Монголд нэг үеэ бодвол олон улсын стандартад нийцсэн спортын барилга байгууламж олширчээ. Хотын төвийн "нурах" дөхсөн спорт ордондоо гадаад, дотоодын тэмцээнүүдийг хийж байсан цаг саяхан. Харин одоо спорт холбоо, хувийн хэвшлийн оролцоотой, бидний зурагтаар хардаг байсан гаднын спортын ордон, заалууд сүндэрлэж байна.
Аливаа улсад спорт хөгжих үндэс суурь нь дэд бүтэц, барилга байгууламж. Үүний дараа багш дасгалжуулагч, тамирчид ордог. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Монголд сүүлийн жилүүдэд улсын гэх тодотголтой 3000-аас дээш хүний суудалтай хэчнээн спорт ордон байгуулагдсан бэ. Магадгүй "Буянт-Ухаа" спорт цогцолбор байх. Гэхдээ тус байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр баригдсан гэж ойлгох нь учир дутагдалтай. Түүнийг Хятадын засгийн газрын 20 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан. Түүх сөхвөл, Спортын төв ордныг хүртэл Хятадын хөрөнгө оруулалттай барьсан гэдэг.
Тэгвэл сүүлийн үед хувийн хэвшил спортын салбарт төрөөс илүү хөрөнгө оруулалт хийж байна. "Степп арена" 15 сая ам.доллараар баригдсан гэдэг бол "UG" арена тэрбум хол давсан хөрөнгөөр баригдсан. Дээрх хоёр ордноос гадна "Агар", "Чухаг", "Тэнүүн-Огоо", "Наадам" тэргүүтэй олон сайхан спорт цогцолборууд жил бүр нэмэгдсээр, спортын барилга байгууламжийн стандарт дэлхийн жишигт хүрч эхэлж байна.
Жишээ нь, энэ оны хоёрдугаар сард Монголын хөлбөмбөгийн холбоо “Эйр доме” буюу битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбайгаа Төв аймгийн Зуунмод хотноо ашиглалтад оруулав. Ингэснээр хөлбөмбөгийн тамирчид жилийн дөрвөн улирал, 365 хоног бэлтгэл сургуулилалтаа хийх нөхцөл бүрджээ. Тус бүтээн байгуулалтын өртөг багадаа 2.1 сая ам.доллар.
Хаа байсан Лос Анжелесын "Crypto.com” арена, Нью-Йоркийн "Madison Square Garden" эсвэл Сан-Францискогийн "Chase Center"-т сагсан бөмбөгийн тоглолт үзэж байгаа мэт мэдрэмжийг өгөхөөр “Уран ган” групп 3150 хүний багтаамжтай, Монголдоо хамгийн томд тооцогдох “UG” аренаг 100 хувь өөрсдийн хөрөнгөөр ашиглалтад орууллаа. Тус ордонд FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тивийн чанартай томоохон тэмцээнийг хүлээн авсан. Заалны шал, суудлаас эхлээд гэрэлтүүлэг, тусгай зочдын хэсэг, тасалбар уншуулах цэг гээд бүхэлдээ өөр түвшин.
Тус цогцолбор нь нийт 20 мянган м.кв бүхий 6 давхраас бүрдэх бөгөөд гадна 700, дотор 126 автомашины зогсоолтойгоос гадна “GAN Sports Center” -ээc нүхэн гарцаар “UG” аренагийн зоорын давхар буюу машин зогсоол руу холбогдсон мөн “UG” аренагийн хоёрдугаар давхраас “GAN Sports Center”-ийн хоёрдугаар давхар руу холбогдсон шилэн гүүртэй байхаар зохицуулагдах юм байна.
Үүнээс өмнө нь “Степп арена” мөсөн өргөө нээлтээ хийж, монголчууд анх удаа ордон дотор мөсөн дээр өвөл, зунгүй гулгаж үзлээ. Тус ордны хөргөлтийн систем, мөсөн талбай, доторх зохион байгуулалт мөн л жишиг тогтоосон. Саяхан тус аренад хоккейн тив, дэлхийн тэмцээнийг хүлээн авч, Монгол Улсын спортын түүхэнд шинэ хуудас нээв.
Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэ өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд ашиглалтын 5700 м.кв талбайтай, 2600 үзэгчийн суудалтай, дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог.
“Степпе Арена” компани уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” компани ерөнхий санхүүжүүлэгчээр нь ажилласан. Дэд бүтцийг нь“Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд мөсөн өргөө сүндэрлэжээ.
Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбоо хөгжлөө шинэ шатанд гаргаж, битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбайтай боллоо. Зуунмод хотоос холгүй орших Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төв нь 2016 онд ашиглалтад орж, шигшээ баг болон клубүүд бэлтгэл хийх боломж бүрдсэн. Гэхдээ өвөл, сэрүүний улиралд бэлтгэл хийх бололцоо хомс байв. Харин FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны төслийн хүрээнд битүү дээвэртэй, 27 м өндөр, 100 м урт, 70 м өргөн, 20 халаагууртай “Эйр дом”-ыг байгуулжээ.
Ердөө хэдхэн жилийн дотор бид багийн спортод хувь нэмэр оруулахуйц хэд хэдэн спортын ордонтой болж чаджээ. Үүний олонх нь хувийн хэвшлийн хөрөгөөр гүйцэтгэсэн заал, байгууламж. Монголчууд өвлийн спорт болох хоккей, уран гулгалт зэрэг төрөлд тамирчид бэлдэхийн тулд Туул голын эрэг дээр бэлтгэл хийж байсан тохиолдол ч бий. Тэгвэл одоо энэ төрлийн тамирчид бэлтгэлээ хийх, ирээдүйн олон олон амжилтын эзэд болох боломж нээгдэж байна. Түүгээр зогсохгүй багийн спорт болох сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тамирчид ч тав тухтай, мэргэжлийн зааланд бэлтгэлээ хийх боломжтой болж байна. Энэ бүхэн нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишгийн нэг болж, ирээдүйн спортын тамирчдад, спортын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Энэ мэт бүтээн байгуулалтууд олширч, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх бус дэмжсэн цагт олимп, дэлхийн медальтнууд олноор төрөх нь лавтай.
Холбоотой мэдээ