Амралтын өдрүүдэд нэгэн иргэн цахим хуудастаа Нисэх, Яармаг чиглэлийн замд том оврын машинаар хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч бусад машин руу санаатайгаар замын шаврыг цацруулж байгаа талаар бичлэг нийтэлсэн. Энэхүү зохисгүй үйлдэл нь бусад хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн үзэгдэх орчинг хязгаарласан үйлдэл байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас тухайн жолоочид хариуцлага тооцох аж.
ТЦА-наас өгсөн мэдээллээр "Тухайн жолоочид хариуцлага тооцно. Жолооч өөрийн буруутай үйлдлийг ойлгосон бөгөөд хариуцлага хүлээхээ мэдэгдсэн. Жолооч та бүхэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг баримтлан замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг зөвлөж байна" гэсэн юм.
Харин тухайн том оврын машины жолооч "Замын хөдөлгөөнд оролцож байхдаа соёлгүй хандаж, бусдын хөдөлгөөнд саад учруулсандаа гэмшиж байна. Санаатайгаар бусад машин руу шавар цацсан үйлдэлдээ уучлалт гуйж байна. Зуны улирал эхэлж шавар шавхаа их байгаа учраас бусад жолоочдоо хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна" гэлээ.
Дээрх үйлдэлд Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хариуцлага тооцох юм байна.
Холбоотой мэдээ