"Бид өөрсдийн эрх ашгийн төлөө Ө.Сумьяабаатарыг огцруулаагүй"

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

"Бид өөрсдийн эрх ашгийн төлөө Ө.Сумьяабаатарыг огцруулаагүй"

"Бид өөрсдийн эрх ашгийн төлөө Ө.Сумьяабаатарыг огцруулаагүй"

Баянгол дүүргийн ардчилсан намын иргэдийн төлөөлөгчдийн бүлгээс Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулсантай холбоотой асуудлаар өнөөдөр /2023.04.03/ мэдээлэл хийлээ. Хотын дарга дүүргийн ИТХ-ын шийдвэрийг баталгаажуулж өчигдөр Б/33 тоот захирамжаар Ө.Сумьяабаатарыг чөлөөлсөн байна. Тус захирамжийг дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч н.Өлзийнаран эсэргүүцэж төв талбайд суулт зарлаж Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарыг захирамжаа цуцлахыг шаардаж буй юм.

Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч Н.БОЛДБААТАР:

-Өнгөрөгсөн гуравдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хурал болж, Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулахаар болсон. Хуралд 33 төлөөлөгч оролцож, олонхын саналаар Засаг даргыг огцруулах шийдвэрийг гаргасан. 2020 оны орон нутгийн сонгуулиас хойш МАН эрх барьж байгаа. Манай нам сөрөг хүчнээ хийгээд, өнөөдрийн дүүргийн Засаг дарга болон түүний баг хамт олонд хяналт тавьж ирсэн.

Өнгөрсөн жил ИТХ-ын нийт төлөөлөгчдийн 73,9 хувь нь Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулахыг дэмжиж, түүнийг огцруулахаар болсон. Гэтэл нийслэлийн Засаг дарга энэ шийдвэрийг хүлээж аваагүй. Ингээд энэ Ө.Сумьяабаатар жилийн турш Засаг даргын ажлаа хийсээр өдийг хүрлээ.

Бидний зүгээс ажлыг нь сайжруулах үүднээс Засаг даргатай олон удаа уулзаж, шахаж, хариуцлага нэхдэг байсан. Харамсалтай нь Ө.Сумьяабаатар Төсвийн хууль болон бусад хууль тогтоомжийг илт зөрчсөн нь 2022 оны нийслэлийн аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон юм. Тийм учраас бид өнгөрсөн долоо хоногт хуралдаад, Ө.Сумьяабаатарыг огцруулах шийдвэр гаргасан.

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.МЯГМАРСҮРЭН:

-Манай дүүрэгт нийтдээ 39 төлөөлөгч бий. Энд МАН, АН, ХҮН-ын төлөөллүүд багтдаг. Зөвхөн АН-ын төлөөлөгчид санал гаргаад дүүргийн Засаг даргыг солих гээд байгаа юм биш. Эрх барьж байгаа намын төлөөллүүд ч саналаа өгсөн.

АН-ын бүлгийн төлөөлөгчид өөрсдийн эрх ашгийн төлөө яваагүй. МАН бүрэн эрхээ дуусгах жил хүртэл бид хяналт, шаардлага тавьсаар байх болно.

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН САНАЛЫГ Д.СУМЪЯАБАЗАР ЭЦЭСЛЭН ШИЙДНЭ

Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан болж, Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулахаар болсон билээ. Үүнээс өмнө буюу 2022 онд Ө.Сумьяабаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус үйлдэл хийсэн гэх баримт ил болж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар огцруулах саналыг хэлэлцэн 40 төлөөлөгчийн 29 нь дэмжиж байсан юм. Ийн хоёр ч удаа түүнийг огцруулах ИТХ-ын шийдвэр гарсан боловч тэрбээр одоог хүртэл ажлаа хийсээр буй.

Ө.Сумьяабаатарыг УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дэмжин Баянгол дүүргийн Засаг даргаар томилуулж байсан. Ж.Ганбаатарын хүн гэгддэг. Дүүргийн ИТХ-ын саналыг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар эцэслэн шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж