УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Та хэргийн материалтайгаа танилцаад гарын үсэг зурчихсан байсан юм уу?
-Хэргийн материалтай танилцаагүй.
-Прокурорын байгууллага эрх баригчидтай нийлж улс төр хийж байна гэж зарим хуульч үзэж байна. Улс төрийн нөлөө орсон гэж үзэж байна уу?
-Ер нь бол би хэрэг хийгээгүй шүү дээ. Шүүх тогтоох байлгүй дээ.
-Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирлээ. Өмнөговийнхон төрд төлөөний хүнгүй боллоо шүү дээ?
-Төрд төлөөлөх хүнгүй л болчих гээд байна л даа. Өмнөговь аймаг бол том бүс нутаг. Шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой бүх том төслүүд манай аймагт хэрэгжинэ. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны багц хууль гэх мэт олон чухал хууль хэлэлцэнэ. Байж байвал таван үг хэлмээр байна.
-Прокуророос таны 16 обьектыг битүүмжилсэн гэсэн. Таныг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн тохиолдолд хичнээн обьектод нэгжлэх хийх талаараа хэлсэн үү?
-Тийм асуудал байхгүй. Прокурор андуурсан байх. Надад битүүмжлүүлээд байх обьект байхгүй.
-Таныг төрсөн дүүгийнхээ компанийн тээврийн хэрэгслийг тээврийн дараалал зөрчүүлж оруулж ирсэн гэж буруутгаж байгаа. Үүнд тайлбар өгөөч?
-Манай төрсөн дүү бизнес хийдэг. Хоёр машин ном журмаар нь оруулж ирсэн. БНХАУ-ын гаалийг аргалж, дараалал зөрчүүлж оруулж ирнэ гэсэн зүйл байхгүй. Тээвэр зуучийн компаниариа оруулж ирсэн. Одоог хүртэлт тээвэрт яваагүй зээлээ авсан түүнийгээ төлөөд явж байгаа.
-Таныг дүүгийнхээ компанид 60 сая төгрөгийн тендер авч өгсөн гэж буруутгаж байна лээ?
-Намайг Өмнөговь аймгийн Засаг даргаар 2017 онд ажиллаж байхад 70 сая төгрөгийн тендер зарлахад 60 саяар орсон. Өөр өрсөлдөгч байгаагүй учраас авчихсан юм билээ. Миний хувьд Засаг даргаар ажиллаж байсан учраас захирамж гаргах үүрэгтэй. Засаг даргын Тамгын газраас шалгаруулаад оруулж ирсэн. Миний хувьд АТГ-т ашиг сонирхлын эсрэг мэдүүлгээ зураад өгсөн. Ер нь бол Засаг дарга хийж байсан хүнээс энэ мэт жижиг сажиг юм олдох л юм билээ. Үүнд ашиг хонжоо хайгаад байсан зүйл байхгүй л дээ.
-Таныг үл хөдлөх хөрөнгийн үндэслэл нь тогтоогдохгүй байгаа гэх мэдээлэл бий. Та зарим хэвлэл мэдээллийн байгууллагад тайлбар өгөхдөө “УИХ-ын Тамгын газраас хөдөө орон нутгаас ирсэн гишүүдэд орон сууцны дэмжлэг үзүүлсэн” гэж мэдэгдсэн байсан. Хэдэн хувийн дэмжлэг олгосон юм бол?
-Маршал таунд орон сууцны асуудал бий. Хэвлэлээр мөрдөн байцаалтын мэдээллүүд гараад ил болчих юм. Уг нь би ярихгүй л байгаа л даа. УИХ-ын гишүүн болоод Маршал таунд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа зараад дээрээс нь УИХ-аас хөдөөгийн гишүүдэд өгсөн дэмжлэгийг нийлүүлээд, үлдсэнийг нь Хаан банкнаас, үлдэгдлийг нь ах дүү хамаатан саднаасаа аваад төлсөн юм. Нэг байртай болсон чинь үндэслэлгүй хөрөнгөжсөн болчих юм.
-Хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бэ?
-50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зарсан. Хамж шимээд дөрвөн өрөө байр авсан. Тэгээд л үндэслэлгүй хөрөнгөжсөн болоод явчихлаа. Эдгээр тайлбар, баримт нотолгоогоо гаргаж өгсөн. Шүүх нь зөвөөр шийдэх байх. Бусаар би овойж оцойсон хөрөнгөтэй хүн биш. Төрийн ажил хийгээд л явж байсан.