Нийслэл бужигнан, Засаг дарга нараа огцруулах ажиллагаа эхэллээ. Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр болж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргасан бол нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах шаардлага тавиад байна.
Засаг дарга Н.Баярмөнх нь ажилдаа ирдэггүй, 2.5 жилийн хугацаанд дүүргийг удирдахдаа хангалтгүй ажилласан гэдэг үндэслэлийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлж буй. Одоогоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хараахан Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах асуудлыг хэлэлцээгүй байна.
Харин нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн огцруулсан тул энэ асуудал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт очно. Тодруулбал, Улаанбаатар хотын Засаг дарга энэ асуудлыг хүлээн авбал Баянгол дүүргийн Засаг даргыг шинээр сонгох асуудал хөндөгдөнө. Хэрвээ асуудлыг хүлээн авахгүй бол Ө.Сумъяабаатар дүүргийн Засаг даргын албаа үргэлжлүүлэн хаших юм.
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд Ө.Сумъяабаатарыг өмнө нь мөн огцруулж байсан ч Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабаатар шийдвэрийг хүлээн аваагүй тул удалгүй эргэн албаа хашиж эхэлсэн билээ.
Г.ХОРОЛ