News.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр, гурав ч хуваагдаж, бүлгийн даргын өрөөгөө “булаацалдаж” байсан цаг саяхан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нэг хэсэг бүлгийн даргын өрөөгөө суллаж өгөхгүй, Төрийн ордонд "муур хулгана болж" явсан бол тэрбээр өнгөрсөн Даваа гаригт өрөөгөө хүлээлгэж өгсөн. Нэг хэсэг С.Эрдэнэтэй нэгдэж, Ардчилсан намын даргын батламж хүлээж авч байсан Д.Ганбат шинэхэн дарга Л.Гантөмөртэй “гар барьж” тохиролцоо хийснээр өөрийн "Хийморь" фракцийнхантайгаа Л.Гантөмөрт тахимаа өгч, бүлгийн даргын ажлаа хүлээлгэн өгч, түүнийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Ардчилсан нам олон бүлэг фракцтай ч хамгийн сүүлд "мэндэлсэн" фракц бол “Хийморь”. Тус фракцийг УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, аймаг, дүүргийн дарга нар болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг нэгтгэж, С.Эрдэнийг дэмжиж байсан билээ. Тэгвэл Д.Ганбат даргатай "Хийморь" фракцийнхан бүгдээрээ Л.Гантөмөрийг дэмжиж, тохиролцсон учраас ийн бүлгийн даргын ажлаа, бүр өрөөгөө ч хүлээлгэж өгч, АН-ын нэгдлийн төлөө тууштай ажиллана гэдгээ ч шинэ даргадаа хэлжээ.
Ардчилсан нам шинэ даргатай болсон ч С.Эрдэнэ өөрийгөө намын дарга хэвээр байгаагаа мэдэгдээд буй.
Гэвч Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг бүртгэж, АН-ын даргаар батламжилсан, АН-ын гишүүд нь ч шинэ дарга Л.Гантөмөрөө дэмжиж буй гэдгээ илэрхийлж буй. Ардчилсан намын УИХ дахь төлөөлөл болон бүлэг өөрөө нэгдмэл байж, цаашдын улс төрийн акц, намын нэгдэл, сөрөг хүчний үйл ажиллагаа илүү идэвхжинэ гэдгийг ч Ардчилсан намынхан дээр, дооргүй ярьж эхэлжээ.
Парламентын түүхэнд хоёр дахь удаагаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын Ерөнхий прокурорын саналыг УИХ энэ долоо хоногт хүлээж авсан. Ингэснээр дээрх хоёр гишүүний бүрэн эрх, халдашгүй дархан байдал түдгэлзсэн гэсэн үг. 1992 оноос хойш УИХ хоёр дахь удаагаа Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээн авч гишүүдийнхээ бүрэн эрхийг чөлөөлж байгаа нь энэ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэднийг хэрэг шалгах явцад нөлөөлсөн гэж үзэж, ийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлсэн юм. Тэгвэл тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааш хэлэлцэхээр товложээ. Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын хамгийн олон сонгогдсон таван гишүүнээс бүрддэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт даргыг нь өөрчилж, Ц.Мөнх-Оргилыг томилсон юм.
Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа МАН-ын бүлэг хуралдах бол Ардчилсан нам Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нууцаар санал хураана. УИХ-ын тухай хуулийн 28.6.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.
Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн:
- Цэндийн Мөнх-Оргил /Халдашгүй байдлын дэд хорооны дарга/
- Нямаагийн Энхболд
- Сүхбаатарын Батболд
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- Сандагийн Бямбацогт
Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж, саналаа нууцаар гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодод саналаа хүргүүлнэ. Үүний дараа байнгын хороод хуралдаж, шийдвэрээ УИХ-ын чуулганы хуралдаанаар ч хаалттай хэлэлцэж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдлээ.
ГЕГ: ВИТАМИН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХҮНДРЭЛ УЧИРЧ БАЙНА
Гаалийн ерөнхий газар/ГЕГ/-аас өнөөдөр /2023.03.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа “УИХ-аас баталсан Эм эмийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9-д зааснаар “Хилийн чанадаас эм, эмийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд хилээр оруулахыг хориглоно” гэж заасан байдаг.
Гэтэл 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд УИХ 2023 оны нэгдүгээр сарын 6-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход зөвшөөрөл авна” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуулиа харах юм бол биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл шаардахгүйгээр нэвтрүүлж болохоор байгаа.
Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл аваагүй бол импортлохыг хориглоно” гэсэн заалт хэрэгжиж байгаа. Эндээс харах юм бол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хоёр хуулийн хооронд зөрүүтэй асуудал үүссэн. Нэгэнтээ хоёр хууль хүчинтэй, хоёр заалт хүчинтэй байгаа нөхцөлд нийгмийн сүлжээнд “аль хуулийг нь дагаж мөрдөх юм бэ. Гааль зөвшөөрөл шаардаад байна” гэдэг асуудал хөндөгдөх болсон.
Хоёр хуулийн заалт зөрчилдөөнтэй, давуу нөхцөл олгогдоогүй байдлыг шийдвэрлэхийн тулд хууль хоорондын зөрчлийг арилгах процесс явагдах ёстой. Энэ ажил мэдээж, УИХ дээр хийгдэх ёстой. Аль нэг заалтыг хүчингүй болгох шаардлагатай.
Хуулийг хэрэгжүүлж байгаа Гаалийн байгууллага дээрх хоёр хуулийн зөрчлийг арилгах чиглэлээр санал санаачлага гаргаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт албан тоот хүргүүлсэн. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед зөвшөөрөлгүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох гэдэг Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн заалтаа мөрдөх юм уу, эсвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл авахгүйгээр улсын хилээр нэвтрүүлэх юм уу гэдэг дээр чиглэл өгөхийг хүссэн. Хараахан хариу ирүүлээгүй байна.
МОНГОЛ ХҮҮ Г.ТЭНҮҮН-ЭРДЭНЭ "ШИЛДЭГ ДҮРИЙН ШАГНАЛ" ХҮРТЖЭЭ
Монголын "Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино Швейцар улсын Фрибургийн олон улсын кино наадмын "Шилдэг дүрийн шагнал"-ыг хүртжээ. Уран сайхны киноны Түнтүүлэйгийн дүрд тоглосон Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ хүү энэ шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид дуулгалаа. Г.Тэнүүн-Эрдэнэ хүүгийн хувьд 10 орчим уран сайхны кинонд тоглосон аж.
Залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ одоо 14 настай. Тэрбээр “Гэрлэн дохио”, “Эмэгтэйчүүд хайрыг хүснэ” олон ангит кинонууд болон “Илд цэцэг” кинонд тоглосон. Түүний ах Г.Дөлгөөн-Эрдэнийг “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид таних болсон билээ.
Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино 2022 онд Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулсан "Vanguard Award" олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийж байв.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичжээ.
Жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло", "Үргээлэг", "Бодлын хулгайч", "Mongolian Connection", "Итгэл" зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрбээр сэтгэл зүйн драм төрлийн "Хохирогч" 10 ангит цуврал кино бүтээсэн байдаг.