Саудын Араб улс ирэх тавдугаар сараас эхлээд 2023 оныг дуустал газрын тос олборлолтоо өдрийн 500 мянган баррелиар бууруулна гэж мэдэгдлээ. Энэ шийдвэрээс шалтгаалаад дэлхий дахинд газрын тосны үнэ өсч магадгүй юм. Газрын тосны үнэ өсөх нь Оросын мөнгөний авдрыг дүүргэж, АНУ тэргүүтэй бусад оронд нүүрлэсэн инфляциас үүдэлтэй дарамтыг улам нэмнэ.
Олборлолт бууруулах үйл явцыг ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус хэд хэдэн оронтой тохиролцсоны үндсэн дээр шийдсэн гэж Саудын Арабын Эрчим хүчний яам мэдэгдлээ. Саудын Араб 2022 онд өдөрт дунджаар 11.5 сая баррель газрын тос олборлосон. Тэгвэл үүнийг 500 мянгаар бууруулах нь нийт олборлолтын таван хувьтай тэнцэнэ. Эрчим хүчний яамнаас мэдээлснээр олборлолтыг бууруулж буй нь газрын тосны зах зээлийг тогтворжуулах зорилготой урьдчилан сэргийлэх арга хэмжээ аж.
Үүнээс өмнө өнгөрсөн оны аравдугаар сард өдөрт хоёр сая баррелиар олборлолтын хэмжээгээ бууруулсан. Энэ нь АНУ-ын дунд хугацааны сонгуулийн үетэй давхацсан тул ерөнхийлөгч Жо Байден дургүйцлээ илэрхийлж, Ардчилсан намын хууль тогтоогчид Саудын Арабтай хамтын ажиллагаагаа зогсоохыг уриалж байв. Гэхдээ АНУ ч тэр, Саудын Араб ч тэр энэ маргаанаа ямар нэгэн улс төрийн шалтгаангүй, зөвхөн зах зээлийн үнийг тогтвортой байлгах л зорилготой гэж мэдэгджээ.
Энэ үйл явдлаас хойш газрын тосны үнэ ерөнхийдөө буурах хандлагатай болсон. Аравдугаар сард олборлолтын хэмжээг бууруулсны дараа брент маркийн газрын тос нэг баррель нь 95 ам.доллар байсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 80 ам.доллар болж буурчээ.
Саудын Араб улс угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманы баталсан 2030 он хүртэлх эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөтэй холбоотой мега төслүүдийг санхүүжүүлэхийн тулд газрын тосны үнийг өндөр байлгахаар зорьж буйг ажиглагчид хэлж байна. "Тэдний дотоодын ашиг сонирхол нь түншүүдтэй харилцах харилцаанаас нь дээгүүр байр суурь эзэлдэг" гэж Райсын их сургуулийн шинжээч Кристиан Коатес Улричсен хэлэв.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ