Сөүл, Бээжингийн улс төрийн зөрчил ард түмний үзэлд нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Сөүл, Бээжингийн улс төрийн зөрчил ард түмний үзэлд нөлөөлж байна

Сөүл, Бээжингийн улс төрийн зөрчил ард түмний үзэлд нөлөөлж байна

Хятад улс Өмнөд Солонгостой харилцаагаа ард түмний түвшинд сайжруулахыг зорьж байна. Гэвч үүний тулд юун түрүүнд  хоёр орны хоорондох улс төрийн хурцадмал байдлын нөлөөг даван туулах хэрэгтэй гэдгийг ажиглагчид мэдэгджээ. Хятадын эрх баригч Коммунист намын төлөөлөгч саяхан Өмнөд Солонгост хийсэн айлчлалаараа хоёр талын найрамдлын эхлэлийг эргэн дурсч, хамтын ажиллагааны механизмыг сэргээх талаар ярьсан байна. 

"Хятад, Өмнөд Солонгос улсууд бол салшгүй хөршүүд, найз, хамтрагчид бөгөөд хамтын ашиг сонирхол улам бүр ойртож байна" гэж Хятадын ард түмний гадаад улстай найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Лин Сунтянь хэлжээ. Тэрбээр Сөүлд хийсэн гурван хоногийн айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын албаныхан, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөгч нартай уулзсан байна. 

Харин Хятадын иргэний хамтын ажиллагааг сэргээж, эдийн засаг, соёлын харилцаагаа ахиулж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь Энэтхэг-Номхон хамтын ажиллагааны далайн стратеги нь Хятадыг хязгаарлах зорилготой гэж Бээжин үзэж буйн дээр Өмнөд Солонгосын гэрээний холбоотон АНУ-тай холбоотой хурцадмал байдал үүссэн.

Сөүлийн Кюн Хи их сургуулийн хятад судлалын профессор Чо Жэ У хэлэхдээ, Лин Сунтяний айлчлал нь хоёр орны харилцааг ар түмний түвшинд сэргээхэд чиглэсэн  “мөс зүсэх” оролдлого гэж тодорхойлжээ. Гэхдээ Хятадын даргаар Ши Жиньпин ажиллаж байгаа үед эдийн засаг, соёлын түвшинд ард түмний харилцан үйлчлэлийг нэмэгдүүлэхэд дорвитой ахиц дэвшил гарахгүй гэж тэрбээр үзэж байна. "Ард түмнүүдийн хоорондох дипломат байдлыг Ши Жиньпин улс төрийн цензураар захирдаг" гэж тэрбээр тайлбарласан байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын хиймэл дагуулын сувгуудыг Хятадад хориглосон бөгөөд солонгос олон ангит кинонуудыг ч үзүүлдэггүй аж. 

АНУ-д үйлдвэрлэсэн пуужин сөнөөх системийг Сөүлийн ойролцоо 2017 онд байгуулснаа өнгөрсөн наймдугаар сард өргөжүүлснээр хоёр орны хооронд улс төрийн зөрчил хурцадсан. Энэхүү пуужингийн системийг Хятадын радарын аюулгүй байдалд заналхийлнэ гэж Бээжин эсэргүүцсэн бол Сөүл нь уг алхмаа Хойд Солонгосын заналхийлэлтэй тэмцэх зорилготой гэж тайлбарласан.

Үүний зэрэгцээ Юн Сук Ёл өнгөрсөн оны тавдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болсноор Хятад улстай харилцаандаа илүү хатуу байр суурийг баримтлах болсны дээр НАТО болон АНУ, Японтой аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж эхэлсэн. Ийнхүү хоёр орны улс төрийн зөрчил нэмэгдсэнээр өмнөд солонгосчуудын дунд Хятадын талаарх үзлийг бүр илүү муутгасан байна. Хятадад хандах хандлагын талаарх судалгааны "Sinophone Borderlands" төслийн саяхан хийсэн судалгаагаар өмнөд солонгосчууд Хятадыг бүс нутгийн аль ч улсаас, ялангуяа байгаль орчин, технологийн тал дээр илүү сөрөг талаас хардаг болохыг тогтоожээ.
Өмнөд Солонгосын "Korea JoongAng Daily" сонинд өгсөн ярилцлагадаа, Лин Сунтянь хоёр орны иргэдийн хооронд нэгнийхээ эсрэг сөрөг бодол байдаг гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэрбээр үүнийг тайлбарлахдаа, Хятадын хурдацтай өсөлт, цар тахлаас болж ард түмнүүдийн хооронд харилцаа зогссон, бүс нутгаас гаднах орнуудын "гүтгэлэг" болон төөрөгдүүлсэн үзлүүдтэй холбожээ. 
Мөн тэрбээр Өмнөд Солонгосын гадаад хэргийн орлогч сайд Чой Юн Самтай уулзахдаа хоёр орны нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааг Хятад улс өндрөөр үнэлдгийн илрэл нь түүний айлчлал гэдгийг онцолсон байна.  Ард түмнүүдийн хоорондох харилцааг Хятад улс нь ерөнхий дипломат стратегийнхаа хүрээнд төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаагаар зохицуулж иржээ. Лин Сунтянь өмнө нь Хятад улсаас суух элчин сайдаар ажиллаж байгаад Гадаад харилцааны зөвлөлийн орлогч даргаар томилогдон ажиллах болсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж