Бразилын ерөнхийлөгчийн шинэ сорилт АНУ ба Хятад

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Бразилын ерөнхийлөгчийн шинэ сорилт АНУ ба Хятад

Бразилын ерөнхийлөгчийн шинэ сорилт АНУ ба Хятад

Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва гуравдугаар сарын сүүлээр Хятадад айлчлахаар төлөвлөж байсан. Лула албан тушаалаа хүлээж аваад хэдхэн сарын дотор гурван улсад айлчилсан бөгөөд дөрөв дэх нь Хятад байх байв. Гэвч уушгины хатгалгаа туссанаар уг айлчлалаа хойшлуулж, энэ сард юм уу тавдугаар сард төлөвлөжээ. Энэхүү айлчлалд 200 бизнес эрхлэгч Лулаг дагалдан явах байсан. Хятадад айлчилснаар дотоод дахь улс төрийн дарамт буурна гэж Бразилын засгийн газар найдаж байсан юм.

Лула өмнө нь 2003-2010 онд ерөнхийлөгчийн албыг хашсан. Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалд эргэж ирснээсээ хойш Өмнөд Америкийн худалдааны эвсэл Меркосур, Аргентин, Уругвайд айлчилжээ. Мөн саяхан Вашингтон руу нисч, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзан, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, худалдаа, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна.

Өдгөө 77 настай Лула төрөлхийн хэлэлцээрч гэдгээрээ олон улсад танигдсан нэгэн. Гурав дахь удаагаа бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж буй түүний нэр хүнд одоогоор дотоодоосоо илүү гадаадад өндөр байна. Тэр 2018 онд авлигын хэргийн яллагдагчаар татагдаж, шоронд хоригдсон. Энэ үед түүний нэр хүнд дотооддоо огцом унажээ. Гэвч гадаадын эрх баригчид түүнтэй харилцаа сайтай хэвээр байж, зарим нь шоронд хүртэл эргэж очсон байна.

Олон улсын тавцанд үргэлж шийдэмгий тоглогч байсан Лулагийн засгийн газар Өмнөд Америкийн “Унасур” байгууллагын бүтээн байгуулалтыг удирдаж байсан. Мөн хөгжиж буй орнуудад хэд хэдэн холбоо байгуулжээ.

Өдгөө Бразил улс олон улсад хэр ач холбогдолтой тоглогч байж чадах вэ гэдэг нь сорилт болоод байна. Энэ нь мэдээж 2000-аад оны эхэн үеийнхээс тэс өөр ертөнцийг удирдах чадвараас хамаарна. Лулагийн эхний хоёр бүрэн эрхийн хугацаанд Бразил улс уналтад орж, тусгаарлагдмал байдалд 10 жилийг өнгөрөөсөн гэхэд болно.

Өмнөх ерөнхийлөгч Жаир Болсонарогийн үед Covid-19-өөр 700 мянган хүн нас барж, дэлхийд нас баралтын тоогоороо хоёрдугаарт жагсчээ. Мөн ой хээрийн түймэрт асар их талбай шатаж, Яномамигийн уугуул иргэдийн газар нутаг уул уурхайн олборлолтоос болж сүйрсэн байна. Тиймээс Бразилиыг дэлхийн тоглогч болгохоос гадна эдийн засгийг нь сэргээхийн тулд Лулагийн өмнө асар их хийх зүйл байна. Олон улсын хэмжээнд хийх Лулагийн хамгийн эхний ажил бол Хятад, АНУ-тай харилцах харилцааг тэнцвэржүүлэх явдал юм. Хятад, АНУ нь Бразилын гол түншүүд билээ. Одоогийн байдлаар Лулагийн стратеги буруудсан зүйлгүй байгаа ч дэлхийн эдийн засгийг базагч хоёр том гүрний харилцаа хурцадвал дунд нь Бразил хэцүүдэх юм. АНУ, Хятадын хоорондын харилцаанаас гадна 2024 оны Бразилын сонгууль ч үүнд нөлөөлнө. Тодруулбал, 2024 оны сонгуулиар Хятадыг үл дэмжигч Бүгд найрамдах нам сонгогдвол Бразил хүнд байдалд орж магадгүй аж.

Лула байдал эвгүйтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Орос, Украины хооронд энх тайван тогтоох санал гаргаж үзсэн. Энэ нь Украинд туслах эрмэлзэлтэй барууны орнуудын шүүмжлэлээс цэвэрхэн зайлсхийх арга байв. Харин Оростой эртнээс сайн харилцаатай байсан. Бразил өөрийгөө өндөр зэрэглэлийн зуучлагчийн хувиар санал болгосноор талуудтай худалдаа, хамтын ажиллагаагаа аюулгүй үргэлжлүүлэхийг хүсчээ. Тиймээс дайны шинжээчид Бразилыг идэвхгүй эвсэл гэж нэрлэдэг.

Харин Лулаг Вашингтонд айлчлах үеэр Байден Бразилд очихоо амласан. Бразил болон АНУ-ын өмнөх ерөнхийлөгчид болон Жаир Болсонаро, Дональд Трамп нар хоорондоо харилцаа сайтай байсан. Болсонарог “Халуун орны Трамп” гэж хошигнон нэрийдэх нь ч бий. Энэ удаагийн айлчлалын өнгө аяс тэдний үеийнхээс тэс ондоо байжээ. Болсонарогийн үед Бразил улс дөрвөн жилийн турш тусгаарлагдмал байдалтай байсныг Лула онцолж буй. “Ерөнхийлөгч асан Болсонарогийн ертөнц өглөө, өдөр, орой гээд хуурамч мэдээгээр эхэлж хуурамч мэдээгээр дуусдаг байсан” гэж Лула хэлсэн юм. Харин энэ үед Байден инээгээд “Танил сонсогдож байна” гэжээ.

Байден, Лула нар Амазоны ширэнгэн ойг аварч, дэлхийн дулааралтай тэмцэхэд харилцан адил оролцоотой байхаа тохирсон байна. Өмнөх хоёр ерөнхийлөгч энэ тал дээр хүчин чармайлт гаргаагүй.

ЛУЛАГИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ МЭХ

Гэхдээ Орос, Украины хооронд энх тайван тийм амар тогтохгүй. Тодруулбал, хөгжиж буй орнууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэлээ гээд амжилт олох нь юу л бол. Лулагийн хувьд НҮБ дахь Бразилын нэр хүнд, идэвхийг эргэн сэргээх нь чухал юм. Мөн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, уугуул иргэдийн эрх, вакцин, хүнсний аюулгүй байдал, хөгжил зэрэг олон талт асуудлаар хамтын ажиллагаагаа сэргээх ёстой. Ингэж байж Бразилын өмнөх сүр хүч эргэн ирнэ гэж үзэж байна.

Өөр нэг арга бол Өмнөд Америкийн интеграцийг сэргээх явдал юм. “Меркосур”, “Унасур” зэрэг бүс нутгийн байгууллага Украины дайны улмаас тасалдсан дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд тусалж чадна. Ингэснээр Бразил улс дахин тивийн эдийн засгийн хүндийн төв болж чадах юм.

Эх сурвалж: THE CONVERSATION, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж