Хөрөнгө оруулагчдыг эрхзүйгээс гадна эх орончид дэмжих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдыг эрхзүйгээс гадна эх орончид дэмжих хэрэгтэй

Хөрөнгө оруулагчдыг эрхзүйгээс гадна эх орончид дэмжих хэрэгтэй

Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд эдийн засгийн их сорилттой нүүр тулсан. Тиймээс Монгол Улс өнгөрсөн оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, нэмэх тал дээр онцгой анхаарч эдийн засгаа сэргээхээр яаравчилж буй. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон үйлдэлтэй хэргүүд шүүхэд шилжсэн талаар гуравдугаар сард мэдээлсэн. Түүний хувьд 2022 оны аравдугаар сард гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар мэдэгдэж байв. Одоо БНСУ, АНУ-ын иргэн Макс Жонсонтой холбоотой, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүд шүүх рүү шилжих шатанд явааг мөн онцолсон.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрхзүйн орчныг шинэчилж, сайжруулах гаргалгааг эрэлхийлж байгаа ч нөгөө талдаа эх орончдын төлөөлөл иргэний хөдөлгөөнүүд тухайн хөрөнгө оруулалтыг няцааж, үргээж байгаа талаар мэдээллүүд бий. Энэ талаар эдийн засагч болон иргэний хөдөлгөөний төлөөллөөс байр суурийг тодрууллаа.

ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ, ХҮН, МАЛЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛГҮЙ БОЛ ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙХӨН ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ

"Босоо Хөх Монгол" хөдөлгөөн төрийн бус байгууллага:

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тухайд мэдээж дэмжиж байгаа. Хамгийн гол нь тухайн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг давсан зүйл хийж байгаа тохиолдолд бид эсэргүүцлээ илэрхийлж өргөдөл, гомдол гаргадаг. Түүнээс ямар ч асуудал үүсээгүй байхад бид эх орныхоо төлөө гээд дайрч давшилж, зодож, цохиогүй. Ажлын шугамаар Монголд ирсэн мөртлөө хууль зөрчиж, хулгай дээрэм хийж, бусдыг хүчирхийлж, орон нутгаас нь хөөх, байгалийн баялгийг нь булаах зэрэг үйлдэлд бид дуугарах нь зүйтэй гэж боддог.

Тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байсан Бадрах-Энержитэй холбоотой ураны асуудал. 2018 оны нэгдүгээр сарын 27-нд албан ёсоор энэ асуудлыг шүүхэд өгч 2018 оны долдугаар сарын 24-нд хавтаст хэрэг нээгдэж өнөөдрийг хүртэл зургаан жилийн турш нийт 78 удаагийн шүүх хурал явагдаж, шийдвэр гараагүй байна.

Монгол Улсад олон төрийн бус байгууллага, холбоод бий. Бэлчээр ашиглагчдын холбоо, нутгийн иргэдийн холбоо гээд хүн, мал, байгальд сөрөг нөлөө үзүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг зогсоохыг шаардаж, тэмцэх эрхтэй.

Харин үндэсний аюулгүй байдалд халгүй, санхүүгийн байдлын хувьд ээлтэй, хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадвал иргэний хөдөлгөөнийхөн дэмжинэ.

Түүнээс байгаль экологи, хүн, малын эрүүл аюулгүй байдалд заналхийлэл үзүүлбэл иргэний хөдөлгөөнийхөн төдийгүй иргэд ч дургүйцэх нь гарцаагүй.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭДИЙН ЗАСГИЙН НӨӨЦИЙГ ӨСГӨХ ЦОР ГАНЦ ТОГТВОРТОЙ АРГА ЗАМ

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол эдийн засгийн нөөцийг өсгөх цорын ганц, тогтвортой арга зам. Гадаадын шууд хөрөнгө оруулагчид Засгийн газрын сайхан амлалтаас илүү бодит үйлдлийг харна.

Засгийн газар хувийн хэвшлийн оролцоотой Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах хэрэгтэй.

Тэр агентлаг нь төрийн ямар ч хүнд суртлыг даван туулахуйц эрх мэдэлтэй, хууль эрхзүйн болоод улс төрийн хамгаалалттай байх ёстой. Мөн уран, газрын ховор элемент чиглэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг зоригтой олгох, хөрөнгө оруулалтын сангуудад гаднаас хөрөнгө татахыг хөхиүлэн дэмжих, Ховд, Чойбалсан, Хархоринд олон улсын карго төв байгуулах зэрэг маш олон арга зам байна. Ингэж байж валютын нөөц өснө. Улс төрийн популизм болон орон нутгийн шантаажаас болж гацсан алтны үндсэн ордын нөөцүүд цөөнгүй бий. Тэднийг Монголбанк болон Хөгжлийн банктай хамтран санхүүжүүлж, олборлосон, ирээдүйд олборлох алтыг гадаад валютын албан нөөцөд бүртгэн авч болно.

ЭРХЗҮЙН ОРЧИН ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ  ЧУХАЛ

Хуульчдын хувьд гадаадын хөрөнгө оруулалт татахад эхний ээлжид эрхзүйн орчинг сайжруулах нь зүйтэй гэсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалтын татахын тулд хамгийн том асуудал нь хууль эрх зүйн орчин. Тодруулбал, хөрөнгө оруулагчийн маргааныг шийдвэрлэх механизм дутагдалтай, хугацаа ихээр алддаг, эрх зүйн зохицуулалтын орчин тогтвортой бус, тодорхойгүй, хууль хоорондын зөрчилтэй тусгай зөвшөөрөл олгох үйл явц боловсронгуй бус зэрэг асуудлууд хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байгааг хуульчид хэлж буй.

Мөн Монгол Улс нь уул уурхайн арвин нөөц, баялагтай, дэлхийн хамгийн том хэрэглэгч улстай хил залган оршдог, интернэт, үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээ сайн, залуу чадварлаг боловсролтой боловсон хүчинтэй зэрэг давуу талтай хэдий ч авлигын түвшин өндөр, улс төрийн тогтворгүй байдал, төрийн уул уурхайн орлогын менежмент сул, дэд бүтэц дутмаг зэрэг сул талууд бий. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтаар эдийн засгийн нөөцөө нэмэх зорилгоо биелүүлэхийн тул эрхзүйгээс гадна бусад олон зүйлийг ч орхигдуулахгүй байх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж