Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон нэг сая жуулчин хүлээн авахаа зарласан. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зочид буудлын хүрэлцээ, үйлчилгээний чанар эн тэргүүнд хөндөгддөг. Зочид буудал нь жуулчдын хувьд тухлах, амрах гэр нь л гэсэн үг. Тиймээс үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан, түргэн шуурхай, үйлчилгээ сайн байх шаардлагатай. Сэтгэлд нийцсэн үйлчилгээ авсан хүмүүс танилууддаа түгээж, буцаж ирэх хөшүүрэг болдог. Энэ удаагийн сурвалжлагаар зочид буудлуудын үйлчилгээ, стандартын талаар бэлтгэлээ.
Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг Улаанбаатар хотын төвөөр томоохон зэрэглэлтэй зочид буудлууд байрладаг. Харин хотын төвөөс алсрах тусам дэн буудлууд ихсэх аж. Хотын “B” бүсэд байрлах зочид буудалд орж үзвэл доторх орчин бүүдгэр, агаар муутай, бүгчим байв. Хоолой засч, хэсэг хүлээсний дараа улаан юүдэнтэй цамцтай нэгэн эмэгтэй ирлээ. Тэрбээр мэндийн зөрүүгүй буудлын үнийг дуржигнатал хэлэв. Ажилдаа гаршсан хүний үйлдэл бололтой. Энэхүү буудал нь нийт 10 өрөөтэй. Гурван өрөө нь VIP бол үлдсэн өрөө нь энгийн аж.
VIP өрөө нь энгийнээсээ ялгагдах зүйл нь усанд орох шүршүүртэй гэнэ. Улаанбаатар хотын татвар багтаагүйгээр энгийн өрөөний үнэ 80 мянган төгрөг бол люкс нь 200 мянган төгрөг.
Хөдөө орон нутгуудад том зочид буудлаас илүү жижиг буудлууд их байдаг. Эдгээр нь 70 мянгаас 250 мянган төгрөгийн хооронд үнэтэй. Дотоод тохижилт харилцан адилгүй. Өрөө нь ижил үнэтэй ч зарим нь өглөөний хоолтой, дотроосоо хоол захиалан идэх боломжтой гэдгээрээ ялгардаг бол зарим нь дүүшгүй, зөвхөн унтаж амрах л боломжтой.
Монгол Улсад Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS 5927:2008 стандартын дагуу зочид буудлуудад тав хүртэл зэрэгтэй байдаг. Одны тоогоор тухайн зочид буудлыг хэр чанар, чансаатайг тодорхойлдог.
Монголын таван одтой зочид буудлуудын дийлэнх нь гадаадын сүлжээ компани байдаг. Тухайлбал, "Novotel", "Blue sky", "Holiday Inn", "Corporate hotel and convention center", "Kempiniski Khan", "Шангри-Ла" зэргийг нэрлэж болно. Гадаадын сүлжээ буудал гэдгээрээ стандартад хүрсэн үйлчилгээ үзүүлдэг. Улаанбаатар хотын "А" хэсэгт байрлах томоохон таван одтой зочид буудлуудаар орж, өрөө болон үнийн талаар лавлалаа. Урьдчилан захиалга өгөхийн тулд ямар байгуулагаас, ямар журмаар ирж байгаагаа заавал мэдэгдэх нь сонирхолтой. Үнэ ханшийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс илүү хаанаас явж байгааг дахин, дахин тодотгон асууна. Үнийн хувьд 134-400 ам.долларын үнэтэй. 200 зочны өрөөтэй бөгөөд үүний 10 нь өөр төрлийн өрөө аж.
Томоохон буудлын хүлээн авагч нар англи хэлээр харилцахад хүндрэлгүй байгаа ч дунд зэрэг болон жижиг буудлын хүлээн авагч нар ярьж чадахгүй байна.
Гэхдээ жуулчид тэр бүр таван одтой буудалд хоноглохгүй. Тиймээс дундаж эсвэл жижиг буудлуудыг илүү сайжруулахгүй бол жуулчдыг татна гэдэг юу л бол. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг дэх нэгэн хотхоны орцонд дэн буудал (Hostel) байх бөгөөд үнэ хямд өрөө нь 40 мянган төгрөгөөс эхэлдэг. Хямд өрөө нь хүйтэн мөн шүршүүргүй, урагшаа хойшоо тав алхам зайтай гол хэсэгт нь ганц ор байршуулжээ. Гэхдээ өөр илүү зайтай өрөөний сонголт байдаг ч үнэ нь 120 мянган төгрөг.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатарт нийт 4000 жуулчин хүлээн авах боломжтой зочид буудал байна. Үүний тоог 6000 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Covid-ийн жилд хөл хорионоос болж олонх нь дампуурч, ажиллах хүчнээ алдсанаар зочид буудлын тоо буурсан. Өнгөрсөн жилээс энэ салбар сэргэх хандлагатай байна. Тиймээс зочид буудлын стандарт, зэргийг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн зочид буудлуудад зэрэглэл олгох, ахиулах ажлуудыг хийж байна. Улирлаас хамааран Монголд ирэх жуулчдын тоо багасдаг тул өвлийн улиралд зочид буудлын орлого ч буурдаг” гэлээ.
Монголын зочид буудлуудын холбоо нь Улаанбаатар хот болон орон нутгийн зочид буудлуудад уриалга гаргаснаар бүх зочид буудлууд зочлох жилийн сурталчилгааг хэвлэж зочин хүлээн авах хэсэгт байршуулж эхэлсэн тухай Байгаль орчин жуулчлалын яамнаас мэдэгдсэн. Гэвч энэ тухай хотын "Б" бүсэд байрших буудлууд мэдэхгүй байна. Хотын А бүсээс аравхан алхамын зайд байрлах зочид буудал нь умгар өрөө, тохигүй орчин, өглөөний цай, үйлчилгээний ялгаатай стандартыг харж болохоор. Томоохон сүлжээ зочид буудлууд нь аялал жуулчлалын компаниар дамжуулаад зочдоо аваад байж болох ч аравхан алхамын зайтай "архины оромж" шиг зочид буудлуудынхаа стандартыг өөрчлөх, тавих шаардлагаа нэмэхгүй бол соёлгүй, тухгүй, үйлчилгээгүй зочид буудлууд төрийн зорьж байгаа бодлоготой уялдамгүй харагдана.
Цөөн тоотой хэдэн зочид буудлыг эс тооцвол Монголд ирэх нэг сая жуулчныг байрлуулах олигтойхон зочид буудал хуруу дарам цөөн гэдгийг эндээс харж болно. Хамгийн чухал нь 4000 жуулчин хүлээн авах чадалтай зочид буудал нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдний байгаа төрх, угтан авах соёл, стандартыг нь харвал жуулчдад үйлчлэх нь хэд байх бол. Аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон, жуулчдыг татах төрийн бодлого нь зөв боловч амьдрал дээр жуулчдыг хэн угтаж аваад үдээд гаргах вэ гэдэг том асуудал төдийгүй том соёл. Тиймээс зочид буудлуудын стандартыг сайжруулах, адаглаад угтаж авч байгаа үйлчлэгчийнх нь хэл, харилцааны соёл, өдөр тутам өгч байгаа үйлчилгээнд нь анхаарал хандуулахгүй бол нэг сая жуулчныг үргээчих вий гэсэн болгоомжлол нь зочид буудлуудаар явахад анзаарагдсаныг онцлоё.
Э.ХУЛАН, Д.НЯМХҮҮ
Холбоотой мэдээ