Хав дарсан хуулийн төслөө харуулаач, Н.Энхболд гишүүн ээ!

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Хав дарсан хуулийн төслөө харуулаач, Н.Энхболд гишүүн ээ!

Хав дарсан хуулийн төслөө харуулаач, Н.Энхболд гишүүн ээ!

Сонгуулийн уур амьсгал хэдийнэ оржээ. Горилогчид мянгаараа хоёр ордны дунд гороолж явна. Эмээл хазаартай морь цээжиндээ сойсон  горилогчид хэлд орж, эсрэгээрээ улс төрийн тавцангаас арчигдаж буй улстөрчдийн дуу цаашаа орчихож. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь гишүүдэд айдас дагуулж эхлэв. Хэний, хэний хэргийг хууль хүчнийхэн дэлгэж, хэзээ хэний асуудал "өндөр авах" бол гэсэн болгоомжлол гишүүдийн дунд байна.  Гэсэн хэдий ч тэд Сонгуулийн хуулийг хэрхэн батлан "хороо" найруулцаж явна.

 УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 3 чиглэлээр 10 багц хуулийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тодотгосон. Тэр дундаа улс орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой цаашлаад нийгмийн хорт хавдар хэмээн нэрлэгдээд байгаа авлига, албан тушаалын хэргийг бууруулахад чухал түлхэц үзүүлж, тогтолцооны өөрчлөлт хийх Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ гэв.

Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрээр сонгууль холимог тогтолцоогоор явах нь нэгэнтээ тодорхой болсон. Харин гишүүдийг тоог нэмэх эсэх нь анхаарлын төвд байна. Намуудад ч, улстөрчдөд ч гишүүдийн тоог нэмээсэй гэсэн битүүхэн хүлээлт үүсчээ.

Гэхдээ ҮХНӨ явсан нөхцөлд гишүүдийн тоог нэмэх боломжтой. Одоогоор ҮХНӨ таг чиг, зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл эцэг хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Хэрэвзээ, гэнэтийн улс төр өрнөчихгүй бол 2024 ондоо УИХ-ын сонгууль явах чигтэй байна.

Парламентад суудалтай улс төрийн гурван төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө бэлэн болгожээ.  Хуулийн төсөл  дээр ажиллаж буй ажлын хэсгийн ахлагчаар  Н.Энхболд гишүүн ажиллаж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг хаа нэгтэй хав дарчихаад хэнд ч үзүүлэхгүй байгаа нь олны бухимдлыг төрүүлж байна. УИХ-ын ээлжит сонгууль болохоор товлогдсон хугацаанаас жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болох хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, ирэх зугадугаар сараас өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж энэ парламентад бий. Угтаа өөрчлөлт, шинэчлэлт хийхэд гуравхан сар үлдчихээд байхад Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төслийг хайсан хүмүүс хаа сайгүй байгааг хууль санаачилагчид, ажлын хэсгийнхэнд дуулгахад буруудахгүй биз. Хүн хэлэхээс нааш санахгүй гэсэн үг бий.

Сөрөг хүчин Ардчилсан намын хувьд Сонгуулийн хуулийн төслөөс болж дотроо хэрүүлтэй байгаа аж.

Үндэсний бодлогын хорооны гишүүд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээ дээрх хоёр хуулийн төсөлтэй танилцчихсан хэрнээ намынхандаа мэдээлэл өгөхгүй нууцаллаа гэж хардаж, сэрдсэн ч тохиолдол байна. Гэтэл яг үнэндээ Ардчилсан намын УИХ-ын гишүүдийн хэн нь ч тус хоёр хуулийн төслийг цаасаар хүлээж аваагүй байгаа аж. Тийм учраас хараагүй үзээгүй хуулийн төслийнхөө талаар үзэл бодлоо илэрхийлэх, юуг нь өөрчлөх, юуг нь дэмжихээ мэдэхгүй намын төлөөллүүд, хуульч, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд гайхшаа барж сууна. Сонгуулийн тухай хуулийн төслийг ил болгоогүй байгаа мөртлөө хүйсийн квот 30 хувь байх, жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар тохирсон тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн нь нийгэмд талцал үүсгээд байна. Түүнчлэн сонгуулийн тогтолцооны хувьд 100 хувь пропорциональ байх уу, 50:50 гэсэн үзүүлэлттэй байх уу гэх мэт асуултын тэмдэгүүд ар араасаа хөвөрч байна.   “Харвал хальс болчихно, Үзвэл үнс болчино” гэдгийн үлгэр болоогүй л бол хав дарсан Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүдээ шилэн,нээлттэй, ил тод болгож нийтээрээ нийгмээрээ хэлэлцэх боломж олгох нь зүйн хэрэг биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж