МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. МАН-ын дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Нэгдүгээрт, МАН-ын бүлгийн дэд даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Тус ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо.
УИХ дахь МАН гурван дэд даргатай байхаар анх намын дүрмээ баталсан. Нэг дэд дарга дутуу байсан. Тиймээс МАН-ын бүлгийн дэд дарга, нийслэлийн асуудал хариуцсан даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгосон.
Ингээд МАН-ын бүлэг гурван дэд даргатай боллоо.
Хоёрдугаарт, Монгол Улсын Засгын газраас 2023-2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан. Тиймээс УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой хэмээн үзэж байгаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус ажлын хэсгийг ахалж байна.
Гуравдугаарт, "Хэлэлцэх асуудалд ороогүй боловч бүлгийн гишүүдийн зүгээс санал гаргасан. Сүүлийн үед бусдын бизнесийг дарамтлах, үл хөдлөх хөрөнгөд халдах явдал газар авлаа. Тиймээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгөнд нь халдаж байгаа халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эргээд МАН-ын бүлэгт танилцуулах үүрэг, чиглэл өгсөн гэв.
Түүний дараа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Аялал жуулчлалын хуулийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, "Аялал жуулчлалын салбарыг либералчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэл хийхийн тулд тус хуулийг шинэчлэн найруулсан. Төр, хувийн хэвшлүүд хэн нь юу хийх талаар тодорхой болгохыг зорьсон. Татвартай холбоотой гурван төрлийн өөрчлөлт оруулахаар яригдаж байна.
Нэгдүгээрт, гадаадын жуулчид худалдан авсан барааныхаа НӨАТ-ыг буцааж авах боломжийг бүрдүүлнэ.
Хоёрдугаарт, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг сөхөж оруулж ирж байна.Дотоодын нислэгт зарцуулагдаж байгаа түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөгдөх асуудал хөндөгдсөнөөр дотоодын нислэгийн үнэ тодорхой хэмжээнд буурна. Гуравдугаарт, жуулчны аюулгүй байдлыг хамгаалах асуудал хуульд нэлээд тусгагдсан гэв.
Мэдээллийн төгсгөлд “УИХ-ын дарга хууль өргөн барих цаг өгвөл өнөө маргаашгүй хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон” гэдгийг МАН-ын бүлгийн дарга тодотголоо.
Холбоотой мэдээ