БЭЛГЭДЛИЙН ПАРЛАМЕНТ : 73 ТОНГОРУУЛБАЛ 37
УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан Ерөнхий прокурорын хүсэлтийн дагуу эрх баригчид "Улс төрийн шийдвэр" гээчийг гаргав. Өөрөөр хэлбэл, бүхний дээрх намын Улс төрийн товчоо дахин өндөлзөв. Энэхүү товчоо нь улс орны амин чухал бүхий л асуудлыг шийддэг байсан агаад түүний шийдвэр хууль байжээ. МАХН-ын намын ажлыг удирддаг дээд эрхт байгууллага гэсэн үг. 1990 оны Мартын-8-ны маргааш энэ байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын засгийн эрхээс нэг мөр зайлсан ч түүний үзэл сурталын цөм болсон нам нь өнөөг хүртэл үйл хэргийг нь үргэлжлүүлсээр байгаагийн тод жишээг бид бишгүй зүйлээс харах болжээ. Мартын-8-наас эхлээд баяр ёслол нь хэвээрэй. Шагнал, урамшуулал нь янзаараа… Монголыг гэсэн эх орончдыг хайр, найргүй хядаж ирсэн энэ нам өөрсдийн үүсгэн байгуулсан өдрөө "Эх орончдын өдөр" гэж тэмдэглэн тохуурхдаг болсноос эхлээд тоочвол түүний жишээ мундахгүй. Д.Сүхбаатарыг, Д.Бодоог, С.Данзанг, Чагдаржавыг…А.Амарыг хэн хөнөөсөн юм бэ?! гэх асуултын хариуг тэднээс өдөр тэднээс нэхмээр.
…Гэтэл байгаад хүний эрхийн дээр төрийн эрх, төрийн эрхийн дээр намын эрх бий гэж улайм, цайм аашилдаг болов. Үе үе дураараа Үндсэн хууль өөрчилж ирсэн тэд өнөөдөр "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэсэн Үндсэн хуулийн заалтын дээгүүр жаалав.
Намын удирдлага нь хуралдаад, УИХ дахь бүлгийнхээ гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг тулгаж буйгаа айж, эмээхгүйгээр зарлаад зогсох. Хаалттай хуралдсан хуралдаанаар хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж нэгнийг авч үлдэв. Өөрөөр хэлбэл, хоёр алхам урагшлаад нэг алхам ухрав. Тэд ийн туршилтыг их эртнээс хийж ирсэн чадмаг туршлагатай. УИХ-ын дэргэд элдэв хянан шалгах чиг үүрэгтэй хороо байгуулж, зохион байгуулалттайгаар чиглэсэн ажиллагаа явуулж, аврахаа сануулж, харлуулахаа харлуулж ирсэний хамгийн тод жишээ нь Хөгжлийн банкны сонсгол болсон. Тэрбум тэрбумаар нь идсэн цагаан захтай хулгайчдыг биднээр үзэн ядуулж байгаад барууны талын бор овоохой рүү бүх бузар бульхайг чихэв. Санаархал нь амжилттай хэрэгжсэн болохоор шүүх засаглалын эрх мэдэлд заналхийлж байгаад шүүн таслах ажиллагаа маягтай зүйл хийж дөнгөсөн тэд урамшаад хууль тогтоох засаглал руу ханцуй шамлам оров. Нэр муутай, гар бохир нь жин дарах бүлгийнхээ гишүүдийг дарамталж байгаад санасандаа хүрэв. Муулах гээд өрийг нь зүсч байхад "Эзэн минь тэнгэр харуулж байна" гэж баярладаг хонь шиг л барьцаалагдсан гишүүд "би биш бол бусад нь хамаагүй" гэсэн шиг олонхын олонх нь кноп даржээ. Харин дараагийнх нь өөрөө болно эсвэл утсан хүүхэлдэй болно гэдгээ хэд нь ухамсарласныг бүү мэд. Хэлсэн ярьсанаар нь байхгүй бол хэнийгээ ч зайлуулчихаж чадна шүү гэдгээ дарга нь ийн тунхаглав. Үүний эсрэг зогсох төдийд л хэлмэгдүүлэлт эхлэхэд бэлэн байна.
ШҮҮХИЙГ ШҮҮХҮЙ : СОНСГОЛЫН ДАРААГИЙН SEASON
Хөгжлийн банкны хэргийн сонсголоор МАН ялын тогтоолоо уншсан. Одоо харин шүүх хурал нь болох ёстой. Хуульчдын зүгээс болох боломжгүй шүүх хурлын талаар хууль, журмаа өөрчлөөд ч болов хийж, буруутныг тодруулах сонирхол эрх баригчдад бий. Хэрэвзээ үүнийг нь гүйцэлдүүлэхгүй бол шүүх тогтолцоог шүүлгэхээр дело №-оо хэзээний бэлдсэн болохоор цаг хугацааны л асуудал. Ядаж байхад Хөгжлийн банкны хэргийг шүүж буй шүүгч нь Хэнтийн Бэрхээс гаралтай. Дээд шүүхийн шинээр томилогдсон хоёр шүүгчийн нэг нь бас л Хэнтийнх. Ингэж тэд өөрсдийн хүнээ шүүхэд хүртэл шургуулсан. Хэлснээр нь хийх хүмүүс нь бэлээхэн байна аа гэсэн үг. Хүний эрхийн талаар тун чиг бүдүүлэг бодлого барьдаг энэ нам бидний хүний эрхийн мэдлэг дутуу, доогуур байгааг судалгаанаас мэдэж авсан болохоор туршилтаа үе шаттайгаар хэрэгжүүлээд байх шиг. Энэ сарын дундуур нүүрсний хэргийн талаарх сонсголоо хийнэ. Үүгээр мөн л Хөгжлийн банкны асуудал мэт хэсэг бусаг нөхрийг намнахаар хэзээний тохиролцсон нь ойлгомжтой. Нүүрсний хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар түдгэлзүүлэх хүсэлт гаргасан гишүүдээс харвал сүртэй ажиллагаа нь сүрлэн хүү шиг амар жимэр жаргах үлгэр болох нь ойлгомжтой болов.
Мэдээж нийгэмд шидэж өгөн хэмлүүлэх дайснаа тэд тодруулна. Дараагийн удаад дайралтаа дахиад л шүүх рүү шилжүүлнэ. Ийнхүү гүйцэтгэх засаглалыг гартаа оруулж, түүгээр дамжуулах хууль тогтоох засаглалыг дуулгавартай болгосон МАН шүүхийг шударга болгох нэрийдлээр хуулиар шүүх тогтолцоо руу халдана.
ЗАСАГЛАЛЫГ ЗАВХАРЛЫГ ЗАСАХ ЗААВАР
Л.Оюун-Эрдэнийн захиалгаар Н.Энхбаяр тэргүүтнүүд Бүгд найрамдах засаглалд шилжих шинэ Үндсэн хуулийн хэвлэмэлээ олон нийтэд ил болгосон. Хэдийгээр энэ нь төсөл төдийхөн гээд буй ч аажмаар ҮХНӨ-ийг хийх нь нэгэнт тодорхой болчихлоо. Ардчилсан нийгмийн алдааг нь засахаас илүүтэй хуучнаа санагалзах өвчний халдварыг троллын армиараа дамжуулан дунд үеийнхнийн хүчээр хийхийг тэд оролдож байна. Хамгийн ихээр бизнес рүү дайрч, хамгийн ихээр төрд эрх мэдлийг төвлөрүүлж буй тэдний мэдэлд өнөөдөр 105 төрийн өмчит компани 50 мянган ажиллагсдын хамт байна. Дээр нь төрийн албаны 250 мянгыг нэмээд тоолбол ямар их хүч энэ нам төвлөрүүлж буй зорилго нь тодорхой болно. Тиймээс урт шар дээлтийн боловсруулсан төсөл зүгээр ч нэг мөрөөдлийн зохиол биш. Бүх зүйлийг Үндсэн хууль руу чихэж байгаад өөрсдөө эсэргүүцэн жагсч байсан давхар дээлээ Үндсэн хуулийн Цэцэд захиалга өгч өмссөн болохоор Үндсэн хууль ч хамгаалалтгүй болсон. Тиймээс нам биш, тогтолцоо биш засаглалд бурууг бусдаас илүү чихээд буйг анхаарууштай.
СОЦИАЛИСТ ОД СҮЛДЭНД ДАХИН ИРЭХ ҮҮ?
Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн Богд хаант Засгийн газрын үеэс өнөөг хүртэл Соёмбо үсгийг төрийнхөө далбаа, сүлдэндээ залж, салгаж ирсэн монголчууд 1924 онд Бүгд найрамдах засаглалд шилжсэн ч 1940 он хүртэл соёмбын дээр нүүдэлчдийн ганц идеологи байж мэдэх галыг залсаар иржээ. Харин Оросыг эсэргүүцэлгүй дагах болсон хэлмэгдүүлэлтийн дараа буюу 1940 онд батлагдсан Үндсэн хуулиар социалистуудын сүлд тэмдэг болсон од буюу таван хошууг залжээ. Үүнээс хойш 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлагдтал 52 жил сүлдэндээ залав. Харин ардчиллын замаар замнах Үндсэн хуулиа батлаад сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ залжээ. Гэтэл одоо хэр нь 1940, 1960 оны сүлд лугаа өргөмжлөлийг шинэ сүлдний чандмань эрдэнэтэй, түүний дээр нь 1924 оны сүлдийг байрлуулсан хачин хярамцаг шиг юм хийлгэснээ жил бүр тараасаар байна.
Энэ мэтээр эргэж, буцсан, хуучин руугаа ухрах арааг МАН аажмаар хийж, алгуураар чөлөөт зах зээлийг үзэн ядуулж, өөрсдийн завхруулснаа завшаан болгон ашигласаар байна. Үүнийг нь шүүмжилсэн, хэлсэн болгоныг хэрэгтэн эсвэл хөлсний бичээч гэж зүхүүлсээр байхуйд түүнийг нь үл ойшоовол удахгүй бид сүлдэндээ социалист одоо залахад бэлэн байна. Хуучны коммунист системээс нэрэндээ ялимгүй өөрчлөлт оруулж үлдээд төр барьж байгаа амь бөхтэй дэлхийд оршин буй дөрвөн намын нэг МАН. Нөгөө гурав нь хойд, урд хөршид маань, үлдсэн нэг нь Кубад орших авай…
Холбоотой мэдээ