“Эрдэнэсийн санд 1 их наядын үнэт өв хадгалагдаж байна”

Live“Эрдэнэсийн санд 1 их наядын үнэт өв хадгалагдаж байна”

11 : 53
2023-3-31

“Оюутолгой” компани төв банкинд 443 сая доллар нийлүүлээд байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай УИХ-ын тогтоол /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн/ -ын төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор төв банкинд тушаагдах алтны хэмжээ яагаад буурав гэдэг асуудал хөндөгдлөө. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төв банк 2021 онд 21.9 тонн алт авсан гэж ойлгож байгаа. Гэтэл 2023 онд 17 тонн алт худалдан авна гэжээ. Хил гааль нээгдлээ хулгай нь дийлдэхгүй гэж үзэв үү, эсвэл алт олборлолт буурав уу. Алтны үнэ хэзээ ч буурахгүй. Долларын ханш буурлаа ч, хямрал цаашдаа үргэлжлэхээр байгаа. Далд эдийн засгийг бий болгож байгаа зүйл нь алт. Уулын нэг аманд очоод алт ухдаг. Алт ухсан нь асар их баян болсон. Алтыг аж ахуй нэгж нь тушаадаггүй, хувь хүн тушаадаг болсон. Хувь хүн алт тушаахаар орлогыг нь тодорхойлох боломжгүйг ашигладаг, АМНАТ төлдөггүй. Сангийн яам, төв банк энэ асуудлыг мэддэг хэрнээ өөгшүүлээд яваад байдаг. Олборлосон аж ахуй нэгжээс нь алт  авах чиглэлээр юу хийж байна вэ.

“Оюутолгой” компани 2021 онд 1.9 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортолсон, үүнээс 300 орчим сая ам.доллар нь алт шүү гэдэг. Сангийн яам “За” гэдэг. 300 сая ам.доллар гэдгийг баталгаажуулсан уу. Цаашдаа “Оюутолгой” компанийн баяжмалыг дагаж гарч байгаа алт дээр ямар бодлого барих юм. “Оюутолгой”-н 300 сая ам.долларыг Монголоор дамжуулах чиглэлд юу хийх юм.

Алтны мөнгийг төв банкаар дамжуулах, “Оюутолгой”-н алтыг авах сэдэл хийж байна уу?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: 2023 онд төв банк 20-22 тонн алт худалдан авах хүлээлттэй байна.  2023 оны гуравдугаар сарын 26-ний байдлаар 2 тонн алт худалдан авсан. 2022 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт. 2021 оны мөн үед 3,22 тонн алт, 2022 оны мөн үед 2,8 тонн алт тус, тус төв банк худалдан авсан байдаг.

Гэхдээ 2023 оны жилийн гүйцэтгэлээр төв банк 22-23 тонн алт худалдан авах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Covid-19 цар тахлын хуулиар төв банк алтны компаниудад санхүүжилт олгоод явж байсан, энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд алт худалдан авалт харьцангуй өндөр дүнтэй байсан. Энэ хөтөлбөрт нийтдээ 505 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуй нэгжүүдэд урт хугацаатай болон богино хугацаатай олгосон. Хуулийн хэрэгжилт өнгөрсөн оны сүүлээр дуусанаар хөтөлбөрийн хэрэгжилт ч  дууссан.

Бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах хүрээнд төв банкны зүгээс алтыг худалдан авахдаа Лондонгийн металлын биржийн үнээс 5 хувиас илүү үнээр алт худалдан авсан. Энэ хүрээнд 133 орчим тэрбум төгрөгийг 5 хувийн илүү төлөлтөд зарцуулсан. Эргээд алтны секторын бизнесийн үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болсон.

“Оюутолгой” компанийн хувьд  төв банкны валют арилжаанд оролцоод валют нийлүүлдэг. 2021 онд 873 сая ам доллар, 2022 онд 1.3 тэрбум ам.доллар, 2023 онд одоогоор 443 сая ам.доллар нийлүүлээд явж байна.

Оюутолгойн баяжмал нь хүдэр хэлбэрээр алттай хамт хилээр гарч байгаа. Стандартчилал хэмжил зүйн Улсын сорьцын хяналтын алба бүртгэлжүүлээд, сорьцыг нь тогтоогоод хилээр гаргадаг гэж ойлгож байгаа.

Төв банк “Оюутолгой” компанийг алтаа тушааж байх яриа хэлэлцээг 2009 оноос эхлээд хийж ирсэн. Тогтвортой байдлын гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд зохицуулагдаад явж байгаа гэж тайлбарладаг.

Асуултад хариулт авч дууссаны дараа Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хурааж баталлаа. 

Сануулахад, Эрдэнэсийн сангийн асуудал нь маш нууц зэрэглэлд багтаж, хэлэлцэгддэг байсан ч 2022 онд баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулснаар ил нээлттэй хэлэлцэх боломжтой болсон юм байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, баталснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

 

10 : 48
2023-3-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж,  Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай УИХ-ын тогтоол /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн/ -ын төслийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Эрдэнэсийн санд үнэт зүйлийг ямар журмаар худалдан авдаг вэ. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа үнэт зүйлийг зарж борлуулах асуудал нээлттэй байдаг уу?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Эрдэнэсийн сангийн тухай хуульд зааснаар Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн, Соёлын яам, МУИС-ийн эрдэмтэн багш нараас бүрдсэн мэргэжлийн зөвлөл ажиллаж, гаргасан санал дүгнэлтийнх дагуу эрдэнэсийн санг арвижуулдаг. Эрдэнэсийн сангийн үндсэн сан нь байнгын болон байнгын бус гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Байнгын хэсэгт бүртгэгдсэн аливаа үнэт зүйл, олдворыг Эрдэнэсийн сангаас гаргах, худалдан борлуулах нь хориотой. Байнгын бус хэсэгт байгаа үнэт зүйлийг УИХ-ын шийдвэрээр зарж, борлуулж болно.

2022 оны тухайд 2 тэрбум төгрөгийн археологийн үнэт олдвор, үнэт зүйл шилжүүлэн авахаар төсөв батлагдсанаас 900 сая төгрөгийн худалдан авалт хийгдэж, Эрдэнэсийн санг баяжуулсан.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Эрдэнэсийн сангаас ховор түүхэн зураг, уран баримал алдагдсан гэдэг яриа байдаг. Арга хэмжээ авсан уу. Эрдэнэсийн санд хэчнээн нэр төрлийн эд өлгийн зүйл хадгалагдаж байна вэ. Гадаадаас жуулчид ирэхэд Чингис хааны музейгээс өөр үзүүлэх зүйл алга. Олон нийтэд нээлттэй болгох тал дээр төв банк ямар бодлого барьж байна вэ?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

Эрдэнэсийн санд түүх соёлын хосгүй үнэт  болон үнэт гэж ангилагдсан үзмэрүүдийг Соёлын өвийн үндэсний төвийн дүгнэлтийн дагуу Монголбанкны мэргэжлийн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Эрдэнэсийн санд худалдан авдаг.

Эрдэнэсийн санд уран баримал болон уран зураг хадгалагддаггүй. 1984 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор Эрдэнэсийн сан үүсгэн байгуулагдахдаа үнэт металл, эрдэнэсийн зүйлээр хийгдсэн түүх соёлын хосгүй үнэт зүйлүүд шилжиж ирсэн байдаг. Уран зураг болон уран баримлууд нь Урчуудын эвлэл болон бусад музейд шилжиж очсон байдаг.  

Эрдэнэсийн сан нь өөрийн үзмэрийн танхимтай, тухай бүртээ олон нийтэд дэлгэн үзүүлдэг. Шинээр байгуулагдсан “Чингис хаан” музейтэй гэрээ байгуулснаар үнэт үзмэрүүдээ ард иргэдэд үзүүлж байгаа. Монголбанкинд байршдаг эрдэнэсийн сангийн үзмэрүүд юм гэдэг тайлбартайгаар үнэт зүйлүүдээ байршуулсан.

Эрдэнэсийн санд 1 их наяд төгрөгийн үнэт өв хадгалагдаж байна. Үнэт өв алдагдаагүй, жил бүр тооллого хийж, баталгаажуулдаг. Хөндлөнгийн аудит ажиллаж, мөн баталгаажуулдаг. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-03-31 64.119.23.180

baga baina ternees hamaagui ih baih yostoi shuu

Avatar

Эзэн 2023-03-31 192.82.81.86

НЭЭРЭЭ ЭХНЭЭСЭЭ БАЯЛАГЫН х****л ҮЙЛЧИЛЖ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ ХҮРТЭЖ БАЙГАА ШҮҮҮҮ!!!

Avatar

эзэн 2023-03-31 192.82.81.86

Тэр хулгайчуудаас буцааж аваачэээ хэзийдээ тэрТҮРИЙНИЙ БӨӨСНҮҮД ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ЦУГЛУУЛАГЧ БАЙЛАА НАСААРАА ЯЛ ЭДЛЭВЧ НҮГЭЛ Н НИМГЭРЭХГҮЙ ХУЛГЙЧУУД

Avatar

Нэргүй 2023-03-31 202.9.40.178

Шилжилтийн үед буюу 90 ээд онд Монгол банкны Эрдэнэсийн сангаас багагүй түүхийн нэн ховор үнэт эдлэлүүд алдагдаж бсн гэдэг ! Талийгч Отгонбилэг, мөн Монгол банкны Чука, Элбэгдорж нарт зарим алдагдсан үнэт зүйлүүд байхыг хүмүүс хэлдэг л юм билээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж