Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулсан гэх ор үндэслэлгүй мэдээлэл Олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхбаатараас албан ёсны тайлбар авлаа.
– Өчигдөр дүүргийн ИТХ хуралдаж, Засаг даргыг огцруулсан гэдэг мэдээллийг дүүргийн ИТХ-аас өгч байна. Энэ үнэн үү?
– Нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.2-д “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлцэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Зөвхөн Засаг даргад хариуцлага тооцох асуудлыг дээд шатны Засаг даргад нийт төлөөлөгчдийн (41) олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлдэг юм. Гэтэл өчигдөр хуралдсан хуралдаанаар 41 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болж чадахгүй.
Хоёрдугаарт, Хэлэлцэх асуудлын жагсаалтад батлагдаагүй, хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, материал тараагдаагүй асуудлыг хэлэлцсэн нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, дэгийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байгаа юм.
– Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй гэдэг нь Засаг даргыг огцоруулах тухай асуудлыг урьдчилж мэдэгдээгүй гэсэн үг үү. Хуулиараа хэд хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг вэ?
-Хэрэв Засаг даргыг огцруулах хүсэлтэй байгаа бол хуулийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж батлуулах, хуралд оруулах, хуралдаанд хэлэлцүүлэх эрх нээлттэй. Ядаж ямар үндэслэлээр огцоруулж байгаагаа хуулийн дагуу хоёр хоногийн өмнө мэдэгдэх, хуралдааны танхимд оруулах, асуултад хариу тайлбар өгөх эрхээр хангах ёстой байтал хурлын дэгийн энэхүү процесс алдагдсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болоод байна. Нөгөөтэйгүүр, хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийг 33 төлөөлөгч оролцсон гэж ирцийг зориуд засаж, худал мэдээлэл түгээж байгаа нь өөрөө Эрүүгийн хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй юм.
– Танай дүүргийн намын хороон дээр яг ийм асуудал өмнө нь давтагдаж байсан. Одоо яах вэ?
-Бүлгийн даргын хувьд энэхүү хууль бус үйлдлийг зогсоохоор төлөөлөгчдийн хамт хууль хяналтын байгууллагуудад хандаж байна. Мөн дүүргийн ИТХ-ын даргад шаардлага хүргүүлж байна.
Холбоотой мэдээ