УИХ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

LiveУИХ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

16 : 42
2023-3-30

"Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог хангах өргөн утгаар харсан нь зөв"

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн) анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уншиж танилцууллаа. Анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэх саналын томъёоллоор санал хурааж, дэгийн дагуу хуулийн төслүүдийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд буцаав. 

Үргэлжлүүлэн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, хуулийн төслийн талаарх УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын М.Оюунчимэг тус тус уншиж танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх санаачлага гаргаад, хуулийн төсөл оруулж ирж байгааг сайшааж байна. Би арай өөр талаас нь, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог хангах гэсэн өргөн утгаар нь харсан нь зөв болов уу гэж саналаа хэлсэн. Энэ талаас ажлын хэсэг юу гэж үзсэн бэ? Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, аж ахуй эрхлэлттэй холбоотой олон асуудал бий. Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь албан секторт хөдөлмөр эрхэлдэг. Энэ хууль батлагдсанаар албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ? Тэдгээрт ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хоёрдугаарт, энэ хуулинд эмэгтэйчүүдийн үнэлэгдээгүй хөдөлмөрийг яаж үнэлэх тухай асуудал яригдахгүй байна. 

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ: 

-Хуулийн төслийг өргөн харъя гэдэг саналыг хэлж байсан. Хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл ажлын хэсгийн түвшинд асуудлыг харъя. Хууль боловсруулахдаа энэ асуудлыг бодоогүй биш бодсон, санаагүй биш санасан. Гол нь таны хэлээд байгаа албан бус сектор буюу хувиараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдээ хоршоолол болгож, бизнесээ өргөжүүлэх, нөгөө талаас албан бус бизнесийг албан болгож, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих төрийн бодлогод оруулахыг зорьж байна.  

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Хуулийн төслийн дэмжиж байна. Монгол Улсад аж ахуйн нэгж эрхэлж буй хэчнээн эмэгтэй байдаг тухай судалгаа, тоо баримт байдаг уу?  Миний хувьд эмзэглэж явдаг асуудал, 2005 онд даавуун болон сүлжмэл эдлэлийн гааль, НӨАТ-ыг чөлөөлж байсан. Тэр үед оёдолчдын тоо 30, 40 мянга давсан. Эргээд гааль, НӨАТ-тай болсон, оёдолчдын тоо 3800 хүртэл буурсан. НӨАТ-аас чөлөөлөх ёстой юм байна, 30 мянган оёдолчинтой болоод гадаадын оёод байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо оёх бололцоо боломж байна гэж бодож байна. Энэ дээр юу гэж бодож байна вэ? Сая манай байнгын хороонд оёдлын холбоод хоёр ч томоохон албан бичиг өгсөн байна лээ. Ерөөсөө гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж өгөөч ээ, ингэвэл дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар байна. Бүх төрлийн хувцас дотооддоо оёод гадагшаа гаргах бололцоо байна гэж. Ялангуяа Япон, Солонгос зэрэг улс "Бид Хятадаас хамааралгүй болмоор байна" гэж санал тавьсан байна. Энэ талаар ямар бодолтой явна вэ? 

-Ажлын хэсгийн гишүүн: 

-Монгол Улсын хэмжээнд нийт 147 мянган аж ахуйн нэгжийн зөвхөн захирлынх нь тоогоор авч үзвэл 37 хувь нь эмэгтэй байна. Гэвч энэ нь эзэмшигч, өмчлөгч нь биш. Бид энэ хуулийн төслийг хүйсээр ангилсан өгөгдөл гэдгийг Монгол Улсын түвшинд бий болгохыг зорьж байгаа юм. Мөн тогтвортой хөгжлийн зорилгоо Монгол Улс тайлагнаж байж үүрэг НҮБ-ын өмнө хүлээсэн байдаг. Нэгд, бид өгөгдөлтэй болъё. Үүний тулд хамрах хүрээгээ ойлгох ёстой. Хэдэн хувийг өмчилж байвал эмэгтэй бизнес эрхлэгч гэж тодорхойлох вэ гэдэг ойлголт нь бидний хамрах хүрээг тодруулаад өгчихнө гэж ойлгож байгаа юм. Гааль, НӨАТ-ын тухайд та бүхэнд ямар боломж байдаг вэ? Бидний хувьд энэ талаар хуулийн төсөлдөө оруулахыг маш таатай хүлээн авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН: 

-Хуулийн төслийг дэмжиж байна. Ийм хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн гишүүддээ баярлалаа. Хөдөө орон нутагт хамтарч хоршоо байгуулан ажиллаж буй эмэгтэйчүүд олон байна. Ялангуяа манай аймагт. Гэхдээ нэг л явж өгдөггүй амьдралын бэрхшээл олон байна. Застав дээр эмэгтэйчүүд нэг хоёроороо нийлж, жимс ногоо тарьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч зах зээл дээр борлуулж чаддаггүй. Үйлдвэрлэлээ өргөжүүлье гэхээр барьцаа, эргэлтийн хөрөнгө байхгүй. Үндсэндээ орхигдсон, бүсгүйчүүдийн минь төлөөлөл тэнд байгаа шүү. Хилчин эмэгтэйчүүдийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгайлан оруулж, төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх зүйл заалтыг оруулж өгөөч гэж хууль санаачлагчдаас хүсч байна. Энэ бол цорын ганц онцлогтой нэгж шүү. Өөр хаана ч ийм онцлог байхгүй. 

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ: 

-Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой асуудал анхаарал тавьж, ач холбогдол өгч буй гишүүддээ үнэхээр талархаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлаар үнэхээр манлайлж байгаа. Анх хуулийн төсөл өргөн барихаас эхлээд дэлхий нийтийн жишгийн  талаар санаа өгч, хуулийн төсөлд санаа оноогоо оруулсан юм. Парламентын тэргүүн дэмжиж байна гэдэг Монгол төрийн хамгийн том дэмжлэг гэж бодож байна.

Хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжээд, хэлэлцэгдэн батлагдвал энд том, жижиг бизнес эрхлэгч гэх ямар нэгэн ялгаа байхгүй бүх эмэгтэйчүүд хамрагдана. Тухайлбал, таны хэлээд байгаа гэрийнхээ хүрээнд ногоо тарьж, жимсний чанамал хийгээд, яаж борлуулахаа мэдэхгүй, зах зээлээ олохгүй байгаа эмэгтэйчүүдээ хоршоолох, улмаар компани байгуулах боломжийг нь нээх гэж л энэ хуулийн төслийг санаачилсан юм. 

Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 27 гишүүн дэмжиж, 67.5 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

16 : 20
2023-3-30

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээв

Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонхи хүлээн авсан бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлджээ. 

Ингэснээр УИХ 73 гишүүнтэй ажиллах болж байна. УИХ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний хэрэгт нэр холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан юм. 

 

15 : 43
2023-3-30

УИХ: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хурааж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураах ажиллагаа эхэлжээ. Саналыг нууцаар авч буй юм. Ингэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан саналын дагуу саналыг цаасаар авч буй аж. 

Тус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн оролцож байна. 

Сануулахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн ч завсарлагагүйгээр, хаалттай горимоор үргэлжилж байна. 

13 : 23
2023-3-30

УИХ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 65 гишүүнтэй хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ цаг мөчид хаалттай горимоор үргэлжилж, нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэж байна. 

Хаалттай хуралдаанд 65 гишүүн оролцож буй аж. Энэ асуудлыг хэлэлцэн, санал хураахад ирц өндөр байх шаардлагатай. УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан ч прокуророос ирүүлсэн бичиг нь нууцын зэрэглэлтэй байгаагаас хаалттай горимоор хийх шаардлага үүссэн юм. 

10 : 34
2023-3-30

"Нууцын зэрэг"-тэй тул хаалттай хэлэлцэнэ гэв

Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэхээр товлоод буй юм. Гишүүдээс асуудлыг нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа "нууцын зэрэглэлтэй" ирүүлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо бий эсэхийг тодрууллаа. 

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12-ын 2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын 22-ын 2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хэлэлцэнэ гэж хуульчилсан. Хэлэлцэх асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу "нууцын зэрэг"-тэй орж ирсэн" гэлээ.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.  

10 : 02
2023-3-30

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.15 цаг эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүхийн нэр хүнд унасныг онцлон тэмдэглээд, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргав.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээс гэм буруутай нь эцэслэгдэн тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутайд тооцох ёсгүй гэж заасан. Гэтэл өнөөдөр УИХ дээр зарладаг, хэд хоноод нэр нь солигдож орж ирдэг муу жишиг тогтоод байна. Хуулийн байгууллагын нэр хүнд уначихлаа гэж дүгнэж байна" гэж хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн 49.2-т шүүн таслах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг сануулав. Тэрбээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх эсэхэд тамгын газраас хариу өгөхийг хэллээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийг соёрхон батлах тухай саналын томъёоллоор санал хурааж, 41 гишүүн дэмжиж, эцэслэн баталлаа. 

Үргэлжлүүлэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл (Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023.01.30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан)-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны төслийн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцуулав. Гишүүдийн саналаар хуулийн төслүүдийг хүчингүйд тооцлоо. 

08 : 46
2023-3-30

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.03.30/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. 

Мөн УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод шөнө дөл болтол хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж