ҮХНӨ: Ийм учраас л гишүүдийн тоог нэмэх ёстой?!

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

ҮХНӨ: Ийм учраас л гишүүдийн тоог нэмэх ёстой?!

ҮХНӨ: Ийм учраас л гишүүдийн тоог нэмэх ёстой?!

Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ өчигдөр /2023.03.30/ хаалттай горимоор хэлэлцэж, хоёрыг нь явуулах, нэгийг нь авч үлдэх шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл, олонхын дэмжлэгтэйгээр Н.Наранбаатарыг бүрэн эрхтэй нь үлдээж, олонхын саналын дагуу Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж авлаа.

Өнгөрөгч долоо хоногт нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Тиймээс энэ удаагийн парламент 73-уулаа болж “авлигын эсрэг реформ хийх”-ээр болж байна. Гэхдээ тэд “гар цэвэр, нэр цэвэр” хүмүүс биш. Гурван гишүүнийг авлигын хэрэгт холбож, чөлөөллөө гээд хууль тогтоох байгууллагын хулгай луйвар эцэслэгдээгүй. Цаана нь, Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлын зарлан дуудах авсан дөрвөн гишүүн /Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин/, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүн /А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд/  үлдсэн. Тэдний асуудал хэзээ ч орж ирж болно. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн араас “шар шувтлах” үгүй хөндөнгдөж магадгүй, асуудал хэв, хэвээрээ үлдсэн гэсэн үг.

Хаалттай хуралдсан УИХ-ын чуулганд 75 гишүүнээс 66 нь оролцсон байна. Тэдний дийлэнх нь Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн бол ганц, Д.Бат-Эрдэнийн хувьд ганц хоёр хүний саналаар парламентаас явахад хүрсэн байна. Бүр чуулганы танхимд МАН-ын дарга нь, УИХ дарга, бүлгийн даргатайгаа гишүүдээ “манаж” байгаад арай гэж “Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх кноп даруулсан бололтой, хаалттай хаалганы цаана хуралдсан чуулганы нээлттэй мэдээллээс сонсоход.

1.

УИХ-ын гишүүд өнгө, мөнгөний өмнө өвдөг сөхөрсөн тохиолдол нэгээр тогтохгүй бий. Өмнө нь 2017 онд, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах Т.Аюурсайханы бланк дээр гарын үсгээ зурсан гишүүдийн кноп нэг тэрбум төгрөг хүрсэн. Тэр мөнгийг ЖДҮХС-гийн зээлээс гаргасан гэх шүүмжлэл дагалдаж, баримт дэлгэгдэж байв. Харин 2018 онд  нэр бүхий 27 гишүүний үндэслэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэх үед эсрэг кноп дарсныхаа хариуд С.Жавхлан дөрвөн тэрбумыг авсан  гэх хардлага улс төрийн хүрээний хоол, ховны хачир болж байсан юм.  Энэ удаад ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мөнгө хүчтэй юу, Л.Оюун-Эрдэнийн албан тушаал хүчтэй юу гэх зодоон УИХ-ын чуулганы танхимд “өрнөсөн” бололтой.

Д.Бат-Эрдэнэ ангийнхандаа мөнгө тараасан үгүй нь мэдээж нотлогдохгүй, батлагдахгүй. Гэхдээ гишүүд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихийн эсрэг байсан, Н.Наранбаатарыг авч үлдсэн хамгийн гол шалтгаан нь өөрсдөө энэ зовлонг дайрч мэднэ гэж айсных байх. Үнэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй улстөрч УИХ-д ховор. Захын санг ухах төдийд нэрс нь дурайтал гараад ирнэ.

Иймээс л жижиг улсын парламентын гишүүд нь цөөн байх тусмаа гаднын нөлөөнд автах нь хялбар.  Нөгөөтэйгүүр парламентын хараат бус байдалд хэн нэгэн нөлөөлөх магадлал өндөр. Парламентын 76 гишүүний 38-ыг нь худалдаад авчихсан байхад л “хүссэн дуугаа захиалж” болох эрсдэлтэй.  Захиалгын хууль баталлаа, лоббид өртлөө гэж хардах шалтгаантай бас шалтагтай байна гэсэн үг.

2.

Авлига, албан тушаалын хэрэгтэй нэр холбогдсон гурван гишүүний нэгийг нь авч үлдээд, хоёрыг нь явуулснаар УИХ авлигатай тэмцэж байна гэсэн үг биш. Харин ч энэ үйдлээрээ тэд авлигыг "дэмжиж" байгаагаа харууллаа. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгана гэдэг нь тэр хүнийг гэм буруутайг тогтоолоо гэж ойлгож болохгүй.  Бүрэн эрх нь түдгэлзсэн  хугацаандаа хууль шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод нэрээ цэвэрлэж, УИХ-д буцаж ирэх нь нээлттэй гэсэн үг.  Иргэд нь ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахыг гэм бурууг нь шүүн хэлэлцэж байна гэж  эндүүрэх нь бий.

Өнөөгийн парламентын нийт гишүүдийнх нь бараг 20 хувь нь авлига, хулгайтай холбогдсон. Бүгдийнх нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гэхээр парламент нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хугацаанаасаа өмнө тарахдаа тулна. Тиймээс парламентын тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй гэж УИХ-ын гишүүд болгоомжлох болсон.

Харин гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд хоёр байтугай хорин гишүүнтэйгээ ёс зүйн хариуцлага тооцоход асуудалгүй.

3.

Гишүүдийн тоог нэмснээр авлигач, хулгайчдын тоо өснө гэж олон нийт шүүмжилдэг, эсэргүүцдэг. Харин ч параментын гишүүдийн тоог нэмснээр авлига буурна, хулгай багасна. Ядаж л УИХ-ын танхимаас хулгайлах нь  багасна гэсэн үг .  Хуульч, дипломатич П.Баяр нийтлэлдээ  “…Нэг гишүүний нөлөө, эрх мэдэл буурч авлига, эрх мэдэлтний хулгай хумигдана. Нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж, хууль тогтоох байгууллагын бүтээмж нэмэгдэж, бодлого, хууль тогтоомжийн чанар сайжирснаар амьдралд ойр байж хэрэгжих боломжтой болно. Хууль тогтоомж нийгмийн харилцааг оновчтой зохицуулснаар амьдралын чанарт мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэг. Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны шинэчлэл хийгдсэн, гэмт хэргийн тоо буурсан, хувийн хэвшил дэх төрийн оролцоо буурсан гэх мэт эерэг үр дүн гарсан жишээ олон бий”-гэж.

2016, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас бор халзан хонь дэвшсэн ч гарч ирэхээр байсан. Өнөөдрийн улс төрийн сценарийг харахад МАН засгийн эрхээс тийм ч амар буучихгүй нь бололтой.

Хэдийгээр АН даргатай болсон ч хэрүүл зарга нь дуусаагүй л байна. Бүртгэл нь Л.Гантөмөр дээр, гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэ. Монголын шүүх МАН-ын захиалгаар АН-аар жинхэнэ янаглан тоглож байна.

Иймээс парламентад сөрөг хүчний, бусад намуудын оролцоог хангахын тулд гишүүдийн тоог нэмэх нь нийгэм, эдийн засагт хэрэгтэй. Гээд ҮХНӨ ард иргэдээс, АН, МАН-аас хамаарахгүй. ҮАБЗ-ийн гурав санал нэгдэж чадвал ҮХНӨ явна. Үгүй бол 76-гаа холимогоор сонгох хувилбараар явах болов уу, Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс уншиж, сонсоход.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж