Сурвалжлага: Эмнэлэг, сургуулийн ялгаатай СТАНДАРТ

Сурвалжлага: Эмнэлэг, сургуулийн ялгаатай СТАНДАРТ

Сурвалжлага: Эмнэлэг, сургуулийн ялгаатай СТАНДАРТ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 6510 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Гэвч бодит амьдрал дээр хэрэгждэг нь тун цөөн. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа эрүүл мэнд, боловсролын салбарын ялгаатай стандартыг хөндөж байна. Хан-Уул, Чингэлтэй дүүргийн гэр хороолол дунд байрлах хоёр сургуулийг харьцуулахад стандартын ялгаа харагдана. Мөн Сонгинохайрхан дүүргийн хоёр хороонд байрлах ижил шатлалын амбулаторийн байрыг харьцуулахад л тэнгэр, газар шиг орчин угтав.


НЭГ. Сургуулийн ялгаатай стандарт

Хана нь цуурч, шал нь мөөгөнцөртөж, бохирын шугамаас нь эвгүй үнэр ханхална. Энэ бол Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинатад байрлах ерөнхий боловсролын 10 дугаар сургууль. Дунд сургууль гэхэд зай багатай. Нарийн хонгил, намхан хана, дээвэртэй. Хаалга, цонх, шат нь жижигхэн. Будаг нь халцарсан, элэгдэж муудсан дүр зурагтай. Хэдий муудаж, хуучирсан ч багш, сурагчид нь сургуулиа өөд нь татаж, бага сага засварлажээ.

Сургуулийн ханаа сурагчдын бүтээлээр чимж, ханын сонин, урмын үг, төлөвлөгөө бичсэн нь нүдэн тусна. Байгаа орчноо гололгүй дор бүрнээ сэтгэлтэй хандах аж.

10 дугаар сургууль нь 70 орчим багш, ажилтантай. Нийт 1054 сурагч гурван байранд хуваагдан, хоёр ээлжээр хичээл ордог. Түрээсийн хоёр байрны нэг нь 40 айлын орон сууцны нэг давхар. Энд бага ангийн 17 анги бүлэг хичээллэдэг бөгөөд улсаас түрээс төлдөг байна. Нөгөөх нь хорооны барилга. Тэнд сурагчид хичээллэхээс гадна дугуйлан хичээллүүлж, давтлага хийх боломжийг олгодог аж.

Хуучин сургуулийн байрыг 2020 онд нурааж, шинээр гурван давхар барилга барьж буй. Гэвч санхүүжилтийн улмаас барилгын ажил удааширч, гурван жил болжээ. Багш ажилчдын зүгээс ирэх намар шинэхэн сургуулийн байрандаа нүүж орох итгэл тээж байгаагаа хэлж байв.

“Би саруулхан том сургуультай болохыг мөрөөддөг” хэмээн ярих сурагчийг Г.Ихэрсаран гэдэг, арваннэгдүгээр ангийн сурагч. Тэрбээр “Анги танхим хүрэлцээгүй байдаг учраас хичээлээс гадуурх дугуйлан секцид хамрагдахад хүндрэлтэй. Багш нар маань боломжоороо анги гаргаж, хичээллүүлдэг ч төдийлөн сайн хамрагдаж чаддаггүй. Манай сургууль зай талбай том, анги танхим олон бол гоё байна. Бусад сургуулиудад урлагийн үзлэг их болдог. Гэтэл манай сургуульд тийм заал байдаггүй учраас сурагчид авьяасаа хөгжүүлэх боломжгүй” тухайгаа ярилаа.

Сургуулийн захирал А.Туяасайхан “Манай сургууль 1946 онд анх ашиглалтад орсон. Өдгөө 77 жилийн түүхтэй. Өнөөдрийн байдлаар 320 хүүхдийн өргөтгөлийн барилга, түрээсийн хоёр байранд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 1054 хүүхэдтэй, хоёр ээлжээр 70-аад багш ажилтан ажиллаж байна.

Үндсэн барилга болох хуучин 520 хүүхдийн сургуулийг 2020 онд нурааж, тус оныхоо дөрөвдүгээр сард шинээр 640 хүүхдийн суудалтай сургууль барьж эхэлсэн. Одоо барилгын ажил нь 90 хувийн гүйцэтгэлтэй, удахгүй дөрөвдүгээр сарын 15-наас барилгын ажил эхэлнэ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар анх төсөвлөсөн 5.4 тэрбум төгрөг дээр нэмж, 2.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн боловч “Алтанбулаг трейд” барилгын компанийн зүгээс барилгын материалын үнийн хөөрөгдөл, ажилчдын цалин, тээвэрлэлтийн зардлыг 2024 онд дахин нэмж төсөвлөх саналыг тавьсан. Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадвал ирэх есдүгээр сард ашиглалтад ороход бүрэн боломжтой” гэв.

СУРГУУЛИЙН БАРИЛГА ХОЁР УДАА ҮЕРТ АВТАЖ, ХӨГЦ, МӨӨГӨНЦӨРТ ИДЭГДСЭН

Одоо хичээллэж буй 320 хүүхдийн өргөтгөлийн барилгад их засвар огт хийж байгаагүй. Сургуулийн барилга нь 2008, 2009 онд хоёр удаа үерт автаж, хөгц, мөөгөнцөрт маш их идэгдсэн. Ялангуяа спорт заалны шал байнга мөөгөнцөртөж, банз нь хугардаг. Өргөтгөлийн байрны дээврээс ус гоожих хэвийн зүйл. Сантехникийн шугамын төмрүүд нь элэгдэлд орж, ус шүүрнэ. Сургуулийн зүгээс энэ асуудлаар хөөцөлдөж, зохих шатны байгууллагад ханддаг тухайгаа учирласан юм.

Тус сургуульд номын сан байдаггүй. Нэг давхрын коридорт тасалгаа хийж, номын сан байгуулжээ. Сурагчид номын санд суух боломжгүй учраас номын санч нь ангиудаар номоо тэвэрч тараадаг гэнэ.

“Хүүхдүүд номын сандаа ном унших ямар ч боломжгүй. Нийт 12-хон метр квадрат зайтай. Гэсэн хэдий ч бид номын өдөрлөг зохион байгуулж, сурагчдадаа уншлагын цаг гаргадаг. Миний мөрөөдөл зай талбайтай, үлгэр жишээ сайхан номын сантай л болмоор байна. Номын сангийн үүдний хэсэгт бие засах газар байдаг. Эндээс өмхий үнэртэж, өрөөндөө суухын аргагүй байдаг. Хордлого авч, толгой өвдөнө, бие загатнана.

Тэглээ гээд энэ өрөөнөөсөө гарахаар ажлаа хийж чадахгүй шүү дээ. Өвөл бохирын үнэр нь арай гайгүй, хавар болоод ирэхээр илүү үнэртэнэ.

Хүүхдүүдээсээ сурах бичгээ хурааж авахаар энэ өрөөндөө би өөрөө ч багтахгүй, зогсох зайгүй болдог. Би гоё номын сантай болох төсөл бичиж, шалгарсан чинь шинэ байранд орсон байх шаардлагатай гээд өгөөгүй” гэж номын санч Д.Алимаа ярилаа.

Монгол хэл, уран зохиолын багш М.Тогтмол-Эрдэнэ “Би энэ сургуулийн төгсөгч, сургуульдаа 27 жил багшилж байна. Манай сургууль шинэ сургуультай болохоор дөрөв дэх жилдээ хүлээж байна. Өнөөдрийг хүртэл байгаа орчноо өөрсдөө тохижуулж, өөд нь татаад 1000 гаруй хүүхдийг сургаж байна. Удахгүй шинэ сургуульдаа орох байх гэж найдаж сууна. Түрээсийн байранд хичээллэхээр ширээ сандал хүрэлцэхгүй, багш эцэг эхчүүд хамтран засч, сэлбээд хичээллэдэг тухайгаа хэлж байв.

ГЭР ХОРООЛОЛД БАЙРЛАЛТАЙ СУРГУУЛЬ  ХУВИЙН СУРГУУЛИУДААС ДУТАХ ЗҮЙЛ АЛГА

Харин Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах 149 дүгээр сургууль 2020 онд ашиглалтад орсон. Нийслэлд Япон улсын буцалтгүй тусламжаар барьсан дөрвөн сургуулийн нэг нь энэ. Гэр хороололд байрлалтай энэ сургуулийн сурах орчин өндөр төлбөртэй хувийн сургуулиудаас дутах зүйл алга.

Үүдээр нь ороход багш, сурагчид гутлаа тайлж, углааш өмссөн байв. Сургуулийн давхар бүр хүүхдийн нуруунд тохирсон модон бариултай. Уг бариулын төгсгөлд баррель үсгээр өрөөний дугаарыг тэмдэглэсэн байх аж.

Анги танхим нь босгогүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд онгойлгоход амар гүйдэг хаалгатай, ангийн самбар нь дор байрладаг, анги бүр угаалтууртай, толь нь налуу байрлалтай.

Нийт 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль нь 29 бүлэгтэй. Энэ хичээлийн жилд 805 хүүхэд суралцаж байна. Нэг ангид 25-30 сурагч сурдаг. Тэр дунд хэл ярианы бэрхшээлтэй, аутизмтай, тулгуур эрхтний бэрхшээлтэй 14 хүүхэд суралцаж буй. Цаашдаа хорооныхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульдаа олноор хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа багш нар хэлж байсан юм. Тэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөө гаргаж, дэмжлэгийн баг гарган, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ ажиллаж байгаа гэв.

Шат, налуу зам, заал, бие засах газар, коридорын шалны хулдаас нь нян бактер үрждэггүй, тоос бага татдаг, халтирдаггүй гэдгээрээ онцлог. Хичээлийн самбар нь шохойгоор бус макраар бичдэг. Давхар проекторын дэлгэц болгож ашигладаг гэнэ.

Хими, физик, биологи, технологи гээд байгалийн ухааны хичээлүүд нь хичээлийн тусгай хэрэглэгдэхүүнтэй учраас сурагчид хичээлдээ маш идэвхтэй оролцдог тухайгаа хэлж байв. Дуу хөгжмийн хичээлээ тусгай зөөврийн тайзтай танхимд хичээллэнэ. Хана нь дуу чимээ нэвтрүүлдэггүй акустик хавтангаар хийсэн бөгөөд ятга, төгөлдөр хуур, морин хуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг өрөөстэй харагдана.

Автобусны буудлаас зайдуу учраас нийтийн тээвэр явдаггүй. Тиймээс гурван ч хүүхдийн автобус өдөрт дөрвөн ээлжээр сурагчдаа зөөдөг байна. Хүйтрэх тусам хүүхдийн тоо нэмэгдэж, 150-170 хүүхэд автобусаар зөөдөг аж.

149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн "Бага, дунд боловсролын байгууллагын барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр засгийн газрын хамтын гэрээний дагуу 149 дүгээр сургуулийг гурван жилийн хугацаанд барьсан. Өөрөөр хэлбэл, Японы ард түмний татвар төлсөн мөнгөөр боссон гэсэн үг.

Манай хороонд сургууль байдаггүй байсан учраас хүүхдүүд маань Сонгинохайрхан, Баянгол дүүргийн сургуулиудад суралцдаг байсан. Тухайн бүс нутгийнхаа анхны жишиг сургууль болж байна.

Сургуулийн барилга нь тэгш хүртээмжтэй загвараар баригдсан. Сургууль доторх бүх зүйл нь багш, сурагч, эцэг эхчүүдэд ойлгомжтой зорчиход ямар нэгэн саад бэрхшээл байхгүй. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бүрдүүлж өгснөөрөө онцлог. Барилгын түүхий эдүүд хүний эрүүл мэндэд ээлтэй. Төсөвт өртөг нь 14 орчим тэрбум төгрөг бөгөөд үүнд барилгаас гадна сургалтын хэрэглэгдэхүүн бүгд багтаж буй. Япон зөвлөх инженертэй монгол барилгын компани барьсан” талаар сонирхууллаа.

ХОЁР. Эмнэлгийн ялгаатай стандарт

ГАР ХҮРЭХИЙН ТӨДИЙД ЭМНЭЛГИЙН ГАДНАХ ХАНА НЬ НУРЖ БАЙНА

Хана нь цуурч, нурсан хоёр давхар байшин бол Сонгинохайрхан дүүргийн 13 хорооны 120 гаруй мянган иргэнд үйлчилдэг Хоёрдугаар амбулатори. Анх 1979 онд Тээвэрчдийн эмнэлгийн зориулалтаар барьсан энэ эмнэлэгт ашиглалтад орсноос хойш их засвар огт хийгээгүй. Сүүлд төслөөр 50 сая төгрөгийн дотор засал хийсэн талаар эмч, ажилчид нь хэлж байв.

Гар хүрэхийн төдийд гаднах хана нь нурж байлаа. Эмнэлгийн хувьд эрүүл ахуйн шаардлагыг чанд сахих ёстой ч барилгын дээврээс ус гоожиж, хана нь байнга мөөгөнцөртдөг байна. Эмч нар аргаа барахдаа цуурч, хагарсан ханандаа үзүүлэн, цаасан сурталчилгаа наадаг тухайгаа учирласан юм.

Эмнэлгийн байрны багтаамжаасаа шалтгаалаад эмч нарын үзлэгийн өрөө багахан зай талбайтай. Амбулаторийн бүрэн хүчин чадлаараа сэтгэц, нүд, дотоод шүүрлийн булчирхайн эмч гэх мэт нарийн мэргэжлийн эмч нэмж ажиллуулах ямар ч боломжгүй аж. Одоо 14 эмч, 18 сувилагч хоёр давхар байшиндаа арайхийн багтаж ядна.

“Энэ муу хоёр давхар байшин маань хүчтэй газар хөдлөх л юм бол шууд нурах эрсдэлтэй. Даацын хана нь гар хүрэхэд л нурж унадаг. Анх ашиглалтад орсноос хойш барилга гадна талыг огт засварлаагүй. Дотор талыг нь нэг муу юм будаж, янзалдаг. Сантехникийн шугам сүлжээ нь муудаж, зэвэрсэн. Болдог бол энэ газар дээрээ шинэ том эмнэлэг барьчихсан” хэмээн эмнэлгийн засварчнаар 22 жил ажиллаж буй Д.Энхжаргал санаа алдана.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хоёрдугаар амбулаторийн мэдрэлийн эмч Л.Пүрэвцэдэн:

-Сонгинохайрхан дүүргийг анх Октябрийн район гэж нэрлэдэг байхад тэр үеийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 1979 онд Тээвэрчдийн эмнэлгийг байгуулсан түүхтэй. Манай амбулаториар 13 хорооны нийт 100 гаруй мянган хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Барилгын хувьд хоёр давхар, 60 гаруй жилийн насжилттай. Бидний хувьд олон жил энэ байрандаа өөрсдийн боломжоороо засч тордоод, ажиллаж байна. Барилгын хувьд ханан цуурч, засвар авахад хүндрэлтэй болсон.

Сүүлд 2018 онд төслөөр 50 сая төгрөгийн дотор засал хийлгэсэн тулдаа арай дээр байгаа. Иргэдийн зүгээс шүд, мэдрэл гэх мэт эмч нарын ачаалал ихтэй байна гэж гомдол хэлдэг.

Би өдөрт 32 хүн үзэх ёстой ч 40-50 хүн үзэж байна. Энэ ачааллыг тэнцүүлж, эмч мэргэжилтнээ нэмье гэхээр байрны багтаамж байхгүй. Хоёрдугаар амбулаторийн шинэ байрыг өмнө нь Толгойтын нэгдүгээр хороонд барина гэж яригдаж байсан. Гэхдээ албан ёсоор ажил болж, улсын төсөвт суулгаагүй. Одоо дүүргийн 20 дугаар хороонд шинэ байр барина гэж сонсогдож байгаа” гэв.

Шүдний эмч Т.Наранжаргал “Миний хувьд энэ эмнэлэгтээ 30 орчим жил ажиллаж байна. Байрны асуудал хүндхэн байна. Зуны улиралд дээврээсээ байнга ус гоожино. Хэрэндээ засч тордоно. Шинэ байрны асуудал ярьдаг ч шийдэгдсэн юм байхгүй. Шинэ эмч нэмж авъя гэсэн ч өрөө тасалгаа байхгүй” хэмээн ярилаа.

Харин Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу амбулаторийн хувьд 11 хорооны 110 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс гадна нийслэлийн есөн дүүргээс ахмад настан хүлээн авдаг орчин үеийн жишиг эмнэлэг. Тасаг дотроо нойл, дүштэй. Эмнэлгийн шинэ байр ашиглалтад ороод хоёр жил өнгөрчээ. Хэвтэн эмчлүүлэгчид ч сэтгэл ханамжтай, тохь тухтай эмнэлэг гээд ам сайтай угтав.

Тус амбулатори нь нарийн мэргэжлийн бүх тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд бүх орц гарц нь хөгжлийн бэрхшээлтэй хүний налуу замтай. Дүүргийн хэмжээнд Эрүүл мэндийн дэмжих төвтэй цор ганц эмнэлэг. Мөн эмнэлгийн таван давхарт хүүхэд хөхүүлэх, хуурайлах хэсэгтэй. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, дүүргийн хэмжээнд PCR оношилгооны лаборатори, сүрьеэгийн диспансерын байртай.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу амбулаторийн эрхлэгч Э.Алтнаа

-Сонгинохайрхан дүүргийн баруун хойд бүсэд үйл ажиллагаа явуулдаг 11 хорооны 110 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийслэлийн есөн дүүргээс ахмадын 70 ортой эмнэлэгтэй. Шинэ байр ашиглалтад ороод хоёр жил зургаан сар болж байгаа. Нарийн мэргэжлийн бүх тусламж үйлчилгээг үзүүлж, өдөрт 1000-1500 хүнд үйлчилдэг” талаар танилцууллаа.

Ахмад настан Л.Соль “Би ахмадын эмнэлэгт хэвтээд тав хонож байна. Энэ эмнэлэг дулаан, тохь тухтай юм. Эмчилгээ маш сайтай. Улаанбаатарын хэмжээнд ахмадуудыг хүлээн авч эмчилгээ хийдэг. Эмчилгээ хийлгэхийн хажуугаар гүйлтийн зам, гимнастикийн өрөөнд дасгал хөдөлгөөн хийж байна. Сэтгэл ханамж 100 хувь байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хотын захын дөрвөн хороонд байгаа эмнэлэг, сургуулийн дүр зургийг харьцуулахад ийм байна. Стандарт та бидний амьдралд, боловсролд, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг сурвалжлагаараа хүргэхийг зорилоо. Цаасан дээр бичигдсэн стандартыг амьдралд хэрэгжүүлэхийг холбогдох албаныхан анхаарах нь чухал байна.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбилгүүн

Дизайнер: Д.Бат-Аюуш

Эвлүүлэгч: Д.Ууганбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-03-31 90.188.247.109

2 өөр стандарт ч гэх шиг. Эхнээс нь шинэчлээд сайжруулаад л явж л байгаа бишүү? Одоо барьж л байгаа юм бишүү? Бичих юмаа олж ядах юмаа. Үүний оронд яагаад барина гэж мөнгө авчихаад хугацаанд нь оруулахгүй байгаа талаар бичээч. Үнэхээр үнэ өртөг нь бодитой өссөн үү гэдгийг судлах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсээс нь асууж сураглаад явахад гарна даа. Худлаа ковидоор далимдуулж ажлаа хийхгүй улсын ажил цалгардуулдаг тал бий

Avatar

Нэргүй 2023-03-31 59.153.86.198

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р 10 жилийн барилга 1954 онд чулуун суурьтай модон хана таацтай баригдсан барилга нурахад тун ойрхон болоод бна!!!! 2018 МХГазрын дүгнэлт гарч ашиглахыг хориглосон ч хүүхдүүд тус барилгадаа хичээлээ хийсээр байгаа нь осолтой бөгөөд нэг өдөр эмгэнэлт явдал гарахыг хэн ч таашгүй тул холбогдох газрууд нь анхааралдаа аваачээ

Avatar

Нэргүй 2023-03-31 90.188.54.82

Сэтгэлгүй, хулгайчуудаар төр засгаа удирдуулсаны гай.

Avatar

Нэргүй 2023-03-31 203.98.77.101

ЭМЯ, ЭМ-ийн сайд гэж урагшгүй "ухна үхсэн" салбар байна даа. Одоо энэ эмнэлгийн барилгуудаа стандарттай болгох хэрэгтэй. Ирээдүйд шинээр баригдах эмнэлэг бүрийг олон улсын стандартад нийцсэн, Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлыг нь тооцоолсон төлөвлөлттэй болгох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж