Олимпод хөтлөх учиртай тивийн аваргын ээлжит түрүү

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Олимпод хөтлөх учиртай тивийн аваргын ээлжит түрүү

Олимпод хөтлөх учиртай тивийн аваргын ээлжит түрүү

Тэмцээний өмнө сэтгүүлч:

-Энэ удаагийн тэмцээнээр аль баг хэт өндрөөр үнэлэгдсэн бэ?

Ираны тамирчин:

-Монгол.

Ийм л яриа Сингапурт, 3х3 сагсан бөмбөгийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнө болсон түүхтэй.

Монголын шигшээг бусад багууд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багийн тоонд бус өндөр хүлээлттэй хэр нь  бүтэлгүйтэх багуудын тоонд оруулж байсныг дээрх ярианаас анзаарч болно. Тамирчид төдийгүй фэнүүд ерөнхийдөө Австрали, Шинэ Зеаланд, Хятад зэрэг улсыг түрүүлнэ гэж үзсэн нь нууц биш. Монголын эрэгтэй шигшээ баг 2017 онд эх орондоо энэхүү тэмцээнийг зохион байгуулах үед анх удаагаа түрүүлж байлаа. Түүнээс хойш хоёр ч удаа финалд шалгарсан боловч тухай бүрт нь Австралийг давж гарч чадаагүй түүхтэй.

Энэ удаад тэд Ази тивийг чансаагаараа тэргүүлж байгаа учир А хэсгийг толгойлсон. Тус хэсэгт талбайн эзэн Сингапур болон урьдчилсан шатнаас эрхээ авсан Тайванийн багууд багтсан юм. Эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийн тун ойрхон тоглолтыг үзүүлж, 21-19 гэсэн харьцаатай хожсон бол дараагийн тоглолтоо Сингапурын эсрэг хийн 22-9 гэсэн харьцаатай дийлэв.

Нөгөө талд В хэсэгт Австрали, Шинэ Зеаланд, Япон гэсэн хүчирхэг гурван баг нэг хэсэгт орж, Япон нутаг буцсан. Хэсгийн оноолтууд ч Монголын талд ашигтайгаар эргэсэн. Хасагдах шатны эхний тоглолтдоо Казахстантай учраа таарч, тивийн тэргүүн баг гэдгээ харуулсан мэт 21-11 гэсэн харьцаатай хожил байгуулсан. Улмаар хагас шигшээд хүчирхэг Шинэ Зеаландын багтай нүүр тулсан. Хоёр баг өмнө нь 2017 онд финалд учраа таарахад Монгол ялж байлаа. Тэгвэл энэ жил ч дүр зураг өөрчлөгдсөнгүй. Тун хүнд тоглолтын эцэст 19-18 гэсэн харьцаатай Монгол финалд шалгарав. Шинэ Зеаландын тамирчин тоог тэнцүүлэх боломжтой байсан ч чөлөөт шидэлтээ алдсан юм.

Ийнхүү финалд давдаггүй даваатайгаа дахин нэг удаа тулсан. Австрали 2018-2022 оны хооронд завсаргүй гурван удаа түрүүлж, 24 дараалан ялсан гэх амжилттай финалд хүрсэн нь байлаа.

Хагас шигшээ болон финалын тоглолтод А.Ананд муу шидсэн нь нууц биш. Уг нь тэрбээр хэсгийн шатанд гайхалтай тоглолтыг үзүүлж, энэ удаагийн тэмцээний гол нүүр царай болоод байсан юм. Мөн О.Энхбаатар хагас шигшээ шатанд Шинэ Зеаландын эсрэг тоглолтын төгсгөлд шаардлагагүй алдаа гарган эсрэг багтаа хожил бэлэглэчихсэн дөхсөн. Харин тэд эцсийн мөчид хэргээ гаргав. О.Энхбаатарын хамгаалалт, нэг онооны довтолгоонууд биднийг тоглолтод амьд байлгаж, А.Ананд эцсийн мөчид сүүлийн цэгийг хатгасан гайхалтай шидэлтийг цагирагт унаган эх орон, элэг нэгтнүүдээ аз жаргал, баяр хөөрт умбуулан хожилд хөтөлсөн. Мэдээж Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн гэж өнөөгийн Монголын 3х3 сагсан бөмбөгийг гудамжнаас олимп хүртэл түүчээлсэн домгуудыг мартах ёсгүй. Тэмцээний турш тэд тогтвортой тоглолтыг үзүүлэн хоёр залуу тамирчнаа манлайллаа.

Тайлбарлагч тэмцээний үеэр энэ баг удахгүй А.Анандынх болно. Гэхдээ одоохондоо “Bull” Д.Дэлгэрнямынх гэж байв.

Тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор Д.Дэлгэрням тодорч, Э.Дөлгөөнөөс хойш энэ шагналыг хүртсэн анхны монгол тамирчин болсон. Тэрбээр тэмцээний турш 31 оноо авчээ. Мөн билэгдлийн шигшээ баг түүнтэй хамт Австралийн Даниель Жонсон болон Шинэ Зеаландын Тай Винярд нар нэрлэгдсэн. Ийнхүү 2023 оны Ази, Номхон далайн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол түрүүлж, Австрали мөнгө, Шинэ Зеаланд хүрэл тус тус хүртэв. Шинэ Зеаланд хүрлийн төлөө Хятадын эсрэг тоглож, 21-13 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Хятадын хувьд шигшээ багаа удаан хугацаанд Европд тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн хүчирхэг гүрэн Сербид бэлдэж, хөрөнгө мөнгө ихээр зарцуулж байгаа бөгөөд хараахан Азийн аварга болж чадаагүй л явна.

Монголын эмэгтэй багийн тухайд хасагдах шатанд шалгарсан ч аваргаа хамгаалагч Хятадыг давсангүй. Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаараа С хэсгийг толгойлж, Шинэ Зеаланд, Малайзтай хүчийг үзсэн. Эхний тоглолтдоо Шинэ Зеаландад тахим буулган, удаах тоглолтдоо Малайзыг 21-8 гэсэн харьцаатай “үзсэнгүй”. Гэвч хасагдах шатанд Хятадад 10-17 гэсэн харьцаатай ялагдсан юм. Монголын эмэгтэй шигшээ багт Хятадыг хожих бүрэн боломж байсан ч чөлөөт болон хоёр онооны шидэлтүүд нь байндаа туссангүй.

Хятад энэ удаагийн тэмцээнд хурдтай, залуу бүрэлдэхүүн илгээсэн ч хагас шигшээд Австралийг дийлээгүй. Уг нь Хятадын өнгөрсөн жилийн баг финалд Австралийг хожиж түрүүлж байлаа.

Австрали, Шинэ Зеаланд хоёр учраа бүрээ илүүрхэн хожсоор финалд таарч, Австрали 21-11 гэсэн харьцаатай ялж, түүхэндээ гурав дахь удаагаа алтан медалийн эзэн болжээ. Харин хүрэл медалийн тоглолт Хятад, Тайландын хооронд өрнөж, Хятад 11-9 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Тайландын эмэгтэй шигшээ багийг магтахгүй өнгөрч болохгүй. Тооцооноос гадуур байсан тэд хасагдах шатанд Японы охидыг ялж, шуугиан тарьсан. Хүн бүр л Японы хурдтай, шидэлттэй багийг аваргын төлөө биш юм аа гэхэд медаль хүртэнэ гэж харж байсан ч Тайландыг давж гараагүй.

Эмэгтэйчүүдийн ангилалд Австрали таамаг ёсоор түрүүлж, мөнгөн медалийг Шинэ Зеаланд, хүрэл медалийг Хятад хүртсэн. Харин “Үнэ цэнтэй тоглогч”-оор Марина Уайтл тодорсон бол түүнтэй хамт билэгдлийн шигшээд багийн анд нь болох Аннели Мали болон Шинэ Зеаландын Шарн-Пупуке Робати нар багтжээ.

Энэ удаагийн тэмцээний хамгийн гол онцлог нь эрэгтэй, эмэгтэй ангилалд түрүүлсэн багууд ирэх жил болох олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрх авах байсан юм. Энэ ч утгаараа Монголын эрэгтэй, Австралийн эмэгтэй багууд олимпийн эрхэд нэг алхам ойртлоо. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрнямыг ид ирэн дээрээ, О.Энхбаатар, А.Анандыг айхаа мэдэхгүй, тогтооход бэрх байгаа энэ үед нь л Монголын шигшээ олимпод орвол хоосонгүй дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж