"Шинэ төмөр замууд мухар учраас эргэлтэд орох боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

"Шинэ төмөр замууд мухар учраас эргэлтэд орох боломжгүй"

"Шинэ төмөр замууд мухар учраас эргэлтэд орох боломжгүй"

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Хаврын чуулганыг авлигын эсрэг гэж тодотгосон. Түүнийгээ дагаад ч тэр үү чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэн бол УИХ-ын гишүүнД.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг прокурорын байгууллагын хүсэлтээр түдгэлзүүлэх шийдвэр өнгөрсөн баасан гаригт УИХ-аас гаргалаа. Та энэ процессыг хэрхэн дүгнэж байна?

Нийгэмд шударга ёс тогтоох, хууль хэрэгждэг байх, авлига авч, албан тушаалаа урвуулан ашигладаггүй байх нь төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан гээд хэн бүхний үүрэг бас хариуцлага. Гэсэн хэдий ч ямар нэгэн байдлаар хашиж байгаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгох, ашиг сонирхлын зөрчил гаргах тохиолдол төдийлөн буурахгүй байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд авлигын индексийн үзүүлэлтээр дэлхийн бусад улс оронтой харьцуулахад дээгүүр жагсч байгаа бөгөөд, энэ үзүүлэлтээ бууруулж чадаагүй байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас шат дараатай арга хэмжээ авч байна. Үүний нэг нь Засгийн газраас зарласан “Таван Ш” ажиллагаа юм. Нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулаад байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг оруулж ирсэн. Өмнө нь  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тохиолдол гарч байсан.

Үнэнийг хэлэхэд тухай бүр нь УИХ-ын гишүүд хамгаалаад үлддэг байсан. Гэтэл энэ удаа хуулийн байгууллагаас оруулж ирсэн нэр бүхий гурван гишүүний асуудлыг авч хэлэлцээд хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр УИХ-ын гишүүд гаргасан нь энэ чуулганы бас нэгэн онцлог боллоо.

Өөрөөр хэлбэл, “Шаардлагатай бол шалгуул” гэдэг байр суурин дээр бат зогсч чадлаа. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа гэээд хэн нэгний гэм бурууг тогтоож байгаа асуудал огт биш. Харин хууль хяналтын, мөрдөх байгууллагад хуулийн хүрээнд холбогдох үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаа хэрэг. Нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр УИХ-аас гаргасан нь тэдний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Түүнээс өмнө хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасныг сануулахад буруудахгүй байх.

-Таны хариуцаж байгаа салбарт ч мөн их хэмжээний авлига, албан тушаалын хэргүүд гарсан. Төмөр замын нэг л даргын гэрээс сэйф дүүрэн мөнгө гарч ирсэн нь нийгэмд дуулиан тарьсан. Нүүрсний хулгайн асуудал ч явж, явж зам, тээврийн салбартай холбогдож байна. Салбараа авлигаас ангид, нээлттэй, ил тод болгохын тулд юу хийж байна?

Тээврийн үйлчилгээ хүрдэггүй түүнийг хүртдэггүй нэг ч хүн байхгүй. Иргэн бүр авто зам, төмөр зам, агаарын тээврийн үйлчилгээг ямар нэгэн байдлаар хүртдэг. Нэг ёсондоо зам, тээврийн  салбарын хамрах хүрээ өргөн, онцлог их. Тиймээс зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод, хурдан шуурхай хүргэх, хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахад үндсэн бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Төр нь иргэддээ үйлчлэх ёстой. Төрийн албан хаагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх үүрэгтэй. Энэ үүргээ ухамсарладаг байх үндсэн шаардлагыг би өөрөө ч баримталдаг бусад хүмүүст ч тавьдаг. Хууль зөрчихгүй, хулгай хийхгүй, төрийн үйлчилгээг иргэдэд түгжрэлгүй хурдан шуурхай хүргэх ёстой. Сайдаар томилогдож ирээд үндсэн тавьсан бодлого, зорилго ердөө энэ байсан. Сайдын албан тушаалд томилогдсоноос хойш хагас жил өнгөрч байна. Энэ хугацаанд салбартаа тавьсан зорилтын үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн.

Манай салбар өмнө нь хүнд сурталтай, удаан байснаас үүдэн иргэд үйчилгээ авахад чирэгдэл үүсдэг, үүнээс шалтгаалаад авлига ашиг сонирхлын зөрчил их гардаг байсан. Харин өнөөдөр дээрээс нь бодлогоор шахаад эхлэхээр шат шатандаа хэл ам, гомдол чирэгдэл, бухимдал, авлига ашиг сонирхлын зөрчил буурсан гэж харж байна.

Гэхдээ буурчихлаа гэж тайвширахгүйгээр цаашид улам илүү нээлттэй болгохын төлөө ажиллана. Цаашид нээлттэй утас ажиллуулж хаана, ямар хүнд суртал, асуудал чирэгдэл учруулж байгаа талаар иргэпийн санал гомдлыг хүлээж авч, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг, нээлттэй утас ажиллуулахаар төлөвлөж байна.

-ИРЭХ ЗУРГАДУГААР САРД АНУ-ТАЙ “OPEN SKY” ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА"

-Covid-ийн үе бидэнд зам, тээврийн салбар ямар чухал байсан гэдгийг сайтар ойлгуулсан. Тийм учраас Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг чухалчилж дэлхийд олон гарц гарамтай болох зорилт тавьсан. Авто зам, агаарын тээвэр, төмөр замын хүрээнд ямар боломжууд нээгдсэн гэж харж байна?

Covid цар тахлын үед олон улсын болоод дотоодын тээврийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор бид тээврийн салбар, харилцаа холбоо ложистик ямар чухал вэ гэдгийг мэдэрсэн жилүүд байсан.

Тээвэрт үүссэн түгжрэлтэй холбоотой тээврийн салбарын үйлчилгээний өртөг маш өндөр болсон. Харин өнөөдөр тээврийн салбарын үйлчилгээ хэвийн болсноор өртөг 20 дахин буурсан. Энэ хэрээр иргэдийн нуруун дээр ирэх хүндрэлүүд багассан. Хамгийн гол нь салбартаа чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, хүн бүрийн боломжийг дэмжснээр тээврийн өртөг зардал буурч, үйчилгээ нь чанартай болж  байна.

Тухайлбал, агаарын тээврийн салбарыг аваад үзвэл өмнө нь онгоцоор нисэхэд үйлчилгээний өртөг өндөр байсан бол одоо өртөг нь буурсан. Мөн нислэгийн чиглэлийн тоо нэмэгдсэн байна. Бид агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ нь шударга өрсөлдөөнийг дэмжинэ гэсэн үг. Өрсөлдөөнийг дэмжвэл эцсийн бүлэгтээ хожигч нь иргэд байдаг. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд 10 гаруй улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж нийтдээ 50 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болгохыг зорьж байна. Хамгийн сүүлд Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа. Зарим хүн Катар, Кувейттэй агаарын харилцааны хэлэлцээр байгуулах тийм ач холбогдолтой юу гэж асууж байна лээ. Далайд гарцгүй манай улсын тухайд олон улсын зах зээлд гарах гарц нь агаарын тээвэр. Бид олон жил махны экспортыг нэмэгдүүлнэ гэж ярьсан. Тэгвэл нэг том зах зээл нь Персийн булангийн орнууд. Мөн Арабын ертөнцөөс аялагч, жуулчдыг татахад агаарын тээвэр гүүр нь болно. Бид Катар Кувейт рүү мах, ноолууран бүтээгдэхүүн экспортлох өргөн боломж байна. Үүнийг үндэсний компаниуд маань түрүүлээд олоод харчихсан. Тэгэхээр тэднийгээ тээвэр логистикоор дэмжээд өгөх нь чухал. Агаарын ачаа тээврийг хөгжүүлэхийн ач холбогдол гэж чухам энэ юм. Энэ оны зургадугаар сард АНУ-тай “OPEN SKY” хэлэлцээр байгуулна. Тус улсад амьдарч байгаа 50 гаруй мянган монгол иргэн шууд нислэгтэй болохыг тэсэн ядан хүлээсээр байгаа. Өөдлөх айл үүднээсээ гэж манайхан ярьдаг. Өөрөөр хэлбэл, зам тээврийн салбарын үйлчилгээний чанар хүртээмж ямар байхаас Монголд ирэх гадныхны сэтгэл ханамж хамаарна. Жуулчдын дийлэнх нь мэдээж агаарын тээврээр ирнэ.

Тийм болохоор бид энэ онд агаарын тээврээр 206 мянган тонн ачаа тээж, 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ гэсэн зорилт тавьсан. Ер нь тээврийн салбарын либералчлал гэдэг үйлчилгээний чанарыг сайжруулах, үнэ өртгийг хямдруулах, өрсөлдөөнийг дэмжихийн л нэр.

Авто замын тухайд чанар стандартын асуудал үргэлж маргаан дагуулж байна. Монгол Улс үнэхээр олон улсын чанарын шаардлагад нийцсэн авто зам барьж чадаж байна уу, эсвэл зөвхөн аргацаах төдий л явж байна уу?

-Бид өнгөрсөн хугацаанд 21 аймаг, 110 сумаа хатуу хучилттай замаар холбож чадсан. Энэ бол том амжилт. Харин тэр бүх зам үнэхээр чанартай сайн баригдсан уу гэвэл үгүй. Одоо бид шинэ зам тавихаас илүүтэй байгаа замаа яаж арчилж хамгаалах вэ гэдгээ бодох цаг болсон. Шинэ барих замынхаа норм стандартыг эргэж харж, зам хүлээж авч байгаа улсын комиссын хандлага, хариуцлагын асуудлыг ч давхар хөндөнө. Даац хэтрүүлсэн тээврээс болж зам эвдэрч байгаа нь үнэн. Урьд нь даац хэтрүүлж явж болоод л байсан юм гээд бонд гаргаж, өр тавьж байж барьсан замуудаа эвдэж сүйтгээд байвал хайран хүч хөдөлмөр, хөрөнгө болж хоцорно. Өнөөдөр нийтийн зориулалттай зам ашиглагчдын 90 хувь нь жижиг тэрэгтэй иргэд байгаа. Гэтэл даац хэтрэлтээс үүдэлтэй эвдэрсэн замаас болж хичнээн хүн тэрэг техникээ эвдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг яагаад ярихгүй байгаа юм бэ. Ингээд ярихаар замаа зузаан чанартай бариач ээ гэнэ. Мэдээж хэрэг улс орон эдийн засгийн бяр тэнхээтэй байсан бол нэг метр зузаан асфальттай зам барьж болно. Гэтэл бидэнд тэр боломж нь өнөөдөр байна уу. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гээд зөвхөн өнөөдрөө, хувиа бодож дур дураараа туучаад байвал тавьсан замаа там болгож нийтээрээ хохирно. Ер нь Зам тээврийн салбарт бодлогын том өөрчлөлт хийх болсон гэдэгтэй санал нийлнэ. Замын чанараа сайжруулаач гэсэн иргэдийн эрүүл шүүмжлэлийг хүлээж авна.

-Олон улсад замын даацтай холбоотой ямар стандарт мөрддөгдөж байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт олон улсын стандарт дөхөж очиж байна уу?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт бол ОХУ-д ч, БНХАУ-д ч бүр цаашлаад Европын холбоонд ч мөрдөж байгаа стандарт. Бид хаа ч байхгүй стандарт мөрдүүлэх гэж огтхон ч шаардаагүй. Нийтийн зориулалттай замд нийт жин 44 тонноос ихгүй байна гэдгийг монголчууд өөрсдөө бодоод олчихоогүй юм. Венийн конвенцид нэгдсэн бүх улс орон энэ стандартыг мөрдөөд явж байгаа. Энд дураараа явдаг шиг даац хэтрүүлээд хойд юм уу урд хөрш рүү гарах гээд үзээрэй. Нэг кг ч хэтрүүлэхгүй торгож шийтгэнэ. Хойд хөршид гэхэд л даац хэтрүүлсэн тохиолдолд монголоор зургаан сая төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авдаг. Европын улс орнуудад даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг нэг метр ч явуулдаггүйг олон улсын тээвэр хийж байгаа манай тээвэрчид сайн мэдэж байгаа. Тэгэхээр хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг шиг Монголд л ганцхан даац хэтрүүллээ гэж торгож шийтгээд, бага ачаа ачуулаад байна гэж муйхарлаад байж таарахгүй л дээ. Даац хэтрүүлж зам эвддэг байдлаас болж эцсийн хохирогч нь иргэд болдог. Тэд амь нас, эрүүл мэндээрээ золиослогддог. Тэгэхээр хүний амиар хэмжигдэж буй асуудлыг шийдэх гэж байхад өөр элдэв шалтгаар өөрсдийгөө өмгөөлөөд байх нь угаасаа буруу.

"ДАРХНЫ ЗАМЫГ ЭНЭ ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30-НД БҮРЭН ДУУСГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА"

-Зам тээврийн салбарын олон сайд “толгой”-гоороо хариуцлага хүлээхэд хүргэсэн зам бол Дарханы зам. Тус замын бүтээн байгуулалтын ажил хэзээ бүрэн дуусч ашиглалтад орох вэ. Чанарын асуудалд хэрхэн анхаарч байна?

-Дарханы замын бүтээн байгуулалт үндсэндээ таван жил үргэлжилсэн. Одоогоор 50 хувийн бүтээн байгуулалт хийгдээд байна. Үлдсэн 50 хувийг энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын төлөвлөгөө гаргасан. Гүйцэтгэгч комданиудтайгаа гэрээ хэлэлцээр хийж, ажлаа яаралтай эхлүүлэхийг шаардаж байна.  Шахуу ажиллаж байж, төлөвлөсөн хугацаандаа амжихаар байгаа. Таван жилийн хугацаанд талыг нь хийсэн замын үлдсэн талыг нь нэг жилийн дотор хийх зорилт тавина гэдэг бол маш хүнд, маш том зорилт тавьж байгаа хэрэг. Энэ үр дүнд хүрэхийн тулд сайтар төлөвлөх нь чухал. Чанарын тухайд ганцхан Дарханы зам дээр ч бусад бүх төрлийн замын чанарт өндөр шаардлага тавина.

-Хөгжлийн судас нь төмөр зам гэдэг. Энэ жил хэдэн хэдэн төмөр замын нээлт хийж, ирээдүйд гарах эдийн засгийн үр өгөөжийн төлөө алга ташсан. Харамсалтай нь дээрх төмөр замуудын аль ч шууд хил дамнаад гарчихаагүй л байгаа шүү дээ?

-Монгол Улс ганцхан төмөр замтай буюу Улаанбаатараас Замын-Үүд, Алтанбулагийн чиглэлд 1100 км төмөр замтай байан. Сүүлд 800 гаруй км төмөр зам барьж байгуулсан. Тухайлбал, Зүүнбаян-Гашуунсухайт, Ханги-Мандалын төмөр замуудыг хувийн болон төрийн хөрөнгөөр барьж байгууллаа. Энэ хэрээр олон төмөр замтай, олон компанитай, олон төрлийн ачааг олон чиглэлд тээвэрлэх бололцоо бүрдэж байна. Тиймээс Төмөр замын тухай хуулиа шинэчлэн найруулж, шинэ харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бий болгохын тулд энэ хаврын чуулганаар Төмөр замын тухай хуулийг батлуулахыг зорьж байна. Үүнээс гадна тавьсан төмөр замуудаараа ачаа бараа тээвэрлэж байж, эдийн засгийн эргэлтэнд орж, үр өгөөжийг нь хүртэх ёстой. Гэтэл шинээр барьсан төмөр замуудодоогоор эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүй байна. Учир нь төмөр зам дээр нь явах вагон, зүтгүүр алга. Шинэ барьсан төмөр замууд БНХАУ-ын талтай холбосон холболтын төмөр замгүй буюу мухар төмөр зам болчихоод байна. Тиймээс хил холболтын төмөр замуудыг хурдан хугацаанд барьж байгуулах талаар Зам тээврийн яам шуурхай ажиллаж байна. Энэ жил Гашуунсухайтын төмөр замын хил холболтын  төмөр зам, Шивээ хүрэнгийн төмөр замыг холбох ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж