэг болгосон ч үйлдвэрлэгчдэд татварын дарамт хэвээр үлдсэн билээ. "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрах “Ашигт малтмалын тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд АМНАТ давхар ногдуулж байгаа нь буруу юм. Үүн дээр нэмээд боловсруулах шатанд ялган авч, экспортолж чаддаггүй дагалдах эрдэс баялагт ч АМНАТ ногдуулсан нь нөхцөл байдлыг хүндрүүлж, үйлдвэрүүд өрөнд орж, хаалгаа барихад хүргэсэн. Тухайлбал, хүдэр боловсруулахад 70-80 хувь нь хаягдаж, 20 хувьд нь өртөг шингээн, БНХАУ руу экспортолдог. Ингэхдээ олон улсын жишиг үнээр бус Эрээнд байгаа ченжийн үнээр зардаг.

Тээврийн зардал, гаалийн төлбөр, боловсруулалтын өртөг нийлээд 50 ам.доллараар зарлаа гэхэд Засгийн газар тухайн бүтээгдэхүүнээс жишиг үнэ гээд 100-110 ам.долларын татвар авах жишээний. Татварын ерөнхий газраас боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ-ийн алданги, акт ногдуулж, хэдэн тэрбумаар өр үүсгэж байна. Энэ янзаар компаниуд хуулийн өмнө буруутан болж, өмч хөрөнгөө алдах эрсдэлтэй байна” гэж мэдээлсэн билээ. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг газрын хэвлийн баялгийг ашиглан борлуулж буй уул уурхайн ямар ч компани төлөх ёстой, төлж ч ирсэн. Гэвч Засгийн газар АМНАТ-ийг жишиг үнээр тооцож эхэлснээр компаниудын зардал өсч, үйл ажиллагаа зогсох эрсдэл үүссэн” гэсэн юм.

Монгол Улсын гол импортлогч БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ хэдийгээр өсч, эрэлт их байгаа ч Монголын нүүрсний компаниуд зах зээлээс төдийлөн ашиг хүртэж чадахгүй байгаа нөхцөлд АМНАТ-ийг тооцох жишиг үнийг нэмсэн нь нэрмээс болж ААН-үүдийг алдагдалд оруулж, зарим төрлийн нүүрсний олборлолтыг зогсооход хүргэсэн. Тиймээс компаниудад тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл, зах зээлийн шударга зарчим хэрэгтэй байгааг салбарынхан хэлж буй юм.

Өдгөө Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өрнөж буй. Тус хууль 1994 оноос хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалт өөрчлөгджээ. Гаднын хөрөнгө оруулагч нар юуны түрүүнд манай татварын хуулиуд түүний хувь хэмжээ, тогтвортой байдлыг чухалчилж үздэг.

Шинэчилсэн найруулгын төсөлд АМНАТ-тэй холбоотой нааштай заалт орсон уу гэвэл үгүй байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг их өндөр байлгах нөхцөлүүд тавигджээ. Олон үе шаттайгаар тогтооно гэдэг нэг талдаа татвар тооцож ногдуулахад ч, татвар төлөхөд ч төвөгтэй юм. Дэлхийн зах зээлийн үнэ ханш өсч, буурч байгаа энэ үед татвар нэг буураад, нэг өсөөд байж болохгүй. Анхнаасаа татвар тодорхой байвал талуудад амар байх билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж