МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Т.Аюурсайханыг хөөх үү?

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Т.Аюурсайханыг хөөх үү?

МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Т.Аюурсайханыг хөөх үү?

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбон яллагдагчаар татсан юм.  Тэгвэл Т.Аюурсайханыг намаас нь хөөх асуудал яригдаж магадгүй байна. Учир нь, МАН авлигаас ангид байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүн хэн байхаас үл хамаарч, улс төрийн ямар ч дэмжлэг үзүүлэхгүй, тэрч бүү хэл намаасаа хөөдөг байх дүрмийн өөрчлөлтийг хийснээ  олон нийтэд зарласан юм.

Тодруулбал, МАН-ын XXX дугаар их хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Ардын Нам авлига, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын эсрэг дараах зарчмаар тэмцэнэ.Үүнд, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн болон ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусган хэрэгжүүлнэ. Илүү тодруулбал, аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулахаар тусгаж байгаа. Энэ бүхний үр дүнд иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид улс төрийн намын хэв маягийг Монгол Ардын Нам манлайлан бий болгоно” гэж байв.

Тийм ч учраас авлига албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон Т.Аюурсайханыг МАН-ын гишүүнээс хөөх эсэх асуудлыг өнөөдөр тус намын Хяналтын хороогоор авч хэлэлцэх юм байна.  Монгол Ардын намын дүрэмд зааснаар ёс зүйн зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон гишүүд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан Хяналтын хороонд гаргахаар заасан байна. Тэрчлэн нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдаж, бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ж.Мөнхбатын асуудлыг ярих эсэх нь тодорхойгүй байна.

4 дүгээр зүйл. Монгол Ардын Намын гишүүний эрх, үүрэг 

4.3. Намын гишүүн нь дараах тохиолдолд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана. Үүнд:

  • 4.3.1. илтэд ёс зүйн зөрчил гаргасан;
  • 4.3.2. ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан;
  • 4.3.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон;

4.4. Монгол Ардын Намын гишүүн улс төрийн өөр намын гишүүн байхыг хориглоно.

4.5. Энэхүү дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.11, 4.2.12-ыг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:

  • 4.5.1. намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх;
  • 4.5.2. хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах;
  • 4.5.3. намын боловсон хүчний нөөцөд бүртгэх.

4.6. Энэхүү дүрмийн 4.5-т заасан хариуцлагыг тооцохдоо намын Удирдах Зөвлөл болон тухайн гишүүнийг хүний нөөцдөө бүртгэсэн намын байгууллагын тэргүүлэгчид нь намын хяналтын байгууллагын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг тухайн гишүүнд өөрт нь болон анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.

6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах 

  • 6.1. Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.
  • 6.2. Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд бичгээр болон цахимаар мэдэгдэж, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө.
  • 6.3. Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
  • 6.4. Намын гишүүн нас барсан бол түүний үр хүүхдийн хүсэлтээр намын бат илэрхийлэхийг дурсган хадгалуулж болно.
  • 6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
  • 6.5.1. намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;
  • 6.5.2. намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

Ямартай ч Т.Аюурсайханыг намаасаа хөөх эсэхийг МАН-ын Хяналтын хорооны гишүүд дүрмийн дагуу шийдэх нь. Дашрамд дуулгахад, Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзэх шийдвэр гарахаас өмнө  Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаас шалтгаалаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг тус намын хорооны даргаар үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан юм. Тэгвэл  өнгөрсөн Даваа гаригт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар томилох шийдвэрийг Нийслэлийн МАН-ын хорооноос гаргасан байна. Өөрөөр хэлбэл,  Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга гэсэн гурван давхар дээлтэй боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж