Тодруулга: БЗС-гаас зээл авч буй хүмүүсийн нэрийг шилэн болгоно

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Тодруулга: БЗС-гаас зээл авч буй хүмүүсийн нэрийг шилэн болгоно

Боловсролын зээлийн сан/БЗС/-аас зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байгаа талаар зарласан. Үүнтэй холбогдуулан тэтгэлэг, зээл авсан нийт иргэдийн мэдээллийг цахим хуудсанд ил болгосон билээ.  Энэхүү асуудлын хүрээнд БЗС-ийн ажлын албаны дарга Д.Гардиас дараах зүйлсийг тодрууллаа.


-Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг ил болгосон. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүн БЗС-гийн дэмжлэгтэй суралцаж, төгссөн бэ?

-Дотоодын их, дээд сургуулийн буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан иргэд болон магистр, доктор, бакалавраар гадаадад суралцсан нийт иргэдийн мэдээллийг боловсролын зээлийн сангийн сайтад ил тод болгон тавьсан. Эхний ээлжинд нийт 30 жилийн хугацаанд боловсролын зээлийн сангаас суралцсан 210 мянга гаруй иргэдийн мэдээллийг ил гаргалаа.

-Л.Энх-Амгалан сайд 230 хүн зээлээ төлөөгүй, 10 тэрбум орчим төгрөгийн өр байгаа гэсэн. Тэдгээр хүмүүстэй холбогдсон уу?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд боловсролын зээлийн сангаас бакалавр, доктор зэрэг гадаадын их, дээд сургуульд суралцсан ч зээлээ эргэн төлөөгүй хүмүүсийн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийтдээ 230 орчим иргэн зээлээ төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Бид бүртгэлтэй байгаа хүмүүстэй холбогдохыг оролдсон боловч ямар нэгэн холбоо тогтоож чадаагүй байна. Тиймээс хууль хяналтын байгууллагад зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг өгнө.

-Яагаад 30 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээсээ "зугатсан" хүмүүсийг олж илрүүлсэнгүй вэ. БЗС-гийнхан ажлаа муу хийсний үр дагавар биш үү? 

-Өнгөрсөн хугацаанд яагаад холбоо тогтоогоогүй, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй талаар мэдээлэл алга байна. Би 2022 онд энэ ажилд томилогдсон. Түүнээс хойш зээлээ төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэд олон байгааг мэдээд, өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд зээлээ төлүүлэх арга хэмжээг эхлүүлсэн. Одоо эдгээр иргэдийн мэдээллийг нээлттэй болгох, хуулийн байгууллагаар шалгуулах гээд олон ажлын хийж байна. Харин яагаад өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ бүгдийг хийгээгүй вэ гэдэг чинь том асуулт юм.

-Зээлийн сангийн мэдээллийг дэлгэснээр иргэд багагүй бухимдалтай байна. Мэдээлэлд ойр, албан тушаалтнуудын хүүхдүүд голдуу хамрагдсан нь анхаарал татаж байна л даа. Тиймээс зээлээ төлөөгүй хүмүүсийг хэзээ зарлах вэ? 

-Удахгүй 230 хүний нэрс буюу зээлийн үүргээ биелүүлээгүй хүмүүсийг зарлана. Хуулийн байгууллага нэрсийг өгсний дараа гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүс хаана амьдарч байгаа, ажиллаж байгаа гээд олон зүйлийг ил тод болгох байх.

-Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй хүмүүст ямар хариуцлага тооцох вэ. Хариуцлага тооцох хуулийн үндэс бий юу?

-Төрөөс олгож буй санхүүгийн дэмжлэг нь үүргээ биелүүлсэн тохиолдолд тэтгэлэг, үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээл юм. Яагаад зээл болж байгаа вэ гэхээр тухайн иргэнийг амжилттай сургахын тулд хариуцлагжуулж буй хэрэг юм. Бүртгэл хийх хамгийн эхний шаардлага бол тухайн иргэн төгссөн бол 30 хоногт БЗС-нд бүртгэлээ хийлгэх ёстой байдаг. Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байна. Ямар шалтгаан, асуудал байгааг бид мэдэхгүй. Тиймээс үүргээ биелүүлээгүй тохиолдолд эргэн төлөлтөө төлөх ёстой. БЗС-аас Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтраад бодлогын хүрээнд эргэн төлөлтийг сайжруулах ажлыг хийж байна. Зээлээ авсан хүн бүрийг эргэн төлөлтөө хийж, гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

-Одоо цаашдаа тэтгэлэг авч байгаа хүмүүс гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд хэр анхаарч байна. Ер нь боловсролын тэтгэлэг авч байгаа хүмүүсийг мэдээллийг ил тод болгохгүйгээр асуудал шийдэгдэхгүй юм биш үү? 

-Цаашдаа зээл, тэтгэлэг аваад явж байгаа хүмүүсийн нэрсийг байнгын ил тод байлгана.

-Боловсролын зээлийг ямар шалгуураар олгодог вэ. Сонгон шалгаруулалтаа нээлттэй, ил тод зарладаг уу?

-БЗС ( хуучнаар сургалтын төрийн сан) 1993 оноос хойш дотоодын оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, дотоодын их дээд сургуулиудад суралцах оюутнуудад дэмжлэг үзүүлэхээр санхүүжилт олгодог байгууллага юм. 1997 оноос гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг олгож ирсэн. Гадаад зээл тэтгэлэгийн хүрээнд "Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулалт хийдэг.  Сонгон шалгаруулалт хийх ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны яам томилдог. Ажлын хэсэг удирдамжаа баталсны дараа сонгон шалгаруултад яаж оролцох тухай олон нийтэд нээлттэй зарлана. Хүүхдүүд системдээ бүртгүүлээд сонгон шалгаруултад ороод тэнцсэн тохиолдолд санхүүгийн дэмжлэг авдаг. “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д заасан заалтын дагуу дотоодын их сургууль буцалтгүй тусламж болон оюутны хөгжлийн зээлд хамрагдахдаа тухайн сургуулийнхаа шаардлагыг хангаж байвал БЗС-нд мэдээлэл ирүүлж, шаардлага хангасан тохиолдолд  санхүүжилт олгодог.  БЗС-аас оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжnau бүтэн өнчин, хөдөлмөрийн чадвараа алдсан, багш, сувилагч гэсэн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад журмын дагуу олгодог.

Э.Хулан Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж