Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр/2023.04.03/ Шилэн ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:
-Өнгөрсөн долоо хоногт 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрлийг шилэн болгосон бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газрын Богдхан уул, Хөвсгөл аймгийн 3474 га газрын мэдээллийг ил тод болгож байна. Нийт 1071 иргэний 299 га, 887 байгууллагын 3175 га газар эзэмшиж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар эдгээр тусгай хамгаалалттай газар эзэмшиж байгаа иргэдийн мэдээлэл ил тод болж байна гэсэн үг. Газрын зөвшөөрөл авч, эзэмшиж байгаа иргэд газрын төлбөрөө төлж байгаа эсэх, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх мэдээлэл иргэдэд нээлттэй байна.
Нээлттэй мэдээллийн үнэлгээг өнгөрсөн долоо хоногт аймаг, нийслэлийн хувьд 43,3 хувьтай байсан бол өнөөдөр 47,3 хувь болж өссөн, яамд 66,09 хувьтай байсан бол одоо 71,53 хувь болж өссөн байна.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас улсын хэмжээнд байдаг нийт 23 тусгай сан байдгаас 12 тусгай сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохыг есөн сайдад албан бичгээр хүргүүлсэн байна. Үүний хүрээнд Боловсролын зээлийн сан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин уур амьсгалын сангууд иргэдэд нээлттэй болжээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад шалгалт хийж, албан даалгавар хүргүүлсэн талаар Н.Учрал сайд мэдээлэв.
Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм байна. Иргэд нээлттэй мэдээллийг харах бол ЭНД дарж танилцах бөгөөд тухайн байгууллагын регистрийн дугаар болон нэрээр хайлт хийж, нээлттэй мэдээллийг авах боломжтой.
Холбоотой мэдээ