Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГТ ОРВОЛ МАШ ХҮНД БАЙДАЛД ОРНО"
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ олон чухал хууль хэлэлцэж, батлах төлөвтэй байна. Бүрэн эрхийн сүүлийн хаврын чуулган болж байна. Энэ удаагийн чуулганы онцлогийг юу гэж харж байна?
-Энэ удаагийн хаврын чуулган нэлээд онцлогтой болж байна. Намрын чуулганы төгсгөлд нийгэмд хэд хэдэн ноцтой асуудлууд үүссэн. Тийм учраас иргэд энэ удаагийн хаврын чуулганаар нийгэмд үүссэн ноцтой асуудлуудыг хэрхэн хэлэлцэж шийдэх талаар нүд, чих тавин ажиглаж байна. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Хөгжлийн банкны сонсгол явагдаж дууслаа. Удахгүй нүүрсний асуудлаар сонсгол явагдана.
Өмнө нь нүүрсний асуудлаар ерөнхий сонсгол зохион байгуулсан бол энэ удаа явагдах сонсгол нь нүүрсний хулгай яагаад гарах болов, үүнд ямар хүмүүс оролцов, хэн хэнтэй ямар гэрээ хийв гэх мэт асуудлын хүрээнд гурван өдөр үргэлжилнэ.
УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд нээлттэй сонсголууд зохион байгуулагдаж, олон шинжээчид ажиллаж дүгнэлтээ гаргасан. Иргэд зарим зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. УИХ нэгэнт шүүхэд шилжчихсэн, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа асуудлууд руу орохгүй. Өөрөөр хэлбэл УИХ шүүх болон шүүхээс гарах шийдвэрт нөлөөлдөггүй гэсэн үг л дээ. Сонсгол зохион байгуулахын хамгийн гол ач холбогдол болиргэдийн мэдэх эрхийг хангаж, нийгэм үүсээд байгаа асуудлыг ил болгохыг зорьж ажиллаж байгаагаараа онцлог.
-Таны хувьд энэ удаагийн чуулганаар ямар ямар хуулийн төсөл дээр түлхүү анхаарал хандуулж ажиллах вэ?
–Миний хувьд Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийг хүлээж байна. Сүүлийн хоёр жил миний бие болоод УИХ-ын гишүүн Т.Доржханд, жижиг намын төлөөллүүд олон удаа Сонгуулийэ тухай хуулийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, сонгуулийн холимог тогтолцоог бий болгохын төлөө ажиллалаа.
Үндсэн хуулийн Цэцээс сонгуулийн холимог тогтолцоо руу шилжихийн тулд заавал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Харин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар шийдэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан.
Тийм учраас парламентын ардчилалыг төгөлдөршүүлэх, хүчтэй болгох, жалга довны үзлээс салгах, төсвийн хувиарлалтад жалга довны үзлээр ханддаг байдлаас салж, үндэсний хэмжээний хөгжлийг бий болгоход Сонгуулийн тухай хууль чухал нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийг Сонгуулийн хуулиас тусад нь авч үзэж болохгүй л дээ. Олон улсын Транспаренси Интернэшнл” байгууллагаас манай улсад авлигалын хэмжээ улам нэмэгдэж байгааг анхааруулсаар байгаа. Сүүүийн жилүүдэд авлигалын индексийн үзүүлэлтээр Монгол Улс ухарсан үзүүлэлттэй гарсан нь улс төрийн намын тогтолцоотой холбоотой хэмээн дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам авлигал авах бүх үндсийг бүрдүүлээд байдаг учраас Улс төрийн намын тухай хуульд реформын шинжтэй өөрчлөлт хийх шаардлагатай.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЗОГСОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА"
Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх 2024 онд нүүрсний эрэлт оргил үедээ хүрнэ гэж BloombergNEF тооцоолсон. Нүүрсний салбарын ойрын ирээдүйн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Орос, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Европт нүүрсний хэрэглээ нэмэгдэж эхэллээ. Хятадын нүүрс авдаг ченжүүд цаад талдаа тээврийн компанитай, түүгээрээ бизнесээ бас хийдэг. Хятадын дарга Ши Жиньпин сая ОХУ-д айлчилж, Путинтэй уулзлаа. Хоёр орон хоорондын худалдаа, эдийн засгийн бодлогоо сайжруулаад, худалдааны эргэлтийг 2030 он гэхэд огцом нэмэхээр ярилцлаа. Үүний нэг илрэл нь нүүрс. Ялангуяа коксжих нүүрсэн дээр Оросын эзэлж буй хувь 5 орчим байсан бол сүүлийн хоёр жил бараг 20 хувь руу дөхөж байна. Мөн Австрали, Хятадын харилцаа сайжирсантай холбоотойгоор Австралийн нүүрс нэмэгдэж байна. Хятад улс 75 сая тонн нүүрс гаднаас авдаг. Сүүлийн 10 жилд тэр хэмжээнээс хэтрээгүй. Хятадын импорт хязгаартай. Бид тэр 75 дээр тоглож байна гэсэн үг шүү дээ. Энэ тоглолт дээр бид одоогийн нөхцөлд ямар ч давуу талгүй болчихож байгаа юм.
-Нүүрсээ биржээр арилжиж эхэлсэн нь эерэг, сөрөг үр дагавар дагуулж байна гэж зарим шинжээчид дүгнэж буй. Хятадын тал ч тийм таатай хүлээж авахгүй байгаа бололтой байсан. Энэ нь манайд ямар байдлаар нөлөөлөх бол?
-Нүүрсний биржийн арилжаа Хятадын худалдан авагч талын эрх ашгийг нэлээн хөндсөн арилжаа болж хувирч байна. Биржээр явуулахгүй байя гэхээр бүртгэлгүй машин гаргасан, эсвэл тодорхой хэмжээний нүүрс маш хямд зарсан гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд гарч ирээд байна. Энэ асуудлыг дан ганц биржээр зохицуулах нь өнөөгийн нөхцөл байдалд нэлээн оновчгүй харагдаж байна. Өдгөө Орос, Австралийн нүүрс давамгайлж, Монгол Улсын нүүрсний экспорт зогсох магадлал өндөр байна. Тиймээс бид биржээр нүүрсээ борлуулах хэрэгтэй ч хэтэрхий огцом бус, аажмаар туршаад явах хэрэгтэй. Одоогоор оффтек гэрээ голдуу явж байна. Нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд хэвээр байх нь харагдаж байна.
Бидэнд нэг хэвшмэл ойлголт байдаг. Монгол ганцаараа сайн чанарын нүүрстэй, хангалттай нөөцтэй, бусад улс нөөцгүй, дангаараа дэлхийг хангаж байгаа юм шиг ярьсаар ирсэн. Энэ хандлагаа одоо өөрчлөх хэрэгтэй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР ХАВТАС ХЭРЭГ ЯРЬДАГ БОЛЛОО"
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хуульч Ч. Өнөрбаяртай ярилцлаа.
-Улстөрчид бүх алдаа завхрал, авлига, хулгайгаа сонгуулийн тогтолцоо, Үндсэн хууль руу чихэх боллоо. Тогтолцооны гажуудлаас болоод манай нийгэм, улс төр "дампуурах"-даа тулсан гэдэгтээ санал нийлэх үү?
-Төр засгаас өнөөдрийг хүртэл явуулж ирсэн бодлогын алдаа бүрийг сонгуулийн тогтолцооноос болсон гэж үзэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Улстөрчдийн буруу бодлого, Улс төрийн намуудын алдаатай бодлогод нэг бол Үндсэн хууль буруутай, эсвэл сонгуулийн тогтолцоо буруутай болж үлддэг байж болохгүй. Монгол Улс цаашдаа зарчмын хувьд парламентын засаглалаа авч үлдэхийн тулд сонгуулийн холимог тогтолцоонд шилжих нь зүйн хэрэг. Гэхдээ хариуцлагагүй улс төрийг халхавчилах болон тогтолцооны өөрчлөлтийг хооронд нь хольж хутгах хэрэггүй. Сүүлийн үед эрх баригчдын бодлогын алдаа, дур зоргоороо авирлаж байгаа, хулгай, авлига албан тушаалын хэрэг, эдийн засгийн хүндрэлүүдийг мартагнуулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн агуулгыг ихээхэн хөндөж байгаа нь ажиглагдаж байна.
Тийм учраас 76 гишүүний 38 нь листээр, 38 тойргоос сонгогддог болгож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчөлт оруулахгүй бол Монгол Улс сүйрлээ гэсэн зарчимгүй улс төр явуулж байна. Үүний ялгааг сайтар гаргах ёстой. Өнөөдөр Засгийн газрыг толгойлж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Ажлаа хийж чадахгүй байгаа бол сайд нартайгаа хариуцлага тооц. Монгол Улсад үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудын түгжээг мулталж чадахгүй байгаа бол УИХ, Засгийн газартаа хариуцлага тооц гэсэн зарчимтай байна. Миний хувьд Засгийн газар ч бай, улс төрийн намууд нь ч бай, хувь улстөрчид ч бай шууд парламент руугаа дайрдаг явдлыг буруу гэж хардаг. Ялангуяа геополитикийн хувьд эмзэг цэгт оршдог Монгол Улсын хувьд парламентын дархлаагаа хамгаалах ёстой. Бид “Парламентын засаглал Монгол Улсын дархлаа” хэмээн ярих дуртай. Гэтэл Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг ярихаасаа өмнө УИХ-ыг тараах талаар хөнддөг нь зарчимгүй харагдаж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ