Монгол Улсын махны экспорт 2017-2018 онд 66 мянган тоннд буюу хамгийн дээд хэмжээнд хүрч байсан бол сүүлийн хоёр жилд 57.5-аас 39.9 мянган тонн болж бууран, өнгөрсөн оны байдлаар 22.1 мянган тонн болжээ.
Махны жилийн хэрэглээ 629.4 мянган тонн гэсэн тооцоо бий бөгөөд үйлдвэрлэл буюу мах төхөөрөх хүчин чадал 343.0 мянган тонн, экспортлох эрх бүхий төхөөрөх үйлдвэрийн хүчин чадал 174.6 мянган тонн байна. Үүнээс ОХУ-д гаргах эрх бүхий 36 компани, БНХАУ-д экспортлох эрх бүхий 20 аж ахуйн нэгж, Ойрхи Дорнодын орнууд болон Япон улсад гаргах эрх бүхий 5-10 компани бий аж.
Монголоос ОХУ руу мах гаргах аж ахуйн нэгжийн тоо давамгайлж байгаа мэт боловч бодит байдал дээр хойд хөрш рүү хийх экспортын хэмжээ бага байгаа нь статистикаас харагдаж буй юм.
Монголын Махны холбооны гүйцэтгэх захирал Н.Батсуурийн мэдээлснээр, монгол махны зах зээл өмнө нь Орост байжээ. Өнөөдрийн байдлаар тус улсын бүх хууль тогтоомжид “Монголоос оруулж ирж буй махыг зөвхөн үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар, дахин боловсруулалтад оруулна” гэж заасан тул Монгол Улс ОХУ-ын зах зээлд өргөн хүрээнд тоглогч байхад хэцүү болсон байна. Гэвч Оросын дотоод зах зээл дэх байгууллагуудаас монгол махыг цааш нь зах зээлд худалдах талаар хамтарья гэсэн санал тавьдаг аж.
Монгол Улсын махны экспорт гадаадын зах зээл дээрх эрэлт хэрэгцээ, хэрэглээнээс онцгойлон хамаарч буй. Махаа экспортлоё гэж байгаа бол наад зах нь өмнөх шигээ малын өвчнийг олон улсын холбогдох байгууллагуудаас нууж далдлаад өнгөрөөх бус, тухайн өвчнийг хянах, хянаж чадаж байгаагаа олон улсад нотлох хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж буй юм. Мөн махны үйлдвэрлэлийг мал, мах бэлтгэлээс эхлээд боловсруулалт худалдаа хүртэл төрөлжүүлэх шаардлагатай болжээ.
Улсын хэмжээнд нийт бэлтгэж буй махны 97 хувийг гар аргаар төхөөрч байгаа бөгөөд зах дээр зарагдаж буй махны гарал үүслийг эргэн мөшгих боломжгүй байдаг байна.
Манай улсад мал, мах бэлтгэл дээр малын амьдын ашиг шимийг л авахыг бодож ханддаг. Мах бэлтгэлээс эхлээд боловсруулалт, үйлдвэрлэл, экспорт хүртэлх үйл явцыг махны хэрэгцээ, хэрэглээтэй холбох нь чухал тул мал, мах бэлтгэл боловсруулалтад хэрэглээний эрлийзжүүлэлт гэсэн нэр томъёо хүртэл орж иржээ.
Мах боловсруулдаг аж ахуйн нэгжүүд зах зээлд нэгдэн гарах, кластерийн хамтарсан компани байгуулж буй аж. Мөн ХХААХҮЯ-нд Монголын Махны зөвлөл байгуулагдах гэж буй юм байна. Энэ нь тухайн салбарыг асуудлыг хэлэлцэж байх төр, хувийн хэвшил, ТББ-уудын оролцоотой бүтэц бүхий түншлэлийн байгууллага байх ажээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад малын өвчинтэй тэмцэх хөтөлбөр, төлөвлөгөө тодорхойгүй, олон улсын хэмжээнд үр дүнг нь ил тод нотлох баримт нотолгоо байхгүй, нотлох гэж ч оролддоггүй. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтний гүйцэтгэх үүргийг үнэлдэггүй, ямар ч мэргэжлийн хүн түүнийг гүйцэтгэж болох юм шиг ойлгодог байдал түгээмэл. Гаргаж буй шийдвэрийн ихэнх нь шинжлэх ухааны үндэслэлгүй, баримт нотолгоогүй, хувь хүний ойлголтын хүрээнд байгаа тул энэ талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухалыг салбарынхан өгүүлж байна.
Холбоотой мэдээ