УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн (2023.04.02) хуралдаанаас бусдын бизнесийг булаах, үл хөдлөх хөрөнгөд нь халдах явдал газар авсан асуудлыг хэлэлцэж, эл гэмт хэргийг үйлдэж байгаа рецедивүүдийг нам дарах чиглэлийг Засгийн газарт өгчээ. Ингэхдээ Засгийн газрыг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар эргэн УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулахыг үүрэг болгосон байна.
Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ дараах эрүүгийн хэрэгтнүүдийг шалгаж байгааг мэдэгдсэн юм. Үүнд:
- Өмнө нь ял эдэлж байсан "Учка" хочит Н.Мөнх-Учрал, "хуруугүй" хочит Х.Оюунболд, "Гураа" хочит З.Гурвансайхан, "Зана" хочит Занабазар нар бүлэглэн нэр бүхий иргэний “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан хэрэг,
- "Амраа" хочит Амартүвшин нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 30 орчим этгээдтэй бүлэглэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг шилжүүлэн авсан хэрэг,
- Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өмнө нь ял эдэлж байсан Эрдэнэбулганы бүлгийн дөрвөн этгээд өөрсдийн мэдэлд авах зорилгоор Нөхөрлөлийн дарга ажилтай М-ыг айлган сүрдүүлж заналхийлсэн хэрэг юм.
МАН-ыг Засгийн эрх барьж байсан 1990-ээд оны дундуур эрүүгийн гэмт хэрэгтнүүд гаарч, бизнес эрхлэгчдийг дээрэмдсэн хэргүүд олноор гарч эхэлснийг тэр үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж нам дарсан гэж яригддаг. Харин энэ удаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт рецедив хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэх үүрэг ногдлоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ