Японы Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада тавдугаар сарын эхээр Австралид айлчилж, хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалт болон хамтын ажиллагааны бусад чиглэлийг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ. Энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс дэх Хятадын цэргийн хүч нэмэгдэж буйн эсрэг арга хэмжээ юм. Ясүказү Хамада айлчлалын хүрээнд Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлестай уулзана. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард албан тушаалаа хүлээж авснаас хойш анх удаа Австралид айлчлах гэж буй нь энэ юм.
Хоёр улсын зэвсэгт хүчний хоорондын уялдаа холбоог сайжруулж, АНУ-тай гурван талт батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь Японы зорилго. Япон, Австрали хоёрыг бараг холбоотон гэж болохуйц харилцаатай. Энэ оны сүүлээр Япон, Австралийн харилцан нэвтрэх гэрээ хүчин төгөлдөр болно. Түүнчлэн хоёр улсын Гадаад хэрэг болон Батлан хамгаалахын сайдууд өнгөрсөн арванхоёрдугаар сард Токио хотноо "Хоёр дээр нэмэх нь хоёр" нэртэй аюулгүй байдлын чуулганыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтын үеэр илүү нарийвчилсан цэргийн сургуулилалтуудыг хийхээр тохирсон билээ.
Ясүказү Хамада айлчлалын үеэр Японы батлан хамгаалахын шинэчлэгдсэн бодлогыг танилцуулна. Үүнд, батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх, дайсны баазын чадавхийг олж илрүүлэх зэрэг багтах юм. Япон улс ойрын таван жилийн хугацаанд батлан хамгаалахын төсвөө хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж буй.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ