Оюутолгойн далд уурхайн 200 гаруй ажилтан өнөөдрөөс /2023.03.31/ ажил хаяж буй талаар мэдээлсэн. Тодруулбал, монгол ажилчид цалин хөлсөө шударгаар тооцож олгуулах асуудлаар хөдөлмөрийн хяналтын байгууллага, захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаанаа эв зүйгээр шийдэхийг хүссэн ч мухардалд орсон байна. Тиймээс ийнхүү ажил хаялт зарлахад хүрчээ.
Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тэгш хуваарь буюу 14/14 хуваариар ажиллаж эхэлсэн. Энэ нь маш олон давуу талыг уурхайчид, уртын ээлжийн ажилчдад авчирсан. Гэсэн хэдий ч бид бүхэн энэ хуваариар ажилласнаас хойш илүү цаг болон цалин хөлсөө дутуу олгох асуудал яригдаж эхэлсэн. Манай компани гэхэд илүү цаг олгож байгаа боловч үндсэн цалингаа 35.8 буюу 40 хувиар бууруулсан" гэж мэдээлж байв.
Ажилтнууд энэ асуудлаар "Уорли инженеринг" компанитайгаа тохиролцохоор хэд хэдэн удаагийн уулзалт хийж, хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэн дундын зууч томилуулан ажилласан ч үр дүнд хүрээгүй тул ийнхүү ажил хаяж байгаа аж.
"Уорли инженеринг" ХХК-ийн Б.ОЮУНБААТАР:
-Оюутолгой төсөлд ажиллаж буй ажилчдын цалинг зөв бодож, хуулийн дагуу олгуулахыг шаардаж манай компанийн ажилчид хугацаагүй ажил хаяж байна. Уурхай дээр ажиллаж байгаа ажилчид өнөөдрөөс эхэлж ажилт хаялт зарласан. Нийт ажилчид ярилцаж байгаад тайван замаар ажил хаялт зарлахаар шийдвэрлэсэн.
Уртын ээлжид ажиллаж байгаа хүмүүс цалин хөлсөө шударгаар тогтоолгохыг хүсч байна.
Уурхай дээр ажилчид ажил хаялт зарлаж байгаа бол хотод байгаа ажилчид оффис дээр цугласан. Цалин хөлсний журамд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэлэлцэж эхэлсэн. Ямар ч байсан тодорхой үр дүнд хүртэл ажил хаялтыг үргэлжлүүлнэ.
Холбоотой мэдээ