Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд олон нийтэд нээлттэй болох ёстой мөнгөний их уурхай бол тусгай сангууд юм.
Өнөө жил энэхүү 22 тусгай санд зургаан их наяд төгрөг эргэлдэж байна.
Гэвч одоогоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгож, зарласнаас биш бусад сайд нарын хувьд “саалийн үнээ”-г ил болгох хүсэл эрмэлзэл алга гэж хардаж болохоор буй. Учир нь, хэд хоногийн өмнө Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “Яам, агентлагууд мэдээллээ ирүүлэхгүйгээс “Шилэн” ажиллагаанд хүндрэл учирч байна” гэх зовлон тоочсон нь хардлагыг улам бататгаж байгаа.
Эрх баригчдын хувьд 41-д хүрч байсан Засгийн газрын тусгай санг цөөлж, 2020 оноос 22 болгосон тухай ярьдаг ч чухамдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан, булхай луйврын дуулианаа намдаах зорилготой сонгууль угтсан улс төр нь болсон юм. Тус сангаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд зээл авсан нь ил болсноор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө жинхэнэ эзэддээ хүрч чаддаг уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэсэн. Учир нь, үйлдвэрлэгчдэд олддоггүй жилийн гурван хувийн хүүтэй зээл улстөрчдийн хамаарал бүхий компанид олгогдон, зориулалт бусаар зарцуулагдсаны цаана мөнгө угаалт явагдав уу гэх хардлага ч дагуулсан. Гэвч хуулийнхан хэдхэн хүнийг шалган, шоронд суулгаж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өршөөл үзүүлэн суллаж, бусдынх нь хэрэг шалгагдалгүй хав дарагдсаар энэхүү дуулиант ЖДҮ-ийн хэрэг намжсан.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж танил тал, хулгай, луйвар үүрлэсэн бас нэг мөнгөний уурхай бий ч улстөрчид хоорондоо хэрэлдэхээр хэн зээл авсан нь яригддаг бусад үед хаалттай, сөхөгдөггүй сантай болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Засгийн газрын тусгай сангууд өнгөрсөн 30 жилд авлига, мөнгө угаалт болж ирсэн нь нэн тодорхой. Өмнөх парламентын үед Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн 50 хувийг манай нэг Хөдөлмөрийн баатар 14 компаниараа дамжуулан хүртсэн гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд ярьж байсан. Тэр санд хийсэн шалгалтын дүн ил гараагүй” гэж чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн.
Эрх баригчдын хувьд булхай луйвраа дарах шаардлага үүссэн үү, эсвэл өөр эрх ашиг үйлчилсэн үү, уг сангийн нэрийг өөрчилж, Хөдөө аж ахуйг дэмжих сан болгон зүсийг нь хувиргаж байсан ч одоо Хөдөө аж ахуйг дэмжих корпорац төрийн өмчит ХХК болгохоор Засгийн газар төсөл боловсруулж, УИХ-д оруулаад буй.
Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын хамаарал бүхий 14 компани тус сангийн 50 хувь буюу 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан асуудалд салбарын сайд Х.Болорчулуун тайлбар хийх үеэрээ “Зээлээ төлсөн” гэж мэдэгдсэн. Гэхдээ улс төрд танил талтай нь охин компаниараа дамжуулж, зээл авдаг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр Монголд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа газар тариалан хөгжиж байна гэж ярих нь өрөөсгөл юм. Нөгөө талдаа Мал хамгаалах сан гэж бас нэг улстөрчдийн компанийг тэжээх зорилгоор байгуулсан юм шиг сан бий. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаярын хамаарал бүхий компани тус сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авсан асуудал хөндөгдөж, дуулиан тарьж байв. Түүнчлэн “Чансаа хан хөхий холдинг” компани авсан зээлийнхээ 1.2 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан нь шалгалтаар тогтоогдсон гэдэг мэдээлэл ч цацагдсан юм. Уг зээл хүүгүй олгогдсоноороо онцлог. Харин эдгээр зээлүүд эргэн төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа.
Мөн саяхан олон нийтэд ил болгосон Боловсролын зээлийн сангийн мэдээллээр улстөрчид, түүний хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд зээл, тэтгэлэг авч сурсан нь батлагдсан. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий компани өмнө нь ЖДҮХС-гаас зээл авсан баримт дэлгэгдэж байсан бол энэ удаад Боловсролын зээлийн сангаас хүү, охиныхоо хамтаар зээл авч, сурсан нь олон нийтэд ил болсон. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаярын хувьд ЖДҮХС, Мал хамгаалах сангаас зээл авсан байсан бол энэ удаад Боловсролын зээлийн сангаас зээл авч сурсан нь батлагдаад буй.
Цаашдаа Засгийн газрын тусгай сангуудыг улстөрчдийн саалийн үнээ болгохгүйн тулд шалгуур нөхцлийг өөрчлөх, мөн олон нийтэд мэдээллийг ил тод болгох, иргэд нь хяналтаа тавих шаардлага үүсч байна.
Засгийн газрын тусгай сангууд:
- Байгаль орчин, уур амьсгалын сан
- Боловсролын зээлийн сан
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
- Засгийн газрын нөөц сан
- Зэвсэгт хүчний хөгжлийн сан
- Ирээдүйн өв сан
- Кино урлагийг дэмжих сан
- Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
- Нийгмийн даатгалын сан
- Нийгмийн халамжийн сан
- Соёл, урлагийг дэмжих сан
- Спортыг дэмжих сан
- Төсвийн тогтворжуулалтын сан
- Улсын авто замын сан
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
- Хөдөө аж ахуйг дэмжих сан
- Шинжлэх ухаан, технологийн сан
- Эрүүл мэндийг дэмжих сан
- Эрүүл мэндийн даатгалын сан
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ