УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг хэвээр үлдээж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Гурван гишүүний асуудлыг хаалттай хэлэлцэж гишүүд нууцаар санал өгсөн. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай байнгын хорооны шийдвэрийг дэмжихгүй гэдэг дээр дийлэнх гишүүд санал өгсөн. Үлдсэн хоёр гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Нийт 65 гишүүн оролцсон.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Гурван гишүүний асуудалд цаасаар санал хураасан. Н.Наранбаатарын эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй. Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ. Хууль эрх зүйн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь түдгэлзсэн хоёр гишүүн хууль хяналтын байгууллагаар шалгуулж дуусаад, эрхээ сэргээлгэх боломжтой.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ-ын 75 гишүүнээс 66 гишүүн санал хураалтанд оролцсон. Тооллогын комиссын ахлагчаар Б.Баярсайхан гишүүн ажилласан. Үүнээс гадаад томилолттой зургаан гишүүн бий. Миний хувьд МАН-ын бүлгээс гаргасан шийдвэртээ үнэнч байгаа. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь одоо ч хэвээрэй. Миний хувьд санал хураалтыг ил болгох дээр санал нэг байгаа. Иргэд нээлттэй харах ёстой. Прокурорын байгууллагаас хувь хүнтэй холбоотой хэрэг, мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас нууцаар санал хураах хүсэлт тавьдаг. Харин хэлэлцүүлгийг нь цаашдаа нууцаар явуулаад гишүүдийн санал хураалтыг ил болгочиход буруудах юмгүй. Бүрэн эрх нь түдгэлзсэн хоёр гишүүний хувьд хууль шүүхийн байгууллагаар шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын тогтоол гарч бүрэн эрх нь хэрэгжээд явна.
Холбоотой мэдээ