Хурим бол хүний амьдралын хэзээ ч мартагдашгүй мөчүүдийн нэг. Урин дулаан улиралтай зэрэгцэн хуримлах хосын тоо эрс нэмэгддэг. Хурим болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр сэтгэлийн хөөрөлд автсан хүмүүс алдаа гаргаж, хөгжилтэй хэрэг тарих нь ч бий. Тиймээс ирж буй энэ цаг үед салбартаа туршлагаараа тэргүүлсэн “Эм Си Пи” ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Б.Энхсайхантай ярилцлаа. Хурим найр, баяр ёслолын заалны чимэглэл хийдэг тус компанийн мэргэжлийн хамт олон үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэж, чанартай үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог. Ингээд салбартаа олон жил жил ажиллаж, туршлага хуримтлуулсан зөвлөхийн ярианд анхаарлаа хандуулъя.
-Сүүлийн жилүүдэд хурим найр, баяр ёслолын заалны чимэглэл хийдэг компани олон болсон. Та компаниа товч танилцуулаач. Компаниа хэрхэн үүсгэн байгуулсан тухай ярихгүй юу?
-Манай “Эм Си Пи” компани эвентын цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүсгэн байгуулагдаад 20-иод жил болж байна. Хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаа маань өргөжсөн гэж хэлж болно. Бид анх зөвхөн шинэ жилийн чимэглэл хийж байсан бол “Кемпинский” зочид буудлын хүсэлтээр хуримын чимэглэл хийж эхэлсэн. Хуримаа хийлгэсэн хосуудын байгууллагын ой, тэмдэглэлт үйл явдал, хүүхдийн төрсөн өдөр нь тохиох бүрд эргэн ханддаг.
Туршлага нэмэгдэх тусам ажиллагаа маань өргөжсөөр л байна. Бид өнгөрсөн хугацаанд борлуулалтаа өсгөхийн тулд маркетинг сурталчилгаа хийж байсангүй. Хүмүүст хийсэн ажлаараа танигдаж, дараа дараагийн ажлуудын захиалгууд ирсээр байдаг.
-Нэг үгээр хэлбэл үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн баталгаа дээр суурилж, бизнесээ өргөжүүлжээ?
-Тийм ээ. Манай компанийн уриа бол захиалагчийнхаа сэтгэл ханамжийг чухалчилж ажиллах. Жилдээ давтамжтай хэдэн баяр ёслол болдог. Нэг баяраараа холбогдсон хүмүүс бусад бүх баяраа бидэнтэй хуваалцдаг гэсэн үг.Баярын ширээнээ цэцэг тавихаас эхэлнэ. Бид амьд болон хиймэл цэцгэн чимэглэл , заалны томоохон тохижилт чимэглэл хийхээс гадна арга хэмжээнд шаардлагатай зүйлсийн түрээсийн цогц үйлчилгээ үзүүлдэг.
-Хосууд хурим найрын зардлаа хэмнэж, өөрсдөө бүхнийг гардан хийх хүсэлтэй хүмүүс байдаг. Хосууд анх удаа хуримлаж байгаа учраас алдаа гарна. Тэр болгоноо тооцоололгүйгээр үргүй зардал гаргах нь ч бий. Хуримын цогц үйлчилгээг авснаар ямар хэмнэлтийг хийдэг бол?
-Бидний хувьд алдаанаасаа суралцаж, олон жилийн туршлага хуримтлуулсан компани. Тийм учраас алдаа гарах магадлал нь харьцангуй багассан гэсэн үг. Хувь хүмүүс өөрсдөө хуримын арга хэмжээгээ зохион байгуулахаар мэдээлэл туршлага дутмаг, мэдэхгүйгээсээ болж үргүй зардал гаргах тал бий. Наад зах нь 200 хүнтэй хурим байлаа гэхэд хүмүүс яг тэр тоогоороо урилга хийлгэчихдэг. Гэтэл бид зочид, урилганы тоог тусдаа гаргадаг.
Ойролцоогоор 200 хүнтэй хуримд 100-120 урилга хэвлэдэг. Тэр 80 ширхэг илүү урилгын мөнгө үргүй зардал болох жишээтэй.
Хуримлагч хосууд үсээ засуулах, нүүрээ будуулах, 2-3 ээлжийн солих хувцас гэх мэт хувийн бэлтгэл ихтэй байдаг. Гэтэл чухал өдрөө өөртөө анхаарахаас гадна зочид руу ярих, хуримын бялууны захиалга, хамтлаг дуучид зэрэг ачааллыг өөрсдөө үүрчихээр тэнд олон алдаа гардаг. Хосууд олон асуудалд санаа зовохгүйгээр тэр өдрөө хайртай дотнын хүмүүстэйгээ хамт аз жаргалтайгаар өнгөрүүлэхэд анхаарах нь чухал.
Тийм учраас туршлагатай мэргэжлийн баг хамт олонд энэ асуудлаа даатгавал илүү амар болдог.
-Хүмүүс хуримын ёслол гэхээр тэр чигээрээ зардал гэж харах нь бий. Тэр утгаараа эвент зохион байгуулах компани өндөр өртөгтэй үйлчилгээ үзүүлдэг гэж ойлгодог?
-Бидэнд төлбөр төлнө гэдгийг зардал гарна гэж ойлгодог. Бид өөрсдөө зохион байгуулалтаа хийвэл мөнгө хэмнэж чадна гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Амьдралд ганц тохиох хуримын ёслолоо найз нөхөд, хамаатан садандаа даалгачихъя гэдэг. Хосуудын хуримын баярыг тэдгээр хүмүүс ялгаагүй л хуваалцахаар ирсэн учраас бас баярлах ёстой. Цугласан хүмүүс дотор удаан уулзаагүй хүнтэйгээ ярилцахыг хүснэ.
Яриандаа болоод хуримын үүрэг хариуцлагаа мартаж, тэр баярын өдөр сэтгэлээр унаж, стрессдэнэ. Тэгэхээр бидэнд хандах нь цаг хугацаа эдийн засаг, сэтгэл зүйн хувьд ч ашигтай.
-Хуримын арга хэмжээг хэсэгчилж зохион байгуулдаг уу?
-Болно. Хуримын арга хэмжээг цогцоор нь болон хэсэгчилж хариуцан ажилладаг. Хуримын зохион байгуулалт гэхээр тайзны хөтөлбөр л гэж ойлгох нь бий. Зарим компаниуд тайзны хөтөлбөр гаргаж, тэр хэсгээ л зохион байгуулдаг. Хамгийн гол ажил нь урилгаар ирсэн зочдын ая тухтай байдлыг голлон анхаарч ажиллана , хосуудын болон хөтөлбөрийн найруулга зохион байгуулалт бас алдагдаж болохгүй.
-Хуримын гоёл чимэглэлийн трэнд өнгө гэж бий. Энэ жилийн трэнд өнгө ямар байх бол?
Хуримын голлох өнгө нь цагаан. Энэ өнгө дангаараа хүйтэн, уйтгартай харагддаг учраас нэмэлт өнгө өгдөг. Өнгийг сонгохдоо тухайн орчиндоо зохицох талаас нь хосуудтай ярилцаж шийддэг.Хуримд бол улбар шар өнгөний хамгийн бага тонн буюу тоорын өнгийг санал болгох дуртай. Улбар шар өнгө бол гал өнгө учир гал голомтоо бадрааж буй хосуудад өнгөний бэлгэдэлтэй. Мөн саарал цэнхэр өнгө шинээр трэнд болж буй.
Өнгөрсөн жил цөөн хуримд энэ өнгийг ашигласан учраас энэ жилийн трэнд болох болов уу. Энэ жил хуримаа хийх хосууд өнгөрсөн жилийн зураг, загварыг харж сонголтоо хийх нь элбэг байдаг. Бид энэ жилийн өнгө загвараа дөрөвдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд "Зайсан Хилл" эвент танхимд болох хуримын үзэсгэлэн дээрээ танилцуулна.
-Үзэсгэлэнт туулай жилд олон хос хуримлах төлөвтэй байна гэж үнэн үү?
-Монголчуудын уламжлалт тооллоор айл гэр болж, гал голомтоо бадраахад сайн гэсэн жил нь туулай жил юм билээ. Жилийнхээ бэлгэдлийн хувьд ч сайн. Мөн сүүлийн хоёр жил цар тахлын улмаас олон хос хуримаа хойшлуулсан. Тэр утгаараа энэ жил хуримлах хосын тоо онцгой их байх төлөвтэй байна. Он гараад л хосууд манай компанитай холбогдож, гэрээгээ хийж эхэлдэг.
Жил жилийн хуримын төлөв андашгүй байдаг.
-Ямар жилд харьцангуй бага хурим болдог вэ?
-Бид энэ тоог хэлэх хэцүү л дээ . Өнгөрсөн хоёр жил цар тахлаас шалтгаалаад бага байх болов уу гэж тооцоолж байсан ч бид ачаалал ихтэй ажилласан. Тэгэхээр 12 жилийн мөчлөгөөр хуримлах хосуудын тоог их бага гэж хэлэхээс илүүтэй бидний туршлага их болж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайн байгаагаас бидний ачаалал жил ирэх тусам нэмэгдсээр л байна.
-Орон орны ард түмний хуримлах ёс заншил өөр байдаг. Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд хуримыг хэрхэн хийдэг болсон бэ?
-Монголчуудын хувьд хуримын ёслолд илүү ач холбогдол өгч, нүсэр хийдэг болсон байна. Бусад орны хуримын ёслолоос Монгол хурим ёс заншил ихтэй. Европт хурим хийхдээ энэ их хамтлаг дуучид байдаггүй. Тэрийгээ дагаад үйл ажиллагаа ч багатай. Гэхдээ сүүлийн жилүүдэд залуус гадаадад их явж, үзэж харсан хэмжээгээрээ хуримаа онцлог хийхийг хичээдэг болсон байна.
Нэг үйлчлүүлэгч маань нэг хөтлөгч, амьд хөгжмийн нэг хамтлаг л авсан. Хуримын ёслол ч маш сайхан болсон. Хосуудтайгаа сайн ярилцаж, ойлгож мэдэрч байгаад яг л тэдэнд зориулсан сайхан хурим зохион байгуулж өгөхийг хичээн ажилладаг даа.
-Энэ жилийн хуримаа хийх хосуудад зориулан “ХУРИМЫН ҮЗЭСГЭЛЭН 2023” зохион байгуулж байгаа гэсэн энэ талаараа товчхон тайлбар өгөөч?
–Энэ жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа хосууддаа сонголт хийхэд нь дөхөм байлгах үүднээс хурим хийхэд шаардлагатай байдаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэгтгэсэн үзэсгэлэнг манай компани "Зайсан хилл" цогцолборын эвент танхимд зохион байгуулж байгаа. Энэ өдөр хосуудаа ирж сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг "Зайсан Хилл" цогцолбор болон манай "МСР" фэйсбүүк пэйж хуудаснаас авч бүртгүүлэн оролцох боломжтой.
Холбоотой мэдээ