Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орныхоо цөмийн хүчин чадлыг өргөжүүлэх зорилгоор тэсрэх бөмбөгний түлшний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх тушаал өгсөн. Энэ тушаалын дараа тус улсын цөмийн туршилтын талбай бужигнаж эхэлсэн нь хиймэл дагуулын зурагт харагджээ. Тодруулбал, Хойд Солонгосыг хянадаг Вашингтонд төвтэй байгууллага энэ сарын 3, 17-ны өдрийн зургуудыг ажиглан уг дүгнэлтийг гаргасан байна.
Зургаас харахад Ёнбен талбай дахь Хөнгөн усны туршилтын реакторын бүтээн байгуулалт дуусах дөхөж, ашиглалтын төлөвт шилжиж байгаа нь тодорхой болжээ. Түүнчлэн реакторын хөргөлтийн системээс усны урсац илэрсэн байна. Тус талбай дахь уран баяжуулах үйлдвэрийн эргэн тойронд мөн барилгын ажил эхэлснээс үзвэл хүчин чадлыг нь өргөжүүлэх гэж байж магадгүй юм.
Хойд Солонгосын хэвлэлд мэдээлснээр, Ким Жон Ун өнгөрсөн Мягмар гаригт зэвсгийн чанартай цөмийн материалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээ зарласан. Мөн Өмнөд Солонгос, АНУ хоёрыг цөмийн сургуулилалтаа эрчимжүүлж байгааг буруушаасан юм.
Жижиг зэвсгүүдэд багтах жижигрүүлсэн цөмийн цэнэгт хошууг Пёньян үйлдвэрлэж чадсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Стокгольмын Энх тайвны судалгааны хүрээлэнгээс тооцоолсноор Хойд Солонгос 20 хүртэл цөмийн цэнэгт хошуу угсарсан байж магадгүй аж. Эдгээр нь ойролцоогоор 45-55 цөмийн төхөөрөмжид хангалттай задрахуйц материалтай гэж таамаглаж байна.
Эх сурвалж: NBC