Авлигын эсрэг, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн эрх баригчид өнгөрч буй долоо хоногт хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Харин энэ долоо хоногт УИХ сонгуулийн тухай хуулиар амьсгалж магадгүй байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж эрх баригчид багагүй хугацааг үдэв. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гишүүдийн боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, 30 гаруй санал нэмж тусгуулахаар хууль санаачлагчид нь буцаасан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй УИХ дахь намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн боловсруулсан сонгуулийн хуулийг өөрчлөхөөр аль хэдийнэ ажилдаа орсон бөгөөд Засгийн газраас нэмж санал аваад УИХ-д удахгүй өргөн барина гэсэн үг.
Эрх баригчид сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоогоор явуулах буюу 38/38 гэсэн хувилбарыг сонгож, гишүүдийн тоог нэмэх санаархалтай байгаа. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй бол 38 жагсаалтаар, 38 нь тойргоос гэж байгаа боловч хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийнэ гэвэл УИХ-ын гишүүдийн тоотой холбоотой заалтыг өөрчлөхөөр зэхэж байгаа.
Үндсэн хууль: III бүлэг
- 21.1 Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна гэсэн заалттай.
Энэ заалтыг өөрчилж, гишүүдийн тоог нэмэхээр тохирсон бөгөөд Үндсэн хуульд өмнө нь ороогүй өөрчлөлтөөр нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж буй. УИХ-ын гишүүний 76 тоог нэмнэ гэвэл Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчилж, 150, 108 гишүүнтэй болох хувилбарууд яригдаж байна. Түүгээр зогсохгүй сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хуулиар оролдохгүй байх заалтыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн. Өмнө нь сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчилж болдог байсан бол одоо нэг жил болсон. Өөрөөр хэлбэл, эрх баригчид Сонгуулийн хуулиа өөрчлөе гэвэл 2023 оны зургадугаар сараас өмнө өөрчлөх боломжтой гэсэн үг. Үндсэндээ эрх баригчдад одоо хоёрхон сарын хугацаа бий.
Үндсэн хууль: III бүлэг
- 21.4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал өгөхдөө жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй, нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доогүй байх саналыг хууль санаачлагчид өгсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эмэгтэй, эрэгтэй байх зарчмыг баримтлах саналыг өгсөн гэсэн юм.
Сонгуулийн систем нь холимог бөгөөд УИХ-ын 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдох байхаар тохирсон. Мөн гадаадад байгаа сонгогдчын саналыг авах, улс төрийн намуудын босгыг бууруулах, хүйсийн харьцаанд тэнцвэрээ хадгалах зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж буй. Сонгуулийн тухай хуулийг дагаж нэгэн чухал хууль орж ирж байгаа нь Улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийн төсөл. Эрх баригчдын зүгээс эдгээр хуулиудад өөрчлөлт оруулж, улс төрийн намуудтай зөвшилцсөн бөгөөд сонгуулийн зардлын бууруулах, зардлыг ил тод нээлттэй болгох, төсвөөс тодорхой төсөв олгох гэх мэт хувилбарууд яригдаж буй. Ийн сонгуулийн хууль боловсруулж дуусч байгаа учраас цөөнхий бүлгээс хуулийн төслийг өргөн бариулахаар “тохиролцжээ”. Эрх баригчид өөрсдөө “гал” авахгүйн тулд цөөнхийн бүлгээр боловсруулсан хуулийн төслөө өргөн бариулна гэх мэдээлэл бий. Чухам хэн нь өргөн барихаас үл шалтгаалж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн тухай хуульд “гар хүрэх” хоёрхон сарын хугацаа үлдэж байна, эрх баригчдад. Эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ парламентын хоёр ч гишүүнд “хариуцлага” тооцож, нэг гишүүнийг нь өөрийн хүсэлтээр өргөдөл “өгүүлсэн” учраас одоо парламент олонх, цөөнхтэйгээ түүний захиалсан хөгжмийг тоглох болов уу. Ийм дүр зураг, “зохиол” аль эрт бичигдэж, бичигдсэн зохиолын дагуу явж байна гэдгийг ч учир мэдэх хүмүүс, улс төрийн хүрээнд ярих болоод удаж буй.
Холбоотой мэдээ