Нийслэл: Нэг тэрбумын цэвэрлэгээний машин дахин авна

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Нийслэл: Нэг тэрбумын цэвэрлэгээний машин дахин авна

Нийслэл: Нэг тэрбумын цэвэрлэгээний машин дахин авна

Нийслэл дэх нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Тохижилт үйлчилгээний газар хариуцдаг. Шинэ техник хэрэгслийн хангамж, хүрэлцээ муутайгаас шалтгаалж цаг агаарын онцгой нөхцөлд ТҮК-ийнхан уртасгасан цагаар ажиллах нь бий. Энэ асуудлыг хөнгөвчлөхөд тухайн хариуцсан нэгжээс гадна Хотын дарга, ерөнхий менежер мөн анхаарч ажиллах ёстой. Тиймдээ ч энэхүү үүргийнхээ дагуу нийслэлээс зам, талбайн давс бодисоос гадна шинэ машин, техникийг татан авахад төсөв гаргадаг. Үүний хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард нийслэлээс худалдан авсан 28 цэвэрлэгээний машин байгаа ч одоог хүртэл тус машинуудыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээн аваагүй байна.

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэхэд дээрх машинууд чухал үүрэгтэй. Гэхдээ зориулалт болоод ашиглаж болох орчин нөхцөлийн тухайд авч үзвэл тусгай зориулалтынх хэдий ч Улаанбаатарт тохиромжгүй.

Учир нь зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын тус машинууд нь цастай зам дээр явах зориулалттай ч цас цэвэрлэх боломжгүй юм.

2022 ОНЫ ТЕНДЕРТ ШАЛГАРСАН КОМПАНИЙН 28 МАШИНЫГ ТЕХНИК ҮЗҮҮЛЭЛТЭЭС ШАЛТГААЛЖ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар дөрвөн тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтыг өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээс харвал тус тендерт “Батсээр”, “Онцгой-Өргөө” ХХК гэх хоёр компани оролцжээ. “Онцгой-Өргөө” компанийн хувьд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан нөхцөлийг хангаагүй тул хасагдсан байна. Тиймээс тендер шалгаруулалтын журмын дагуу “Батсээр” ХХК нийлүүлэлт хийхээр болсон аж.

Тус компанийн нийлүүлсэн тусгай зориулалтын 28 машиныг техник үзүүлэлтийн зарим зөрүүтэй байдлаас шалтгаалж одоог хүртэл албаныхан хүлээж аваагүй байна.

Батсээр ХХК-иас өгсөн мэдээллээр “Бараа худалдан авах тендер шалгаруулалтад оролцож өнгөрсөн жил шалгарсан. Нийлүүлэх тоо ширхгийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд нийт 28 ширхэг машиныг оруулж ирсэн. Тендерийн нийт дүн 3.5 тэрбум байсан. 2022 оны тавдугаар сард гэрээ байгуулсан.

Гэрээнд зааснаар нийлүүлэгч тендер илгээсэн маягт, гэрээний тусгай болон ерөнхий нөхцөл, гүйцэтгэлийн баталгаа, техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэлтийн хуваарийг гаргасан.

Үүнээс гадна техник хэрэгсэл болоод засвар мэдэгдэл, үйлдвэрлэгчийн баталгааны мэдэгдэл зэргийг гэрээнд тодорхой тусгасан. Хугацааны хувьд товлосон хугацаандаа ирээгүй ч боломжит богино хугацаанд шуурхай нийлүүлэхийг хичээсэн” гэж байв.

Тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машин маневр сайтай, дизель хөдөлгүүртэй жижиг учир хөдөлгөөнд саад учруулдаггүй, талбайн нарийн ширхэгт хог хаягдлыг сайн авдаг байна.

Үйлдвэрээс гаргасан зориулалтад тусгаснаар тус машин нь хог хаягдлыг цуглуулж, хадгалах, хашлага болон хаалтыг давах, хогийн ургамлыг самнах, навч соруулах боломжтой байна. Мөн нэмэлт тоноглол, үнэ нэмэгдэх шалтгаанд өвлийн тоноглолууд орж байгаа аж. Тодруулбал, нэгж бүр нь 125 сая төгрөгийн үнэтэй тусгай машинууд нимгэн цасыг цэвэрлэх боломжтой бөгөөд цас үлээгч, давс нунтаг тараагчтай. Гэхдээ үйлдвэрийн зориулалтад тусгаснаар их хэмжээний биш тохиолдолд тус техникийг ашиглаж болно гэжээ. Харин Монголын нөхцөлд энэ үнэтэй машинуудыг өвлөөс бусад улиралд бүрэн ашиглах боломжтой байна.

ӨНГӨРСӨН ӨДРҮҮДЭД ОРСОН ЦАСЫГ 2019 ОНД АВСАН ТЕХНИКЭЭР ЦЭВЭРЛЭСЭН

Ихэнх нутгаар эрс хүйтэрч, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд их хэмжээний цас орсон. Тус цасыг зам цэвэрлэгээний машин цэвэрлэх нэрийдлээр үр дүнгүй хий ажиллаж, үргүй зардал гаргаж байгааг иргэд цахим хуудастаа шүүмжилж бичлэг нийтлээд буй. Үүнд албаныхан дараах тайлбарыг өгсөн юм. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас өгсөн мэдээллээр, зориулалтын техник хэрэгсэл олон биш ч тоотой бий. Өмнө нь 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Хот тохижилтын газарт тусгай зориулалтын машин, механизм худалдан авах эрх шилжиж, тухайн жилдээ 20 ширхэг машин оруулж ирэх тендер зарласан. Үүний дагуу цахим хэлбэрээр, нийтэд нээлттэй байдлаар хоёр багцад хувааж тендер зарлаж, машин техник орж ирсэн. Тухайн үед нэг бичил цэвэрлэгээний машиныг 145 сая төгрөг байхаар төсөвлөж, тендерт шалгарсан компани 142 сая орчим төгрөгөөр нийлүүлсэн байдаг.

Зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж цэвэрлэх машин 4-5 хүний ажил гүйцэтгэдэг учир яах аргагүй хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг гэсэн юм.

Одоогоор Улаанбаатарын хэмжээнд тус зориулалтын жижиг оврын машин 45 ширхэг байгаа юм. Дээрх төхөөрөмж БНХАУ-д Герман улсын лицензээр үйлдвэрлэгдсэн, бичил оврын төхөөрөмж аж.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТУСГАЙ МАШИН АВАХ НЭГ ТЭРБУМЫН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

Шинээр авсан техник хэрэгслээ үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газар зам цэвэрлэгээний тусгай зориулалтын автомашин дахин авах нэг тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Нэг сарын өмнө зарласан тус тендерийн хугацаа өчигдөр дууссан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж