УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна.
Эл асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүд хуулийн байгууллага дуудахаар очдоггүй, 30-40 удаа хуулийн байгууллагаас дуудсан тохиолдолд гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал яригддаг байсан. Өнгөрсөн жил УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулж ирж байсан. Тэдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй хэдий ч хууль шүүхийн байгууллагаас дуудсан цагт нь очоод мэдүүлэг өгөөд хэрэг нь шүүхээр шийдэгдэх гээд явж байна. Тиймээс УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хуулийн байгууллага мөрдөн шалгалтын үйл ажиллагаагаа явуулж, гишүүд дуудсан цагт нь очоод шүүхээр асуудлаа шийдүүлэх боломж нь бий. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэх боломж байхад сөрөг хүчнийхээ нэг гишүүнийг “сугалах” гэж байгаад харамсч байна. Монгол Улсын ардчилал 10 гаруй байраар ухарчихсан байхад сөрөг хүчнээ хэлмэгдүүлэх үйл явц явагдсанаар энэ байр улам л ухрах үзүүлэлт болно. Мөн бизнес эрхэлж, хувьцаа эзэмшсэнийхээ төлөө нүүрсний хулгайд холбохыг асуудалтай л гэж харж байна” гэв.